УИХ-ын чуулганы өнөөдөр /2025.07.04/-ийн хуралдаанаар дараах хуулийн төсөл асуудлуудыг хэлэлцлээ.
Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн 2025 оны 06 дугаар дүгнэлтээр Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3 дахь хэсэг нь Үндсэн хууль зөрчсөн талаар гаргасан дүгнэлтийг УИХ хэлэлцэж, нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын дэмжлэгээр уг дүгнэлтийг хүлээн зөвшөөрч, УИХ-ын тогтоолын төслийг баталлаа.
Хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж, батлав.
Монгол Улсын Засгийн газраас өргөн мэдүүлсэн Барбадос, Эсватинийн Хаант Улс, Бүгд Найрамдах Тринаидад ба Тобаго, Бүгд Найрамдах Босвана Улстай дипломат харилцаа тогтоох тухай тогтоолын төслүүдийг дэмжиж, тогтоолын төслийг баталлаа.
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүнийг томилох тухай асуудлыг хэлэлцэв. Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүд нэр дэвшигч Ө.Гэрэлт-Одыг дэмжиж буйгаа илэрхийлж, Санхүүгийн зохицуулах хорооны дүрмийн чиг үүрэгт орон тооны бус гишүүний талаарх зохицуулалт хэрхэн туссаныг тодруулав. Мөн биржээр уул уурхайн бүтээгдэхүүн борлуулах нь хэр зөв шийдэл болох талаар асуухад нэр дэвшигч энэ нь зах зээлд нээлттэй, давуу талыг олгодог арга хэлбэр хэмээн хариуллаа. Уг асуудлаар нууц санал хураалт явуулж, Ө.Гэрэлт-Одыг 60 хувийн саналаар дэмжин томиллоо.
Малын генетик нөөцийн тухай хуулийн биелэлтийг хангуулах, монгол малын генетик нөөцийг хамгаалах, ашиглалтын тогтвортой байдлыг хангах хүрээнд “Засгийн газарт чиглэл өгөх тухай” таван санал бүхий УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэн дэмжлээ. Хэлэлцүүлгийн үеэр гишүүд уяачдын холбооноос 2026-2036 оны хооронд эрлийз адууны импортыг хориглох асуудлаар санал авсан эсэх, мөн адууны тоо толгойн талаарх мэдээлэл лавлав. Тогтоолын төсөл санаачлагчид Монгол Улсад нийт 4.7 сая адуу байгаагаас 1.7 сая нь үржлийн адуу болохыг мэдээлэв. Мөн Мал эмнэлэг, хөдөө аж ахуйн эрдэмтэд болон Монголын морин спорт, уяачдын холбоо уг саналыг дэмжсэн байна.
Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүнийг томилох, чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцлээ. Гишүүд нэр дэвшигч О.Адьяаг дэмжиж байгаагаа илэрхийлж, нийгмийн даатгал төлдөг бүх иргэний эрх ашгийг хамгаалах, менежментийг сайжруулах шаардлагатайг онцлон тэмдэглэв. Мөн даатгуулагчийг төлөөлөх нь өндөр хариуцлага гэдгийг дурдсан юм. Нууц санал хураалтын дүнгээр О.Адьяа 64.5 хувийн саналаар томилогдлоо.
Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.
Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийж, эцэслэн батлуулахаар Төсвийн байнгын хороонд шилжүүллээ.
Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж, төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх нь зүйтэй гэж 64.5 хувийн саналаар дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Нийгмийн бодлогын байнгын хороонд шилжүүлэв.
Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлэв.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна