З.Энхболд, Б.Энх-Амгалан нар улс төрөөс “явлаа”

Х.Батсайхан
2024/03/13

МАН-ын ЕНБД Д.Амарбаясгалан нэгэнтээ "Авлига, албан тушаалын гэмт хэрэгт ххолбогдсон хүнийг нэр дэвшүүлэхгүй, намаас хөөнө" гэж хэлж байж билээ. Ганц тэр ч биш, өмнө нь У.Хүрэлсүх ч хэлж л байсан, Л.Оюун-Эрдэнэ ч хэлж л байгаа. Гэхдээ, энэ мэдэгдэл нь төрийн өндөр албан тушаалтнууд оролцсон Хөгжлийн банкны хэрэг, ЖДҮ дэмжих сангийн хэрэг, Нүүрсний хэрэг гэх мэт хэргийн араас гардаг учраас "Дарга нарын хувьд нэр дэвших эрхийг нь хасах, намаас хөөх нь хуулийн хариуцлагаас илүү шийтгэл юм байна л даа" гэсэн ойлголтыг төрүүлж, шүүмжлэл дагуулдаг болоод удаж байна. 

Тэд Шүүхийн өмнөөс ярих эрхгүй, намынхаа дарга, удирдлагын хувиар мэдэгдэл хийж байгаа учир эрх мэдлийнхээ хүрээнд ярьж байгааг нь ойлгож байна л даа. Гэхдээ л, дарга даамал оролцсон хэрэгт Шүүх арай л хөнгөн шийтгэл оноогоод байна уу гэсэн олон нийтийн шүүмжлэлийг зогсоох шалтгаан болохгүй гэж бодож байна. 

ЕТГ-ын дарга асан З.Энхболд, УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан нарт холбогдох албан тушаалын гэмт хэргийн шийдэл ч яг ийм шүүмжлэл дагуулж байна.    

УИХ-ын дарга асан З.Энхболд, УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан нарт Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Анхан шатны шүүхээс албан тушаалын хэрэг үйлдсэний учир нийтийн албанд ажиллах эрхийг нь таван жилээр хасаж, 40 сая төгрөгөөр торгох шийтгэл ногдуулсан юм.

Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуульд нийтийн албан тушаалтан гэж:

  1. Төрийн улс төрийн, захиргааны, тусгай албаны удирдах болон гүйцэтгэх албан тушаалтан,
  2. Төрийн үйлчилгээний удирдах албан тушаал,
  3. Төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн удирдах албан тушаалтан,
  4. Хууль тогтоомжийн дагуу эсхүл улсын болон орон нутгийн төсвөөс санхүүжилт авч төрийн тодорхой чиг үүргийг түр буюу байнга гүйцэтгэж буй төрийн бус байгууллагын удирдах албан тушаалтан,
  5. Дээрх албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээд нийтийн албан тушаалтнуудыг хэлдэг.

Өөрөөр хэлбэл, тэднийг улс төрд орох эрхийг л хасжээ. Гэтэл энэнээс ч доогуур төвшний хэрэгт орооцолдчихоод ял авч, хайран цагаа шоронд барж байгаа залуус хэчнээн олон байгаа билээ. Монголын улстөрчдөд улстөрөөс гарах л хамгийн хүнд шийтгэл юм гэж үү. Энэ улс төр, эрх мэдэл гэдэг Монголд яг яаж хэрэгждэг борлохоороо ингэж бүгд орох гэж тэмүүлдэг, улс төрөөс гарахыг хамгийн хүнд шийтгэл юм шиг  доголдчихов оо гэдэг асуултыг тавих хүн олон байна. 

З.Энхболд, Б.Энх-Амгалан нар давж заалдах эсэх нь одоогоор тодорхойгүй байна. 






Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.212.119.113
    2024/03/13

    хэдэн тэрбумаар хулгайлчихаад хэдхэн сая аар торгуулдаг хүний ёс биш монголын ёс. дуунд дуулдаг шиг.Монголын хууль засаглал ард түмнээсээ, эх орноосоо урвах нь жирийн үзэгдэл. яг л агаар амьсгалж байгаа шиг нь . Засаг төр нь ч хаа байдаг юм. а тийм авлигын хөтөлбаөр дээр ажиллаж байгаа гэсэн.

    Хариулах