Ойн салбар, "Тэрбум мод" хөтөлбөр мөнгө угаах арга болох ёсгүй

Zuv.mn
2024/03/05

                            -Ойн салбар, "Тэрбум мод" хөтөлбөр  мөнгө угаах арга болох ёсгүй-

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг монголчууд зөвхөн мод суулгаж ургуулах буюу хэлбэр талаас нь ойлгох явдал түгээмэл байна. Тэр тусмаа төрийн байгууллагууд мод тарих ажилд төсөв хуваарилж, мод тарих явдал элбэг болжээ. Энэ бол мэдээж, сайн хэрэг. Гэхдээ нэг ТӨК л зуу, зуун сая төгрөг мод тарих ажилд төсөвлөж байгаа нь хэр зохимжтой вэ. 

Миний мэдэхийн, мод тарих ажил өмнө нь цэвэр сайн дурын үндсэн дээр явагддаг, энэ нь ажлын далайцад сөргөөр нөлөөлж, үр дүнг бууруулдаг байсан нь нууц биш. Тиймээс мод тарих ажилд тодорхой мөнгө зарцуулахыг буруутгаж болохгүй. Гэхдээ дээр хэлсэнчлэн, төрийн байгууллагууд төсвийн хөрөнгөөр, бас ч гэж багагүй мөнгөөр мод тариад байх нь хэр зохимжтой юм бэ гэдгийг дахиж бодох цаг болжээ л гэж хэлэх гээд байна.     

Манайхан "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөнийг мод тарих л гэж ойлгож байна. Одоо тарих биш, ургуулах нь чухал гэдэг ойлголт сууж эхэлж байгаа нь дэвшил. Тэгвэл түүний цаана бас агуулга бий. Үнэндээ бол хөдөлгөөний зорилго илүү өргөн бөгөөд гүнзгий, цогц юм. 

Аливаа хөдөлгөөний зорилт хэдий чинээ тодорхой байна, хүрэх зам нь төдий чинээ тод, товч байдаг. Нэгэнтээ хөдөлгөөний нэрэнд байгаа учир бид мэдээж тэрбум мод тарьж таарна. Гэхдээ түүнээс чухал нь ойн сангаа аль болох бага зардал гаргаж их хэмжээгээр нэмэгдүүлэх, ойн салбар цаашдаа хөтөлбөртэй, хөтөлбөргүй хөгжих бололцоог бүрдүүлж авах явдал юм. 

Ой бол тэр чигээрээ том үйлдвэрлэл. Нүүрстөрөгч шингээж, хүчилтөрөгч ялгаруулах (фотосинтез) бол энэ үйлдвэрлэлийн зөвхөн нэг хэсэг нь. Одоохондоо биш ч гэсэн ойжуулах ажил үр дүнд хүрээд ирэхэд бид дотоодоосоо модны хэрэглээгээ хангана. Хэрэгцээгээ хангалттай хангах хэмжээний мод огтолж, түүнээсээ 10, 20 дахин олныг нэмж тарьдаг болно. Монголчууд модоор гачигдахаа болино. Бүр мод экспортолно. Ойн дагалт баялгаас эдийн засгаа тэлнэ. Ой мод аж үйлдвэрийн нэг том салбар, эдийн засгийн том тулгуур багана болно. Бид энэ чигт л зорьж байгаа. “Тэрбум мод” тарих санаачилга, үндэсний хөдөлгөөний гол зорилго бол дээрх тов тодорхой зорилтуудыг цогцоор нь шийдэх явдал.

ШУТИС-ийн багш Д.Сэрдарам: Газарт биш, иргэдийнхээ оюун санаанд тэрбум мод тарих нь илүү чухал

Газарт биш, иргэдийнхээ тархинд тэрбум мод тарих нь чухал. 2030 он гэхэд Монгол Улс нэг тэрбум мод газарт суулгаж тарьсан байхаасаа илүү хүн бүр мод тарьдаг, модтой холбоотой бизнес эрхэлдэг, модыг хайрлаж хамгаалдаг ухамсартай, өөрөөр хэлбэл модыг зөвхөн түлээ гэж хардаггүй болсон байгаасай.

