Баянгол дүүргийн гэр хорооллын 500 өрхийг энэ онд НҮБ-ын Хүүхдийн сангийн дулаалгын стандартыг хангасан “EASY CHIP” төслийн хүрээнд хийсэн монгол гэрийн багц дулаалгаар дулаалахаар болж, эхний 150 айлтай гэрээ байгуулах ажлыг эхлүүллээ. Энэ төслийн хүрээнд Баянгол дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар дүүргийн ЗДТГ-ын холбогдох хэлтсийнхэн болон НҮБ-ын Хүүхдийн сангийн төлөөлөл, төслийг хамтран хэрэгжүүлэгч “Өнө монгол гэр” ХХК-ийнхантай хамтран эхний шатанд шалгарсан айл өрхүүдтэй уулзаж мэдээлэл өглөө.

Уулзалтын үеэр Баянгол дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар “Өнгөрсөн онд НЗДТГ, НҮБ-ын Хүүхдийн сангийн дэмжлэгтэйгээр манай дүүрэгт 872 өрхийг нийслэлийн төсвөөр дулаалсан. Энэ төсөлд манай 11, 16, 23-р хорооны өрхүүд хамрагдсан. Судалгаагаар дээрх өрхүүдийг дулаалснаар нэг өрхийн дулаан алдагдал 33,2 хувиар буурснаас гадна түлш, цахилгаан болон бусад хэрэглээнд зарцуулдаг нэг сарын төсвөөсөө 270 орчим мянган төгрөг хэмнэсэн буюу эдийн засгийн хувьд бодит хэмнэлт үзүүлсэн гэсэн судалгаа гарсан. Иймд энэ онд 9, 11, 22, 23-р хорооны 500 өрхийг сонгож, “Дулаалга" төсөлд хамруулах ажил эхэллээ. Ингэхдээ дулаалгын материалын 82 хувийг дүүргийн төвөөс үлдсэн 18 хувийг иргэд өөрсдөө гаргана” гэдгийг онцлов.

Дүүрэг орон нутгийн зүгээс “Дулаалга” төсөлд хамрагдах айл өрхийг сонгохдоо,
• Оршин суугаа газар нь газар чөлөөлөлт, дахин төлөвлөлтөд ороогүй байх,
• Тухайн хорооны үндсэн оршин суугч байх, цаашид тогтвор суурьшилтай амьдрах,
• Ам бүлийн тоо олон эсвэл ахмад настан байх зэрэг тодорхой шалгуурууд тавьсан юм.




ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна