Сэлэнгэ мөрөн үерлэж, Монголд усан цахилгаан станц барих асуудалд эерэг нөхцөл байдал үүсэх үү

Х.Батсайхан
2024/03/11

ОХУ-ын Буриадын БНУ-д Сэлэнгэ мөрний мөсийг зөөж, шуудуу татах ажил эхэлжээ. Энэ жил гуравдугаар сарын 1-нээс 24-ний хооронд 11 байршилд мөс зөөж, нийт 42.5 км урт сувгийг гаргахаар төлөвлөсөн бөгөөд энэ ажилд Буриадын БНУ-ын төсөвт 7,437,000 /долоон тэрбум, дөрвөн зуун гучин долоон мянган рубль/ суулгасан байна. Энэ зөвхөн энэ жил ч биш, жил бүрийн хавар, Монголд шар усны үеэр болохтой зэрэгцэж явагддаг байнгын шинжтэй ажил юм.   

Энэ жил манай улсад урьд хожид байгаагүй их цас орсон бөгөөд ихэнх нь урьдын адил Хойд мөсөн далайн ай саваа дагаж, Сэлэнгэ мөрөнд цутгана. ОХУ-ын Буриад улс ч үерт автаж, хохирол амсах магадлал өндөр байгаа  юм.

Сэлэнгэ мөрний мөсийг зөөж буй нь.

Монгол Улсын хувьд, угсаа гарал нэгт буриадуудыг давтамж нь улам ойртсоор буй их үер, түүнчлэн, заримдаа хэтэрхий ихээр татарч улс ардын аж ахуйд хохирол учруулдаг ган гачгаас нь сэргийлэх боломж бүрэн байгаа бөгөөд энэ бол Сэлэнгэ мөрний цутгал дээр баригдах Усан цахилгаан станц юм. Сэлэнгийн цутгал дээр урсацын тохируулга хийснээр Буриадын БНУ дээрх эрсдлээс хамгаалагдах бөгөөд манай улс ч эрчим хүчний шинэ эх үүсвэртэй болох юм.

Сэлэнгэ мөрний цутгал дээр УЦС барих асуудлыг ОХУ-д байгаль орчны төлөө ажилладаг нэр бүхий ТББ эсэргүүцдэг. Цаана нь Оросын төрийн бодлого байдаг гэсэн хардлага бий.

Гэхдээ, Монголд баригдах УЦС ОХУ-д ялангуяа Буриадын БНУ-д ашигтай гэж үздэг  эрдэмтэн судлаачид байдаг бөгөөд тэдний хэвлэлд гарсан судалгаа, хаврын шар усны үеэр, зундаа хур орсны дараа тохиодог их үер нийлээд  оросуудад бодит байдлыг ойлгуулах, манай талд ашигтай пи ар болж хувирдаг юм. Бид жишээ болгож, ОХУ-ын эрдэмтэн Игорь Алексеевич Ивановын нэгэн нийтлэлийг хүргэж байна.  

Тэрбээр Дорнод-Сибирийн технологи, менежментийн улсын их сургуулийн багш, шинжлэх ухааны доктор юм. Дашрамд, тэрбээр нийтлэлээ Монголын тал ОХУ-ын Буриадын БНУ-ын нутгаар иргэдтэй уулзаж, төслөө танилцуулах үеэр энэ бичиж байсныг тэмдэглэхэд таатай байна. 

Шүрэнгийн УЦС-ын тухай

“Монголд усан цахилгаан станц барих асуудлаар бид “Баривал ямар хор уршиг тарьж болох вэ, “Барихгүй бол ямар сайн талтай вэ” гэх зэргээр чамгүй олон жил маргаж байна.

Өвөг дээдэс маань “Уншиж буй номоо орхиод, эрүүл ухаанаа дайчлая" гэдэг сэн. Нэг их яарч тэвдэлгүйгээр учир начрыг олох гээд үзье л дээ. Эрүүл ухаан дараах зүйлийг зөвлөж байх юм:

Барьж болохгүй -Усан санг Сэлэнгэ мөрний гол судлаас хагас жилийн турш дүүргэх ба хэрэв тухайн жил хур тунадас багатай байх бол Сэлэнгэ мөрөн их хэмжээгээр дундрах болно.

 УЦС баригдсаны дараа өвлийн улиралд цахилгаан эрчим хүч илүү шаардлагатай гэдэгтэй холбоотойгоор усны үндсэн урсгал өвлийн турш их байх бөгөөд  үүний үр дүнд Сэлэнгэ мөрний усны хэмжээ тухайн хугацаанд их байх болно. Энэ хугацаанд загас түрсээ шахдаггүй, хөлөг онгоц явахгүй, тариалангийн талбай услах шаардлагагүй, шашны зарим баярыг эс тооцвол усанд шумбах иргэдийн тоо эрс буурсан байна.

А.И.Иванов: Монгол УЦС барих гэж байгааг оросууд бид эсэргүүцэх биш, харин ч дэмжиж, "Баярлалаа" гэж хэлэх ёстой


УЦС барих хэрэгтэй- Монгол улс нь хөгжлийн шинэ түвшинд хүрч байгаатай холбоотойгоор эрчим хүчний хямд бөгөөд бие даасан хараат бус эх үүсвэр шаардагдаж байна.

Монгол улс хөгжих нь бидэнд ашигтай юм, зэргэлдээх орон маань хүчтэй баян байх нь ядуу бөгөөд байнга гуйдаг хөршөөс хамаагүй илүү шүү дээ.

Байгал нуураас ус авахгүй, УЦС барьсан ч ус нь Байгал нуурт өмнөхийн адил орж ирж байх л болно. УЦС-ын турбин нь усаар хооллодоггүй.

Жижиг тосгодуудаар тогтохгүй Улаан-Үд хотын тэн хагасыг живүүлдэг 20 жилийн давтамжтай үер үгүй болно. Энэ үерийн бүсэд оршин сууж олон удаагийн гамшгийг амссан иргэдУЦС барихыг дэмжиж байгаа байх. Бид ч УЦС барихдаа голын ус үерлэх асуудлыг хяналттай болгож байнгын их, бага хэмжээний гамшигийг арилгана гэдгээ юуны өмнө хэлдэг байсан шүү дээ.

Үер нь тариалангийн талбай болон малын фермүүдээс өтөг бууц, бордоог юу ч үлдээлгүй хаман урсгаж, оршуулгын газрыг ч ухаж онгилдог. Гол мөрний голдирол алдагдаж, гүүрүүдийг эвдлэн нурааж, усны түвшин хэт өндөр үед усан онгоц явах боломжгүй болж, гүүрний доогуур ч гарч чадахгүйд хүрдэг.

Бид байнга Байгал нуурын усны түвшин болон нуураа хамгаалах асуудалд санаа түгшдэг, тэгвэл Эрхүүгийн болон Братскийн УЦС-ын 1-2 турбиныг хаачихья гэж бодоё. Юу болох бол?  

Бидэнд бол үнэгүй найдвартай их хэмжээний  цахилгаан эрчим хүч шаардлагатай байдаг, харин тэд бол цахилгаангүйгээр болчих байх, дандаа л хоньчид юм чинь гэх үү. Гэтэл Монголд газрын тос, уран, байгалийн хий болон алт олборлоход цахилгаан хэрэгтэй байна.

Монголчуудыг харин каскад УЦС-уудыг нэг их шохоорхохгүй байгаасай гэж хүсэх байна. УЦС бүрийн дэргэд хямд эрчим хүчийг ашиглах сонирхолтой  үйлдвэр үйлчилгээ эрхэлсэн тосгодуудбий болдог бөгөөд ус багатай жил эдгээр УЦС-ууд нь хангаж чадахгүй ч үе гардаг. Энэ нь дэлхий нийтэд  үйл ажиллагаа явуулж буй УЦС-уудын түүх юм. Хэрэв УЦС-ын хажууд байрлах багахан хэмжээтэй хотыг өөр улс, хотоос эрчим хүч татан аварч болох бол, эдийн засгийн томоохон бүсүүдийн хувьд энэ нь хэцүү юм. Монгол нөхдүүд маань үүнийг ойлгоосой гэж хүсэж байна.


Бидний зүгээс ямар бодлого байж болох вэ, зураг төсөл хийх, барилга угсралтын ажил, тоног төхөөрөмж, цемент, арматур болон техник технологийн ханган нийлүүлэлт, тэр ч байтугай ажиллах хүчээр хангах ба аль болохоор манай турбин болон трансформаторуудыг тавиулах  нь зүйтэй бөгөөд хоёр талд ашигтай байх болно. Хориглох биш дэмжих, найрамдал болон хамтын ажиллагаагаа улам бүр бататгах нь зүйтэй.

Эцэст нь хэлэхэд, 1935-37 онуудад Сэлэнгэ мөрөн дээр Буриадын нутаг дэвсгэр дээр УЦС барих хэмжилт хийж байсан бөгөөд усан сангийн хэмжээ нь Хиагтаар тогтохгүй Монголын  жижиг хэсгийг хамрах байсан байжээ.

Асуулт: Бид хэрвээ УЦС барихаар болсон бол Монгол Улсаас асуух байсан болов уу? Ийм л байна даа. Хөршийн амжилтаар бахархаж,  бие биендээ тусалж, энх тунх амьдарья”.

 




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна