Түгжрэлийн” сайд Б.Дэлгэрсайхан өчигдөр “Давхар дээл”-нийхээ хариуцсан асуудлаар анх удаа сэтгүүлчдэд мэдээлэл өгч, иргэдээс хангалтгүй дүн авлаа.
Тэрбээр өмнөх сайдынхаа гардан хариуцаж, төсвийг нь ерөнхийлөн захирч байсан “Нийтийн тээврийн парк шинэчлэх төсөл”-ийн явцын талаар муухан хариулсан төдийгүй 2024 оны Төсвийн төсөлд өөрийнх нь багцад хэчнээн төгрөг хуваарилагдсаныг огт мэдэхгүй байсан юм.
Эхнийх нь яах вэ, бэлтгэлгүй байжээ гэхэд, сүүлийнх нь бол арай л дэндүү гэмээр хариуцлагагүй байдал мөн.
“Яамгүй” тодотголтой Б.Дэлгэрсайхан байтугай төсвийн ихэнхийг зохицуулдаг ХНХЯ, БШУЯ, ЭМЯ-ны сайд нар төсвөө нэгд, нэгэнгүй мэдэж, тэтгэврийн хэмжээг 100.000 төгрөгөөр нэмэгдүүлэх эх үүсвэрийг сайд нарын багцаас хасаж бүрдүүлэх асуудлаас болоод “Чи, би”-дээ хүрч байхад Б.Дэлгэрсайхан гишүүн багцад нь хэдийг тусгасан, тэтгэврийн нэмэгдэл рүү хэдийг нь татахаар болсон /эсвэл татахгүй/ талаар өчигдөр огт мэдэхгүй байв.
Ж.Сүхбаатарыг огцорсноос хойш “Түгжрэлийн сайд” гэх албан тушаал очсон хүнийхээ улс төрийн замналыг харлуулдаг жишиг тогтлоо гэж муу амлах хүн нэг бус байсан.
Б.Дэлгэрсайханы байгаа байдлаас харахад, үнэхээр л түүний улс төрийн замнал “Түгжрэлийн сайд”-аар дуусах юм байна, УИХ-ын гишүүн байхад ч хэр тохирох юм бол доо /хандлага талаасаа/ гэсэн бодол төрснийг нуух юун.
УИХ дотор “Түгжрэлийн сайд” гэдэг албан тушаал байх шаардлагагүй гэж үздэг, түүнийгээ ил хэлдэг гишүүд бий. Магадгүй, Б.Дэлгэрсайхан гишүүний албан ажилдаа хайнга хандаж байгаа байдал яваандаа Түгжрэлийн сайд гэх албан тушаалыг цомхотгох шалтгаан ч болж мэдэх юм. Яг одоогийн байдлаар бол Б.Дэлгэрсайхан гэж сайд байгаа эсэх, Түгжрэлийн сайдын хэрэгцээ шаардлага бий эсэх нь тодорхойгүй байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна