Статистикийн хороо иргэдийг сонгуульд “харанхуй” оруулах үүрэг хүлээсэн үү

Х.Батсайхан
2024/03/25

Монгол Улсад сүүлийн дөрвөн жилд баян ядуугийн ялгаа нэмэгдсэн үү, буурсан уу, уншигч та бүхэн юу гэж бодож байна. Уг нь энэ асуултад Үндпэсний статистикийн хорооны цахим мэдээллийн сан руу орж хараад л хялбархан хариулчих ёстой юм л даа. Эднийх энэ үзүүлэлтийг хэмждэг “Жини”, “Тейлийн...” гэх индексийг холёр жилийн давтамжтай тооцоолж гаргадаг юм.

“Жини” коэффициент нь хүн амын хэрэглээний тэнцүү бус хуваарилалтыг илэрхийлдэг. Өөрөөр хэлбэл, баялгийн тэгш хуваарилалт буюу монголчуудын хэлэх дуртайгаар бол “Баян хоосны ялгаа”-г харуулдаг индекс юм.

Энэхүү коэффициент нь 0-1.0 хүртэл утга авдаг бөгөөд их утга руугаа ойртох тусам баян, хоосны ялгаа их байгааг заадаг. 0-тэй тэнцүү бол хэрэглээний хуваарилалтад ялгаа бараг байхгүй буюу ядуурал байхгүй байгааг илэрхийлдэг.

Тейлийн индекс нь хэрэглээний ялгаатай буюу амьжиргааны түвшин өөр бүлгүүдийн хувьд тэгш бус байдлыг илэрхийлэх тухайн бүлэг доторх болон бүлэг хоорондох тэгш бус байдлыг харуулдаг. Баян хоосны ялгааг бүр л нарийн тооцдог гэсэн үг.  

Харамсалтай нь, “Жини” коэффициентийн 2022, 2024 оны үзүүлэлт дата мэдээллийн 1212.mn цахим санд алга. 2024 оных больё гэхэд 2022 оны мэдээлэл байж болмоор. Гэвч байдаггүй. Мэдээллээ шинэчилсэн огноог нь харахаар 2022 оны зун байгаад байдаг.

Жагсаал цуглаан, ялангуяа үнийн өсөлттэй холбоотой эгзэгтэй үед Үндэсний статистикийн хорооны цахим хуудас гацдаг. Энэ удаад ч сэтгүүлчийн юм уу, монгол хүний юм уу зан хөдөлж, сонгууль дөхсөнтэй холбоотойгоор энэ “Жинигийн коэффициент, ”, Тейлийн индекс гэх мэт чухал тооцооллууд мэдээллийн санд байршаагүй байгаа юм биш биз гэх хардлага төрөв. 

Мөн яг энэ шалтгаанаар, “Байгаад ч бодитой мэдээлэл болж чадах уу даа” гэсэн эргэлзээ ч төрж байх юм. Учир нь, Жинигийн коэффициент 2016 онд 0,32, 2018 онд 0,33, 2020 онд 0,32 болсон юм гэнэ. Гэтэл сүүлийн жилүүдэд эдийн засгийн өсөлт гарсан боловч төсөв тэлснээс өөрөөр буюу зээл хэлбэрээр зах зээл рүү орох  бэлэн мөнгөний нийлүүлэлт байнга багасаж, хувийн хэвшил хэцүү байдалд орж байгаа билээ. 

Эрх баригчдын алдаа онгоог дүгнэх, ер нь улс орны байдал хэрхсэнийг шинжлэх уахааны үндэслэлтэйгээр эргэж харахад Жини, Тейлийн гэх мэт индексүүд чухал. Тиймээс ҮСХ дээрх индексүүдийг хоёр жилд биш, жил тутам тооцоолж гаргах, өргөн хэрэглээний барааны ханшийн өөрчлөлтийг инфляцитай уялдуулан тооцоолж, ойлгомжтой байдлаар илэрхийлэх шаардлагатай төдийгүй үүрэгтэй. Үе, үе зарлагдаж, иргэдийг шооконд оруулдаг Дундаж цалингийн үзүүлэлтийг өндөр гаргаж буй их цалинтай нөхдийг хаацайлалгүйгээр нэг ширхэг албан тушаалтан, мэргэжилтэн, менежер байсан ч нарийвчлан гаргаж ирэх л ёстой. Тиймээс иргэдийг, ялангуяа сонгууль гэх мэт чухал үед маш сайн мэдээлэлтэй байлгах үүргийг нь сануулж, эргэлзээ арилгасан үнэн бодит тооцоо судалгаагаа мэдээллийн сандаа байршуулахыг ҮСХ-ныхондоо уриалья даа.

“Монгол хүний зарчимч шаардлагын цаана өчүүхэн муу эрх ашиг нь байдаг” гэдэг дүрмийн дагуу, юм бичих гээд статистик харьцуулалт хийх гэхээр болохгүй байсан учраас үүнийг тэмдэглэснээ хүлээн зөвшөөрье. Гэхдээ, угтаа бол ҮСХ, сэтгүүлч адилхан иргэдийн мэдэх эрхийн төлөө ажилладаг билээ.   



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна