О.Батнайрамдал: Монголчуудад ДАРАМТ болж буй Оюутолгойн зээлийн хүүг БУУРУУЛАХ хэлэлцээр заавал үр дүнд хүрэх ёстой

Zuv.mn
4 цаг 49 минутын өмнө

Оюутолгойн Хянан шалгах түр хорооны ээлжит хурал болж өндөрлөлөө. Оюутолгойн зээлийн хүүг буууруулах, Онртэтэй хийх хэлэлцээр ямар шатандаа явааг тус хорооны дарга, УИХ-ын гишүүн О.Батнайрамдалаас тодрууллаа.

-Өнөөдрийн хурлын үр дүнгийн талаар мэдээлэл өгнө үү?

-Өнөөдрийн хурлаар яригдсан хамгийн гол зүйл бол Засгийн газар хөрөнгө оруулагч тал буюу Рио тинтотой өнгөрсөн долоо хоногт албан ёсоор хэлэлцээрт орсон.

Энэ талаар гишүүд асуулт асууж, мэдээлэл авлаа. Хамгийн гол нь бидний санаа зовж байсан асуудал болох долоон жилийн хугацаа дуусах дөхсөн. Хэрэв дуусвал хугацаа нь өнгөрсөн учир дараагийн долоон жил дээр яръя гэвэл бид хэлэх үггүй болох эрсдэл дагуулаад байсан юм.

Энэ эрсдэл протоколоор алга болсон гэж ойлголоо. Нэгдүгээр сарын 31-ний дотор асуудлаа шийдэх гэж эрмэлзэнэ. Хэрэв амжихгүй бол сунгаж хэлэлцэнэ гээд гарын үсэг зурсан хэмээн Г.Дамдинням сайд тайлбарлаж байна. Энэ нэг дэвшил мөн. Тэгэхээр цаг хугацаанд баригдаж байсан гогцоо тайлагдаж байгаад сайшаалтай хандаж байгаа.

Гэхдээ хэлэлцээр эцэстээ тохиролцоонд хүрч, Монгол Улсын эрх ашгийг хангах учирай. Тэр дундаа Монгол Улсын хүртэх өгөөжийг анх яригдаж байсан 53 хувьд хүргэх хэмжээнд хүртэл явах нь илүү өндөр ач холбогдолтой.

Хянан шалгах түр хорооны үндсэн сэдэв ч гэсэн улсынхаа эрх ашгийг хангаж, өгөөжийг нэмэгдүүлэх зорилготой. Үүний тулд зайлшгүй шаардлагатай бүх л арга хэмжээг бид авна.

Хянан шалгах түр хороо зургаан сарын хугацаатай байгуулагддаг. Бидний зорилго арванхоёрдугаар сард багтаж, сонсголоо хийж нэгдсэн тайлан гаргах үүрэгтэй. Тэгэхээр арванхоёрдугаар сарын 1-нээс сонсголыг эхлэхээр төлөвлөж байна.

-Засгийн газраас байгуулсан ажлын хэсэг Оюутолгойн зээлийн хүүг бууруулах чиглэлд хэр анхаарч ажиллаж байна гэж та харж байна вэ?

-Хэлэлцээрийн үндсэн сэдэв нь зээлийн хүү болон Онтрэгийн асуудал байгаа. Протокол дээр Онтрэгийн асуудал дурдагдаагүй. Үүнийг тодруулсан. Онтрэгийн асуудал дурдагдаагүй нь эхний ээлжинд зээлийн хүүгээ ярих нь зөв. Онтрэ дээр Рио тинтотой бус Онтрэ компанитай хэлэлцээрт орно. Энэ хэлэлцээр зэрэгцээд явж байгаа гэдгийг Г.Дамдинням сайд ч сая тайлбарлалаа. Зэрэгцэж явах нь зөв. 

Бидний хувьд цаг хугацаатай уралдаж байгаа хамгийн эхний чухал зүйл бол зээлийн хүү. Энэ асуудлын хүрээнд хоёр талаасаа зээлийн хүүг бууруулахыг дэмжиж ярилцахаар оруулсан байна.

Хянан шалгах түр хороо хэлэлцээрийн тактик руу орохгүй. Хэдэн хувь хүртэл бууруулах хэлэлцээрийн тактик бол Засгийн газрын шийдэх ёстой зүйл. Харин хянан шалгах түр хороо Монгол Улсын эрх ашгийг хангасан хэмжээнд өртөг, өгөөжийг нэмэгдүүлэх, цаашлаад 53 хувьд хүргэх зарчмыг баримтлах ёстой. Энэ хүрээнд Хянан шалгах түр хороо ажиллаж байна.

-Зээлийн хүүг бууруулах дээр цаг хугацааны гогцоог тайлсан нь давуу тал юм шиг хэрнээ хойшилж байгаа нь эрсдэл дагуулах уу. Монголчуудад 12 сарын 31-н гэхэд зээлийн хүүг бууруулж, өдөр бүр 10 тэрбум төгрөг төлдөг асуудал зогсох нь гэдэг итгэл байлаа шүү дээ. Гэтэл 2018 онд ингэж ярьж явсаар бид зээлийн хүүг бууруулж чадаагүй үлдсэн гашуун түүх бий?

-Үүн дээр Хянан шалгах хороон болон парламентийн гишүүд ч Засгийн газарт хатуу шаардлага тавина. Ард түмэн зээлийн хүүг бууруулж дарамтаас ангижрахыг хүлээж байгаа учир бид байнга нэхсээр байх болно.

 



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.126.89.211
    1 цагийн өмнө

    Амжилт хүсье.

    Хариулах
  • 66.181.176.132
    1 цагийн өмнө

    Гэрээгээ цуцал Хөөж гарга.. Юун зээл, хүү

    Хариулах