Ойн салбарын боловсон хүчин бэлтгэх асуудлыг шийдэж, шинээр ойн зурвас байгуулах газруудыг тусгай хэрэгцээнд авч (Хот доторх газрыг хамааруулж болно), урамшууллын тогтолцоог шинэчилж, сайн дурын ажлын хууль эрх зүйн орчинг бий болгож, иргэдийг соён гэгээрүүлж, татан оролцуулж...

Нэг үгээр 2030 он гэхэд тэрбум модтой биш, цаашдаа тэрбум, тэрбум мод тарих бололцоотой мэргэшсэн, бат суурьтай тогтолцоо, мод тарихыг амьдралынхаа нэг хэсэг болгосон иргэдтэй болсон байх нь бидний зорилго. Ийм том зорилгыг хэрэгжүүлж чадвал ойн салбараас хэдэн ч Оюутолгой, Тавантолгойгоос илүү өгөөж хүртэх боломж бий. Яагаад гэвэл нэгэнт суучихсан зан үйл, хэв маяг, тогтчихсон хандлага цаашид уламжлагдаад л явдаг. Жишээ нь, хотын гэр хорооллын айл өрхүүд хашаандаа заавал мод тарьдаг, бурхан болоочийн хойчийн буянд зориулж суварга босгох бус мод тарьдаг зан заншлыг бий болгож чадвал гарах үр дүн нь асар их байх нь гарцаагүй.

ХҮЛЭЭЛТИЙГ БИЕЛҮҮЛЭХ БОЛОЛЦОО

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний зорилт маш өргөн хүрээтэй, зөв бодлогоор явбал асар их ач холбогдолтой. Ерөнхийлөгч НҮБ-д амлалт өгсөн учир хөдөлгөөнөө маш үр дүнтэй хэрэгжүүлэх үүрэг хариуцлага монголчууд бидний өмнө ирсэн. Амжилттай дуусгаж гэмээ нь хамгийн том хожих хүмүүс нь бид учир өөрсдөө л хичээх нь зүй. Хичээл зүтгэлийг оновчтой чиглүүлэх, бодлогоор хангаж зөв зохион байгуулах нь харин салбарын яамтай илүү холбогдох байх. 

Энэ том ажлыг байгууллага, иргэн болгон тодорхой хэмжээний мод суулгаад шийдэхгүй. Сайтар бодож боловсруулсан бодлого, уялдаа холбоо бүхий нэгдсэн тогтолцоо хэрэг болно. Салбарын яамны зөв, оновчтой бодлого, үр дүнтэй ажиллагаа үүнд их чухал. Мөхөс миний бодлоор, аймаг, сум, төр, хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд мод тарих ажилд сайн дураараа нэгдэж байгаа нь Байгаль орчин, аялал жуулчлалын яамны ажил, төсвийн зарлагыг ихэд хөнгөвчилж, өмнө нь анхаарал хандуулж чаддаггүй, төсөв мөнгө хүрдэггүй байсан чухал ажлуудад анхаарал хандуулах боломж гарлаа гэж харж байна. Өөрөөр хэлбэл, бодлогын яам одоо тэрбум мод тарихаас ч илүү байгаа модоо хамгаалах, арчлах талд илүүтэй анхаарах нь хөдөлгөөний үндсэн зорилгыг биелүүлэхэд маш том түлхэц болох юм. 

Ер нь монголчуудад нэг нийтлэг дутагдалтай тал байдаг. Байгаагаа арчлахын оронд бас нэгийг хийх гээд аль ч үгүй хоцрох нь бий. Бас ажлын давхардал гаргах нь ч бий. Товчхондоо Ерөнхийлөгч нь санаачилга гаргаж, аймгууд, төрийн болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд сая, саяар нь мод тарих үүрэг, амлалт авч байхад салбарын яам, ТӨСВИЙН БАЙГУУЛЛАГУУД зэрэгцэж мод тарих нь утгагүй хэрэг юм. 

