Лу.Гантөмөр: Мөс мөнх биш, хавар ирнэ

Zuv.mn
2023/12/07

Ардчилсан намын дарга Лу.Гантөмөрийн Ардчилсан нам үүсгэн байгуулагдсан ойн баярын өдөрт зориулсан мэндчилгээг бүрэн эхээр нь хүргэж байна.

МӨС МӨНХ БИШ ...
Хавар ирнэ!

Сайн байцгаана уу? Энэ танхимд цугласан эрхэм журмын нөхөд Та бүхэн болоод эх орон даяар, бас энэхэн замбуу тивийн өнцөг булан бүрт суугаа эгэл жирийн монгол хүн Таны энэ өдрийн амгаланг эрье.

Өнөөдөр өвлийн жирийн нэгэн өдөр. Гэхдээ энэ өдөр бол мартаж боломгүй нэгэн үйл явдал болсон түүхэн өдөр. Өнөөдрөөс яг 23 жилийн өмнөх энэ өдөр эрх чөлөөний үзэл, ардчиллын үнэт зүйлийг сэтгэл зүрхэндээ тээсэн улс төрийн хүчнүүд нэгдсэн юм. 23 жил... Тэр өвөл төрсөн хүүхэд одоо 23-тай, ид сайхан, идэр залуу насанд хүрчээ. Тэр үед миний үеийнхэн 30 шүргэсэн залуус байсан бол өдгөө 50 хүрсэн ах нар болцгоожээ. 23 жил... XXI зууны эхний 23 жилд Ардчилсан нам ердөө ганцхан удаа л олонх болж, сонгуулийн нэг л бүрэн эрхийн хугацаанд засгийн эрх барьсан.

Бодлогоо хэрэгжүүлэх боломж үүлэн чөлөөний нар шиг үзэгдээд өнгөрсөн гэсэн үг. Ард олны өгсөн итгэл ийм, сонгогчдын тавьсан дүн тийм байлаа. Гашуун боловч үнэн энэ. Гэхдээ Ардчилсан нам эзгүй үед ард олны амьдрал, улс орны хөгжил урагшилж дэвжив үү, уруудаж ухрав уу?

Найман жилийн өмнө бүх шатны, бүх сонгуулийн саналаа бидэнд өг гэж уриалж байсан улс төрийн хүчнийг санаж байна уу? “Хүчээ нэгтгэе” гэж байсан намыг санаж байна уу? Тийм ээ, тэд хүчээ нэгтгэсэн. Хүчээ нэгтгэснийх нь хүчинд монгол хүн хаана очив, тэгээд? “Уланд”!

Авилгачид хүчээ нэгтгэсэн. Захын түшмэлийн гэрээс бэлнээр 7 тэрбум төгрөг гардаг болсон. Тэрбум гэдэг тоо тэдэнд багадаж байна. Авилгын алдагдсан боломж эгэл жирийн хүний аманд багтахгүй их наяд төгрөг гэдэг тоогоор яригддаг болсон.

Дарангуйлагчид хүчээ нэгтгэсэн. Лоозон бариад жагссан залуусыг барьдаг болсон. Фэйсбүүкээр лайв хийхэд хорьдог болсон. Хэвлэл мэдээллийн хэрэгслийг хаадаг болсон.
Хулгайч нар хүчээ нэгтгэсэн. Нүүрс, ЖДҮ, Хөгжлийн банк, автобусны хулгай цавчаан дээр тэд хүчээ нэгтгэсэн. Иргэд нь жилийн 30 хувийн хүүтэй зээлэнд сөхөрч байхад их хурлын гишүүд эргэж төлөх нь ч эргэлзээтэй жилийн 3-хан хувийн хүүтэй ЖДҮ-гийн зээл авдаг. Энэ тэгээд ариун явдал уу?

Өр тавигчид хүчээ нэгтгэсэн. 2016 онд 4 тэрбум орчим байсан Засгийн газрын өр өнгөрсөн 7 жилд 9 тэрбум болж өссөн. НҮБ-аас Монголын өр ДНБ-ийхээ 72 хувьд хүрч, аюулын дохио өгч байна гэж мэдэгдсэн. Хаана ямар өр дарагдсан юм бэ?

Худлаа амлаж хуурагсад хүчээ нэгтгэсэн. Агаарын бохирдлыг 60 хувь бууруулсан гэж улаан зангиатай дарга нарын уушги нь худлаа хэлж байна. Түгжрэлийг бууруулна гэж 8 жил ярьсан. Татвар төлөгчдийн 1 их наяд төгрөгөөр туйлсан. Амласан, ард иргэдээ тамласан 8 жил...

Английн агуу зохиолч Уильям Шекспир “Амьдрал бол театр. Хүмүүс жүжигчид нь юм” гэжээ. Энэ үгийг манай эрх баригчид “Улс төр бол шоу. Сонгогч олон бол үзэгчид юм” гэж орчин үед орчуулан тоглож байна. Даанч дарга нарын шоуны тасалбар ард түмний амьдралд дэндүү үнэтэй тусдаг юм. Эрх баригчид сонгууль угтуулж ээлжит жүжиг, “шулмын ав”-даа мордлоо.

Завсаргүй засагласан Ардын нам хариуцлага гэдэг зүйлээс сүнсээ зайлтал айж байна. Оновчгүй шийдвэр, бүтэлгүй бодлого, хулгай луйврынхаа буруутнаар “хойд зүгийн хар овоохой” болгож Ардчилсан намыг тодруулахаар шийджээ. Сүүлийн найман жил ард түмэнтэйгээ хамт ломбардын үүд, захын хашаа, малын бэлчээр, автобусны буудал дээр байгаа Ардчилсан нам арван хар нүглийн буруутан юм гэнэ ээ. Энэ үлгэрт нь тэгээд итгэх хүн үлдээ болов уу даа?

Уул нь шударга ёсыг улс төрийн шоугаар биш хуулийн засаглалаар тогтоодог. Харамсалтай нь шоу дуусч, хөшиг хаагдахын цагт тэд хамгийн хоцрогдсон, түүхий нүүрсний эдийн засагтай улсыг та бидэнд үлдээгээд явах болно.
Эрх баригчдын эмзэг нэгэн нууцыг энд би дэлгэе. Харамсалтай тэр нууц бол... Хөгжилд хүрэх стратеги тэдэнд алга. Төр засаг “шийдэлгүй шийдвэр”-үүдийнхээ чөтгөрийн тойргоос гарч чадахгүй байна. Чөлөөт эдийн засгийг социалист эдийн засаг руу аажмаар ухрааж, бүтцээр нь мухардалд оруулж байна.
Монголчууд бол шинийг эрэлхийлэх, дасан зохицох, сэтгэн бодох авьяас төгөлдөр, хүчирхэг үндэстэн. Манай эрх баригчид монгол хүний бүтээх, сэтгэх, хөдөлмөрлөх, хөгжиж дэвших боломжийг боомилж, “хамгаалах”, “халамжлах” нэрээр тэмцэл, зорилгыг нь мохоосон буруу бодлого хэрэгжүүлж ирлээ.

Харин бид юу хийх вэ? Хамгийн түрүүн хийх ёстой зарчмын саналын зах зухаас нь дурдъя. Авилга, хулгай үүрлэдэг төрийн нэртэй эзэнгүй өмчүүдийг үе шаттайгаар иргэдэд хувьчилж, хөрөнгийн захыг хөгжүүлнэ. Төрийн зардлыг бууруулна. Засгийн газрын хэрэглээг 2 дахин бууруулна. Төсвийг ард иргэдийнхээ аюулгүй байдлыг хангах, боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээг чанаржуулахад түлхүү зарцуулах ёстой.

Шийдэл тодорхой, гарц ганцхан. Нийгэмд шинэчлэл өөрчлөлт хэрэгтэй байна. Ардчилсан нам алдаатай оноотой ч нийгмийн шинэчлэлийн төлөө тууштай, зоригтой, хурдтай зүтгэж ирсэн. Бид бол хувийн өмчит, олон тулгуурт эдийн засгийн төлөө нам. Иргэндээ ээлтэй эдийн засгийг бүтээх, чөлөөт эдийн засгийн чиг баримжаагаа эргэлт буцалтгүй ургашлуулан хөгжүүлэх нь манай хөгжлийн стратеги. Чөлөөт өрсөлдөөн бол манай зарчим. Өндөр цалин орлого амлаж чадах ажлын байр бий болгох, иргэд, ах ахуйн нэгжүүдээ өсгөх, чадавхжуулах нь бидний зорилго.

Ардчилсан нам бол авдаг биш өгдөг нам. Бид өмчийг хураадаг биш хувьчилдаг нам. Татвар нэмдэг биш бууруулдаг нам. Эрх чөлөөг хумьдаг биш түгээдэг нам. Бидний итгэл үнэмшил бол даргын ам биш хуулийн засаглал. Бид төрийн дарангуйлал бус хувь хүний эрх чөлөөний талд зогсдог. Бид нэг хүний дурыг хангах гэж олноороо зүдрэхийн эсрэг байдаг. Бид нэг ТҮЦ дампуурснаас нэг дарга ажилгүй болсон нь дээр гэж үздэг. Хорин гурван жилийн өмнө нэгдэж байгуулагдсан Ардчилсан нам бол ийм л нам. Ийм байсан, ийм байгаа, ийм хэвээрээ байх болно.

Энд би нэгэн агуу хүний агуу үгийг иш татах гэсэн юм. Мятаршгүй эх оронч Бямбын Ринчений үг л дээ. Ирээдүйн их бичгийн хүн Тангадын Галсанг хилс хэргээр алс цөлөгдөхөд нь Ринчен гуай зорин байж ингэж захижээ. “Мөс мөнх биш шүү!” гэж. Урин цаг ирэхийг зөгнөсөн, урам өгсөн айхтар үг. Тийм ээ, мөс мөнх биш! Өвөл дуусна. Хавар ирнэ! Эрх чөлөөний хавар ирнэ. Эрс шинэчлэлийн зун ч ирнэ. Эргэлзэх хэрэггүй ээ, сайн цаг ирнэ. Нэг хүнд оногдох дотоодын нийт бүтээгдхүүн 2 дахин нэмэгдэж, 10 000 ам.долларт хүрэх тэр сайн цагийг ойрын ирээдүйд ойртуулан авчрахыг бид зорьж байна. Бизнесийн орчин нь эрүүл, татварын тогтолцоо нь шударга, ард олон нь ардчиллын үр шимийг жигд хүртсэн, ажилтай, орлоготой, эрүүл чийрэг хүн зонтой үндэсний сэргэн мандалтын цаг бол Монголын сайн цаг юм. Гэхдээ бид сайн цаг ирэхийг зүгээр хүлээж суухгүй ээ. Өрийн дарамтгүй амьдрах сайн цагийн эхийг бид өөрсдөө тавина. Төрийн дарамтгүй ажиллах сайн цагийг бид хамтдаа наашлуулна.

Их эзэн Чингис хаан Их Монгол улсаа байгуулсан 1206 оныг бэлгэдэн 23 жилийн өмнөх энэ өдөр - 12 дугаар сарын 6-нд бид Ардчилсан нам хэмээх нэгэн тугийн дор нэгдэж, нэг улс төрийн хүчин болсон. Тэр туганд үеийн үед туурга тусгаар эх орныг минь ивээсэн мөнх тэнгэрийн хөх өнгө бий. Тэр туганд эрх чөлөөт монгол хүний малгайн залаа шиг гал улаан өнгө бий. Тэр туганд зовлонг давж, жаргалыг зорих эгэл түмний маань сэтгэл мэт цасан цагаан өнгө бий. 23 жилийн өмнөх энэ өдөр Ардчилсан намынхан бид ийм тугийн дор нэгдсээн.
Өрийн дарамтгүй, төрийн дарамтгүй монгол хүний төлөө! Хатан зориг бүхий л чадлаараа хайртай Монгол орноо мандуулъя!



Сэтгэгдэл (5)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.188.127
    2023/12/09

    бас нэг Зеленский гарч дээ худлаа баахан лоозон яриад л

    Хариулах
  • 66.181.176.67
    2023/12/08

    ХАРИН ТИЙМЭЭ. ТА НАРЫН УЛС ОРНОО ХӨЛДҮҮЛСЭН ЯВДАЛ ЧИНЬ ХАВАР ИРСЭН Ч ХАЙЛХААРГҮЙ ЦЭВДГИЙГ ҮҮСГЭЧИХЛЭЭ

    Хариулах
  • 202.126.89.111
    2023/12/08

    Хотод Бат-Үүл хэрэгтэй бна.

    Хариулах
  • 66.181.177.12
    2023/12/08

    АН даргаараа авлигачин баярцогтыг тавьчихаад амьдрал сайжрана гэж ярих нь инээдтэй. АВЛИГАЧИД удирдсан АН өөдлөхгүй. Гудамжинд гараад иргэдээсээ асуу.

    Хариулах
  • 66.181.188.9
    2023/12/07

    Мөс мөнх биш

    Хариулах