Лу.Гантөмөр АЗХ-ны залуучуудынхаа хүсэлтийг хүлээж авах уу?

Zuv.mn
2024/05/16

Ардчилсан залуучуудын холбооноос УИХ-ын сонгуультай холбоотой асуудлаар өчигдөр /2024.05.14/ мэдээлэл хийлээ.

Ардчилсан намын дэргэдэх Ардчилсан Залуучуудын холбоо нь 39-өөс дээшгүй насны Ардчилсан намын бүх гишүүдийг нэгтгэдэг, намын чухал бүтцийн нэг юм. Монгол Улсын сонгуулийн насны нийт хүн амын 50 гаруй хувийг 39 хүртэлх насны залуус эзэлдэг бол Ардчилсан намын нийт гишүүнийн мөн 50 орчим хувийг 39 хүртэлх насны залуус эзэлдэг.

Тиймээс тус холбооны Гүйцэтгэх зөвлөл 21 аймаг, есөн дүүргийн Ардчилсан залуучуудын холбооноос ирүүлсэн хүсэлтийн дагуу АЗХ-ны гүйцэтгэх зөвлөл хуралдаж, нэр дэвшүүлэлтэд АЗХ-ны 90 гаруй мянган залуучуудын эрх ашгийг хангаж өгөхийг хүссэн агуулгатай хүсэлт/шаардлагыг Ардчилсан намын дарга Л.Гантөмөрт хүргүүлжээ.

Хүсэлт/шаардлагад “Ардчилсан намаас УИХ-д нэр дэвшигчийг тодруулах журмын 1.2-т олон нийтийн санаа бодлыг үнэн зөвөөр тусгасан байна” гэж заасны дагуу жагсаалтад бичигдэх 48 нэр дэвшигчид нийт сонгогчдын 50 гаруй хувь, АН-ын нийт гишүүдийн 50 орчим хувийг төлөөлж буй Ардчилсан залуучуудын холбооны төлөөллийг оруулах, ингэхдээ Ерөнхийлөгчийг нэрсийн жагсаалтын эхний 10-т, мөн 11-20-д хоёр хүртэл, 21-48-д тав хүртэл төлөөллийг оруулах"-ыг хүсээд “Залуучуудын үзэл бодол, улс төрийн байр суурийг дэмжин, АЗХ-ны Гүйцэтгэх зөвлөлөөс гаргасан шийдвэрийг хүндэтгэн үзэж, хүсэлтийг нь хүлээн авна гэдэгт итгэлтэй байна” гэжээ.

Энэ талаар АЗХ-ны Ерөнхийлөгч Б.Ган-Очир "Жагсаалтад нэр цэвэр, шинэ залуусыг оруулах хүсэлт АН-ын даргад өгнө. Энэ сонгууль Ардчиллын сүүлийн сонгууль болох магадлалтай гэж харж байна. Монголын Ардчилалд албан бус улстөр гэдэг зүйл бий боллоо. Албан бус улс төр улс төрийн намуудыг, төрийн албыг эзэлж байна. Хамгийн аюултай нь ардчилсан сонгуулийг устгах нь. Улсын мөнгийг барьж сонгуулийг хийдэг ийм зүйлийг дэмжих ёсгүй.

Тиймээс шинээр реформ хийе гэж байгаа юм. Улстөрд оюутнуудын дуу хоолой, залуусын квот байх хэрэгтэй. 

УИХ-ын гишүүд нь үр хүүхдүүдээ улсын сургуульд сургасан цагт улсын сургуулийн чанар сайжирна. Тэд Зайсан тойрч биш, гэр хороололдоо амьдардаг болсон цагт амьдрал сайжирна. Ингэж л шударга ардчилал бий болно. 

Сонгуульд жагсаалтаар залуучуудыг оруулах хүсэлтэй байна. Намын дарга Л.Гантөмөр залуучуудыг дэмжихээ илэрхийлсэн. Салбар салбарын залуусыг Ардчилсан намаас дэмжинэ" гэлээ.

Баянзүрх дүүрэгт горилогч Ж.Баттуул, "Яг одоо улс төрийн намууд хэнийг нэр дэвшүүлэхээ тодорхойлох хариуцлагатай үе ирээд байна. Нөгөө л муу нэртэнгүүдийг дэвшүүлэх үү, шинэ боловсролтой залуусыг гаргах уу гэдгийг харах цаг боллоо. Энэ их хуралд залуучуудын төлөөлөл заавал байх ёстой. Тиймээс намын жагсаалтад залуусыг оруулах тал дээр дэмжих ёстой. Энэ зөвхөн АЗХ-ны хүсэлт биш, нийт монголчуудын хүсэл.

Өнөөдөр залуус үгээ хэлэх эрх чөлөөгүй байна, залуусын оролцоо улстөрд их ч тэд энэ бохир төрд орох хүсэлгүй харагдаж байна" гэлээ.

Түүнчлэн  АЗХ-ны зүгээс, "Олон нийтийн дунд нэр хүндээ алдсан, авлига албан тушаалын хэрэгт холбогдсон хүмүүсийг нэр дэвшүүлэхгүй байх ёстой. Нэмээд мөнгөний сонгууль болох ёсгүй.

Ардчилсан намын залуус нийт нэр дэвшилтийн 50 хувиас дээш квотыг нэр цэвэр, боловсролтой залуусыг дэвшүүлээсэй гэж хүсэж байна. Салбартаа нэртэй, мэргэшсэн боловсон хүчин улс төрд хэрэгтэй байна.

Эрх баригч МАН энэ улсыг цэвэр пи араар удирдаж байна. Одоо болсон. Засгийн газар гурилын үнэ нэмэгдсэн талаар нэг өглөө гэнэт л мэддэг. Үүнээсээ болж тооцоо судалгаагүй шийдвэр гаргадаг. Ард түмний уур бухимдал, эх орноо орхих залуусын тоо нэмэгдэж байна. Үүнд Ардчилсан намын залуус хариуцлага тооцно" гэв.

Судлаачдын үзэж буйгаар, 2024 оны УИХ-ын сонгуулиар залуу сонгогчид идэвхтэй оролцож, үр дүнд шийдвэрлэх нөлөө үзүүлэх магадлал өндөр байгаа. Үүнтэй холбоотойгоор МАН залуучуудаа бодлогоор дэмжиж, нэр дэвшүүлэлтэд зохих хэмжээнд нь байлгана, тэр дундаа туршлагатай улс төрчдөө тойрогт дэвшүүлж, залуучуудаа жагсаалтад оруулах бодлого баримталж байгаа. Төлөөллийг тэгш хангана гэж үзвэл нийт нэр дэвшигчдийн 50-иас дээш хувийг буюу 63 нэр дэвшигч 39 хүртэлх залуу байх ёстой. Тус нам сүүлийн нэг бус сонгуулиар залуучуудаа дэмжиж ажилласан бөгөөд энэ нь ялалт байгуулахад нөлөөлсөн гэж үзвэл Ардчилсан намын ялагдлын шалтгаан залуусаа дэмжилгүй, хуучин нэр дэвшигчдэдээ найдсантай холбоотой байсныг үгүйсгэхгүй юм.

Ямартай ч АН-ын дарга Л.Гантөмөрт намын дэргэдэх залуучуудын байгууллага нь хүсэлтээ хүргүүлсэн. АН-ын жагсаалтад бичигдэх нэрс энэ сарын 20-нд эцсийн байдлаар тодорхой болно. Харин Ардчилсан намын жагсаалт намынхаа хуучин лидерүүд, УИХ, ЗГ-ын гишүүнээр ажиллаж байсан улс төрчдийг оролцуулах уу эсхүл намынхаа залуучуудыг жагсаалтдаа багтааж, дэмжин, хүсэлтийг хүлээж авах эсэх нь анхаарал татаж байна. 



Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.187.97
    2024/05/16

    Удирдлага нь гэсэн нөгөө л цүнх баригч залуус харагдаад байна лээ

    Хариулах
  • 122.201.31.25
    2024/05/16

    Сүүлийн үеийн залуучууд хялбархан УИХ-ын гишүүн болчих санаатай...

    Хариулах
  • 66.181.177.78
    2024/05/16

    ганочир тойрогт үзэж ямар чансаатай улс төрч гэдгээ үз дээ

    Хариулах