Харин ой хамгаалах, нөхөн сэргээхэд гол ажлаа төвлөрүүлэх учиртай. Нэг ч гэсэн ажлаа бусдад даатгасан чөлөөгөө ашиглаад илүү үр дүнд хүрэх бусад ажилдаа илүү анхаарч, хөрөнгө хүчээ хаямаар байна гэсэн санаа. Мод тарихаас илүү чухал ажил олон байна. 

Төсөв нь танагдсан ой хамгаалах ажлаар жишээ авахад, Монгол Улс доройтсон ойгоо гүйцэд нөхөн сэргээж чадахгүй байгаа. Жилд 8-10 мянган га-д нөхөн сэргээлт хийж байгаа гээд бодоход, дор хаяж 5-6 дахин нэмэгдүүлж байж жилд шинээр доройтож байгаа ойтойгоо тэнцэнэ гэсэн судалгаа байдаг юм билээ. Ой доройтож байгаагийн шалтгаан нь үндсэндээ ойн хортон шавжнаас болдог. Тиймээс гарсан боломжийг ашиглаад ойн хортон шавжтай тэмцэх ажлаа эрчимжүүлж, доройтсон ойгоо сэргээх нь тэрбум мод тарихаас ч дутахгүй чухал ач холбогдолтой, хямд төсөр аргаар илүү их үр дүн гаргах ажил юм.

ОЙ ХАМГААЛАХ, ИРГЭДИЙНХЭЭ ОЮУН САНААГ "ОЙЖУУЛАХ" АЖИЛ ЯАГААД ЧУХАЛ ВЭ

“Тэрбум мод” үндэсний хөтөлбөрийг зөвхөн тоон талаас нь ойлгож болохгүй гэж дээр хэлсэн. Гэхдээ батлахын тулд тоогоор нь жишээ авч тайлбарлавал илүү ойлгомжтой учир жишээлье. Ой хамгаалах, нөхөн сэргээх ажил яагаад “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг амжилттай хэрэгжүүлэх нэг үндэс юм бэ. 

Нэг га ойд төрлөөсөө шалтгаалаад 2500-3500 мод байдаг. Ерөнхийлөгчийн амлалт, үндэсний хөтөлбөр тоон утгаараа бүрэн хэрэгжиж, монголчууд тэрбум мод тарих зорилгодоо хүрч чадлаа гэхэд хамгийн ихдээ 400 000 га газрыг ойжуулна.

 2030 он хүртэл найман жилд хуваавал жилд 50 000 га газрыг ойжуулах хэмжээний мод тарина гэсэн үг. Харин ой мод устах, доройтох үйл явц түүнээс ч хурдтай өрнөж байна. Жишээ нь, 1994-2014 он хүртэлх 20 жилд 1.2 сая га ой устаж үгүй болсон гэсэн баримт Байгаль орчин, аялал жуулчлалын яамны албан ёсны цахим хуудаст тавигджээ. Салбарын яамны судалгаанд итгэхгүй байх шалтгаан алга. Тэгэхээр нэг жилд дунджаар 60 000 га ой доройтож байгаа юм байна. Ой доройтож, устах нь тодорхой болж байгаа нь үндсэндээ хортон шавж хэт ихээр үржсэнтэй холбоотой байдаг юм билээ. Үүнд нэг учир бий. Ойн хортон шавж нь залуу, зулзаган модны навч найлзууранд илүү дуртай, хөгшин моддоос илүү сүйтгэж, нөхөн сэргэх боломжгүй болгодог. Доройтсон ойд хортон шавж устгал хийхэд хэдхэн хоногийн дотор ногоорч, илт сэргэдэг байна. Иймээс л энэ чиглэлд анхааръя. Үгүй бол энд бид ургах, ургахгүй нь баталгаатай бус тэрбум мод тарьж байхад ууландаа, тодруулбал ойд 10 тэрбум зулзаган мод хортон шавжны хоол болоод дуусч байна.

ШУТИС-ийн харьяа Ой модны сургалт, судалгааны хүрээлэнгийн захирал Ц.Банзрагч

Газар нутагт нь харьцуулахаар бага ойтой гэж тооцогддог ч хүн ам цөөтэй учраас нэг хүнд ногдох ойг тооцоод үзвэл тийм ч бага биш юм. Манай улсад ой модны салбар эрчимтэй хөгжсөн Финландтай энэ тэнцүү буюу 18.5 сая га ой байна. Гэхдээ 70 гаруй хувь буюу дийлэнх хэсэг нь нас гүйцсэн, хөгширсөн ой байгаа гэдгээрээ онцлог. Өөрөөр хэлбэл, хамгаалалтын горим дэглэм илүү шаардсан ийм л ойтой орон доо, Монгол.

Эрүүл ой өөрөө өсч, талбайгаа тэлэх чадвартай байдаг. Мөн экологийн орчин нь байдаг учир ойд мод тарих нь ургалтын хувь өндөр, илүү үр дүнтэй байдаг нь нотлогдсон. Өөрөөр хэлбэл, ой мод байсан газарт л мод тарих нь илүү хямд өртгөөр илүү үр дүнд хүрдэг нь батлагдчихсан. Тужийн нарс, Баянзүрх хайрханы ойг бид тэгж л сэргээсэн туршлагатай. Түүнээс хаа, хамаагүй газар ой ургуулна гэвэл удаан хугацааны асар өндөр зардалтай нүсэр ажил болох юм. 

Ц.Элбэгдорж Ерөнхий сайд байхдаа “Ногоон хэрэм” байгуулна гээд бүтээгүйн шалтгаан ердөө л тэр. Ер нь мод байсан газарт л мод тарих аваас сайн ургадгийн жишээ энэ. Мэргэжлийн хүмүүсийн хувьд шинээр мод тарихаас илүүтэй ойн нөхөн сэргэх чадварыг дэмжих нь хугацаа хэмнэхээс гадна хүч хөрөнгийн хувьд хэмнэлттэй гэдгийг баталдаг. Маш энгийнээр хаа хамаагүй тэрбум мод тарихаас илүүтэй 10 тэрбум зулзаган модыг хамгаалж ургуулах нь өртөг, зардал хямдтай, үр дүн өндөртэй арга юм даа. 

Үндэсний хөдөлгөөний хүрээнд зарим аймаг тус бүртээ 20 сая мод тарих амлалт өгч буй. Үндсэндээ аймгууд хэлсэндээ хүрэхэд л тэрбум мод тарих бололцоо гарчихлаа. Дээр нь төр, хувийн хэвшил нийлнэ. Зөв бодлого зохицуулалтаар хангачих л юм бол үндсэндээ тооны хувьд санаа зовох юм алга. Байгаль орчин, аялал жуулчлалын яам одоо харин байгаа ойгоо хадгалж үлдэх ажилд онцгой анхаарч хөрөнгө хүчээ хаях нь ухаалаг алхам болно. Тэрбум, тэрбумаар тоологдох мод нэмэгдэхэд өмнө нь байсан ой хасагдаагүй байх ёстой шүү дээ. Тэгэхгүй бол Ерөнхийлөгчийн санаачилга үр дүнд хүрэхгүй. Монгол орны ойн бүтэц, ойн сангийн арчилан хамгаалалт, ашиглалт, хамгаалалтын асуудалд цогцоор нь анхаарч байж бодит үр дүн гарна, ойн салбар эдийн засгийн эргэлтэд орно. Салбартаа нэртэй нэгэн “Зөв бодлого, менежментээр явбал монголчууд модоор дутагдах үндэслэл огт байхгүй” гэсэн нь санаанд тодхон байна. Энэ бол хөтөлбөрөөс бидний хүсэн хүлээж буй хамгийн наад захын үр дүн билээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна