ҮХЦ-ийн дараагийн дарга хэн бэ

Zuv.mn
2023/11/17

УИХ-ын Намын чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуулийн Цэцийн гурван гишүүний /Д.Одбаяр, Ц.Нанзаддорж, Н.Чинбат/ эрхийг цуцалж, оронд нь гурван хүнийг /О.Мөнхсайхан, Э.Энхтуяа, Л.Өлзийсайхан/ шинээр томилсон билээ. Бүрэн эрхээ цуцлуулсан гурвын нэг нь ҮХЦ-ийн дарга асан Н.Чинбат учир /Бүрэн эрхийн хугацаа нь өнгөрсөн зургадугаар сард дууссан/ одоо ҮХЦ-ийг хэн даргалах вэ гэдэг асуулт үүсээд байна.   

Үндсэн хуулийн цэц есөн гишүүнтэй. Үүний хоёрынх нь бүрэн эрхийн хугацаа дуусч, нэг нь хугацаанаасаа өмнө бүрэн эрхээсээ чөлөөлөгдсөн. Цэцийн дарга Н.Чинбатын бүрэн эрхийн хугацаа өнгөрсөн зургаадугаар сарын 9-нд дууссан бол дарга асан Д.Одбаярын бүрэн эрхийн хугацаа 2022 оны арваннэгдүгээр сарын 17-нд дууссан. Харин Цэцийн гишүүн Ц.Нанзаддорж өнгөрсөн зургаадугаар сард өөрийн хүсэлтээр бүрэн эрхээсээ чөлөөлөгдсөн.

Цэцийн есөн гишүүнийг гурвын Ерөнхийлөгч, гурвыг УИХ, гурвыг нь Улсын дээд шүүхээс нэр дэвшүүлж томилдог. Үндсэн хуулийн Цэцийн дарга Н.Чинбатыг Улсын дээд шүүх, гишүүн Д.Одбаярыг УИХ, Ц.Нанзаддоржийг Ерөнхийлөгч нэр дэвшүүлэн томилуулсан байсан бөгөөд өчигдөр Улсын дээд шүүх МУИС-ийн Үндсэн хуулийн эрх зүйн хүрээлэнгийн захирал, доктор, профессор О.Мөнхсайханыг, Ерөнхийлөгч Хууль зүй, дотоод хэргийн яамны Бодлого хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Э.Энхтуяаг, УИХ Тамгын газрынхаа ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайханыг нэр дэвшүүлж, ҮХЦ-ийн гишүүнээр сонгосон юм. 

Үндсэн хуулийн цэцийн тухай хуульд Цэцийн даргыг сонгох тухай болон даргын бүрэн эрхийг дараах байдлаар заажээ.

6 дугаар зүйл. Цэцийн дарга, түүний эрх хэмжээ

  1. Цэцийн даргаар сонгох хүний нэрийг Цэцийн гишүүд дотроосоо дэвшүүлэн хуралдаанаараа хэлэлцэж, саналыг нууцаар хурааж нийт гишүүний олонхийн санал авсан хүнийг сонгоно.
  2. Цэцийн даргад гурав буюу түүнээс дээш нэр дэвшиж, анхны санал хураалтаар хэн нь ч нийт гишүүний олонхийн санал авч чадаагүй бол хамгийн олон санал авсан хоёр хүний талаар дахин санал хурааж нийт гишүүний олонхийн санал авсан хүнийг Цэцийн даргаар сонгоно.
  3. Цэцийн даргын бүрэн эрхийн хугацаа гурван жил байх бөгөөд түүнийг нэг удаа улируулан сонгож болно.
  4. Цэцийн дарга Цэцээс үйл ажиллагаагаа явуулах нөхцөлийг хангах, гишүүдийн төлөөлөлтийн байдлыг тэнцүүлэн Цэцийн хуралдааны бүрэлдэхүүнийг томилох, гишүүдийн ажил үүргийг хуваарилж, гүйцэтгэлийн хяналт тавих, зохион байгуулалтын асуудлаар Цэцийг төлөөлөн бусад байгууллага, албан тушаалтантай харилцана.
  5. Цэцийн дарга эрх хэмжээнийхээ асуудлаар тогтоол, тушаал гаргана.
  6. Yндсэн хуулийн цэцийн орлогч даргаар Цэцийн бүрэлдэхүүнд хамгийн удаан ажилласан гишүүн, хэрэв энэ шаардлагыг хэд хэдэн гишүүн нэгэн адил хангасан байвал тэдгээрийн хамгийн ахмадыг Цэцийн дарга томилно.

Хуулийн зохицуулалтаас харвал Үндсэн хуулийн цэцийн даргад тодорхой шалгуур байхгүй тул одоо байгаа есийн хэн нь ч дарга болох боломжтой.  

Үндсэн хуулийн цэцийн одоогийн бүрэлдэхүүн 

  1. Ш.Солонго
  2. Б.Буяндэлгэр
  3. Г.Туулхүү
  4. Г.Баясгалан
  5. Ж.Эрдэнэбулган
  6. Д.Гангабаатар
  7. О.Мөнхсайхан
  8. Л.Өлзийсайхан
  9. Э.Энхтуяа.


Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 139.5.218.212
    2023/11/17

    үндсэн хууль бүр хямрах шахаж. дандаа олиггүй юмнуудыг томилсоор

    Хариулах