“Хоосон хүнээс хоёр чихийг нь авахгүй юм бол өөр юу авах вэ” гэж үг бий. Хүнд эд зүйлсээ залилуулчихаад өршөөж байгаа хүн энэ үгийг ихэвчлэн хэлдэг. Манайд төрийн өмчит компани, төсвийн байгууллагаас их хэмжээний хөрөнгө луйвардсан хүмүүст Шүүх дээрх үгийг хэлж байгаатай ялгаагүй ор нэр төдий ял өгч, хэсэг хугацааны дараа өршөөдөг байдал газар авсан байсан. Хохирол барагдуулах шийдвэр гарсан ч биелэлт тодорхойгүй байдал ч газар авсан.
Энэ нь хэрэг үйлдсэн хүний цаана төрийн томчууд, харъяалагддаг бүлэглэлийнх нь толгой байдаг уу гэх хардлагыг өөрийн эрхгүй төрүүлдэг. Хэн нэгэн “дундаж амьтан”-ыг төрийн өндөр албан тушаалд тавьж, гэмт хэрэг үйлдэхээс өөр аррагүй байдалд оруулан баримтжуулаад хав дарж, шоронгоор дарамталдаг арга газар аваад байсан гэдгийг хуульчид барим тавим хэлдэг, нотолдог.
“Эрдэнэс Тавантолгой” ХХК-ийн захирал Б.Ганхуяг, УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан тэргүүтнүүд үүний жишээ. Гэвч хохирол нөхөн төлүүлэх маш хангалтгүй хэвээр байгаагийн жишээ нь мөн энэ хоёр болж байна. Шүүхээс Б.Ганхуягийг 9,9 тэрбум, Т.Аюурсайханыг 1.9 тэрбум төгрөгийн хохирол барагдуулах шийдвэр гарсан ч биелэлт тодорхойгүй.
Сүүлийн гурван жил Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар ямартай ч төрийн хөрөнгийг хэн хулгайлсан бэ гэдгийг мэдэхийн төлөө их хүч гаргаж ажиллалаа. Гэхдээ гэмт хэрэгтнүүдийг илчлэх нэг хэрэг, алдсан хөрөнгөө буцааж олж авна гэдэг өөр хэрэг. Ард түмэн “гонжоомтой хулгайчууд”-ад хариуцлага тооцохоос гадна учруулсан хохирлыг барагдуулах асуудал дээр шийдвэртэй алхам хийхийг эрх баригчдаас шаардаж байгаа. Өөрөөр хэлбэл, их хохиролтой иймэрхүү хэргүүдийг байнга дагалдсаар ирсэн “чихний түүх”-ийг чухам энэ Засгийн газар л эцэс болгоно гэж найдаж байгаа. Одоо гэхдээ ганц нэг дорвитой үр дүн гаргахгүй бол Ардчилсан нам л эцэс болгоно гэж найдаж эхлэх байх.
“Шувуу” ажиллагаагаар авчирсан хамгийн том авлигач Т.Бадамжунайн хэргээс Прокурорын байгууллага нь өөрөө идэвх зүтгэл гарган нэр бүхий этгээдүүдийг тусгаарлаж авч үлдсэн, үүнээс болоод шүүхийн шийдвэр удааширч байгаа жишээ ч байна.
Тиймээс Хууль зүйн сайд Б.Энхбаярын барьж авах №1 асуудал нь энэ, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн этгээдүүдийг хохирол барагдуулалтын явцын мэдээллийг ил болгох асуудал болж байх шиг байна. Илрүүлээд хав дарчихсан хавтаст хэрэг болгоныг ил гаргах хэрэгтэй. Хэргээс тусгаарлаж авч үлдсэн, хэн нэгэн албан тушаалтны зүрхэнд шар ус хуруулах үүргээ гүйцэтгэж байгаа хавтаснууд УМБГ-ын шүүгээнүүдэд олон байгааг ч сануулах хэрэг юун.
Шүүгээнээс нь долоон тэрбум төгрөг олдсон С.Батдөлийн хэргийн ард гэхэд албан тушаалтнууд байх л ёстой.
Эдийн засгийн гэмт хэрэг цадигаа алдсан, хохирогч нь ихэвчлэн төр өөрөө байдаг ийм нөхцөлд хэрэг шийдвэрлэлт, хохирол нөхөн төлүүлэх ажилд үр дүн гаргах нь угтаа эрх баригчдын хамгийн идэвхтэй хийх ёстой ажил. Гэтэл шүүх рүү буруугаа чихээд суугаад байгаа нь төр өөрөө далд эдийн засгийг хөхиүлэн дэмжиж байгаа юм шиг харагдуулж байгаа юм.
Эцэст нь хэлэхэд, “Үндэслэлгүй хөрөнгөжих” нь Эрүүгийн хуулийн 22.10 дугаар зүйлд нарийвчлан заасан, АТГ-ын хуулиар харьяалан шалгах 12 төрлийн гэмт хэргийн нэг бөгөөд АТГ 2020-2023 онд 1245 албан тушаалтны ХАСХОМ-ийг нарийвчлан шалгаад 221-д нь хуулийн дагуу хариуцлага тооцуулжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна