Хэрэлдэж ханалаа

Zuv.mn
2024/04/17

-Монголчууд ямар улс төрийн хүчнийг хүсэж байна вэ-

Улс төрийн намыг лс төрийн намыг “Үзэл бодлоороо эвлэлдэн нэгдсэн бөгөөд засгийн эрхийг авах эцсийн зорилготой хэсэг бүлэг хүмүүсийн нэгдэл, улс төрийн байгууллага юм” гэж тодорхойлдог. Тэд үзэл бодол, үйл ажиллагааны чиглэлээ тодорхойлж  түүнийхээ дагуу мөрийн хөтөлбөр боловсруулж, сонгуульд өрсөлдөх учиртай. 

Үзэл баримтлал ижил бол нэгдэж болно. Гэтэл өнөөдөр Монголд үйл ажиллагаа явуулж, үзэл бодлоор нь нийгмийг талцуулж байгаа олон намууд өөрийн гэсэн үзэл баримтлал тодорхойгүй, хаашаа юунд чиглэхээ мэдэхгүй, зөвхөн "Санал хувааж болохгүй", "Эрх баригчдыг муулах ёстой" гэдэг "онол"-оор явж байна.  

Ярьж байгаа сэдэв нь "Ашигт малтмалын ордуудын ард түмний мэдэлд өгөх ёстой" гэх мэт, ард түмний ядуу байдал дээр тоглох сонирхол ч мэдэгдэнэ. Өнөөдөр Баялгийн сангийн хууль гэж, иргэд тэртэй тэргүй төрөөс үнэгүй авах ёстой үйлчилгээг бэлэн бус төлбөртэй авах хууль УИХ-аар орж ирсэн байхад шүүмжлэх улс төрийн хүчин Ардчилсан намаас өөр алга. 

Зүүний намууд нь зүг буруу барууныг ярьж, барууны намууд нь зүүний чиглэлийг ярьж, нэг хүнийг тахин шүтсэн нийгмийн хэсэг бүлэг нөхдүүд нэгдэж нам байгуулж буй. Энэ нь Монголд улс төрийн намууд төлөвших болоогүй байгааг харуулдаг. Ард түмний хүсэл зорилго бус цөөн хэдэн хүмүүсийн эрх ашгийн төлөө нэгдэж нам байгуулж байгаа энэ байдал нь улс төрийн бохир тоглоомыг бий болгож, төрийн хар хайрцагны бодлого, төрийн залгамж чанарыг алдагдуулах эрсдэлтэй.  

Бид  энэ байдлаас гарах ёстой гэдэг ч өдийг хүртэл ярихаас хэтрэхгүй яваа нь эх захаа алдсан улс төрийн хэрүүл, тэмцэл, эмх замбараагүй болсноос бэлхнээ харагдаж байна. Хоосон улс төржилт, намчирхаж талцсан хэсэг бүлэг нь хэдэн хэсэг хуваагдсан нийгэмд үзэл бодлоо зөв олох, юуны төлөө, юунд хүрэхийн төлөө тэмцэж явна вэ гэдгээ мэдрэх нь улс төрийн намуудын хамгийн том ололт гэдгийг хаа хаанаа зөвшөөрөх биз ээ. 

Бидний дунд ганцхан л  эх орон бий. Эх орны эрх ашиг улс төр хийж байгаа хүмүүс, улс төрийн намуудаас нэг л зүйлийг шаарддаг. Тэр нь Монгол Улс хөгжиж, монгол үндэстэн цэ­цэглээсэй гэсэн шаардлага. Энэ эрх ашгийн үүднээс харж үз­вэл сонгууль болохоор улс тө­рийн намууд, улстөрчид нэг нэ­гийнхээ сайн мууг дуудалцах бус эх орноо гэсэн эрх ашгийн төлөө нэгдэж, улсынхаа хөгжлийн төлөө мэдлэг чадвараа зориулаасай гэх хүлээлт ард түмэнд бий. Монголчуудад шүүмжилдэг бус, шүүмжлэхийн хажуугаар илүү зөв шийдлийг ажил хэрэгчээр санал болгодог нам хэрэгтэй байна. Олон нийтэд хандах боломж, Парламентын гаднаас хууль санаачлах боломж бүрдсэн энэ үед боломжийг ашиглаж чадвал дэмжлэг авах боломж бүх улс төрийн намуудад нээлттэй байна. Амьдрал сайжруулсан өөрчлөлтүүдийг Парламентын гаднаас ч санал болгож чаддаг тийм л улс төрийн хүчнийг монголчууд өнөөдөр хүсэж байна.  

Түүнээс бус, талцаж хэрэлдсэн, хэн нэгний эрх ашгийн төлөө иргэдээ хохироох, хоосон хийрхсэн улстөржилт, нэр хүнд олох гэсэн хэдхэн нөхдүүдийн хөлд ард түмэн чирэгдэх ёсгүй. 




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна