Улсын Их Хурлын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны хуралдаан өнөөдөр (2024.05.28) Төрийн ордны “Жанжин Д.Сүхбаатар” танхимд 16 цаг 15 минутад эхэлж, Биеийн тамир, спортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явууллаа.
Уг хуулийн төслийг Монгол Улсын Засгийн газраас 2024 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн юм. Хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаарх Ажлын хэсгийн танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Ц.Мөнхцэцэг танилцууллаа. Тэрбээр, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 02 дугаар тогтоолоор Хуулийн төслийг Улсын Их Хурлын чуулганы хуралдааны хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэгээр ахлуулан Улсын Их Хурлын гишүүн А.Адьяасүрэн, Т.Аубакир, Х.Ганхуяг, Б.Жаргалмаа, Ж.Чинбүрэн нарын бүрэлдэхүүнтэйгээр байгуулсан. Ажлын хэсэгт мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх ажлын дэд хэсгийг холбогдох яам, агентлаг, бусад байгууллагын албан тушаалтан, мэргэжлийн хүмүүсийн оролцоотойгоор байгуулан ажиллалаа. Ажлын дэд хэсэг нийт 5 удаа хуралдсан. Ажлын хэсэг 2024 оны 5 дугаар сарын 24, 28-ны өдрүүдэд хуралдаж, хуулийн төслийн талаарх зарчмын зөрөөтэй саналын томьёоллын төслийг хэлэлцэж гаргасныг гишүүдэд тараасан гэсэн юм.
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.10-д “Байнгын хороо хуулийн төслийг зүйл бүрээр нь хэлэлцэнэ” гэж заасныг үндэслэн хуулийн төслийн тухайн зүйлтэй холбогдуулан хууль санаачлагчаас болон бусад оролцогчоос асуулт асууж болно хэмээн хуралдаан даргалагч, Улсын Их Хурлын гишүүн Б.Жаргалмаа санууллаа.
Ийнхүү хэлэлцэж эхлэх үед Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхцэцэг Байнгын хорооны хуралдаан ажлын хуваариас хамааран Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаантай зэрэг хуралдаж байгаа учраас санал хураалтыг гар өргөж хураах горимын санал гаргав. Гишүүний саналыг дэмжих, эсэхээр санал хураалт явуулахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 66,7 хувь нь дэмжлээ.
Харин дараа нь Биеийн тамир, спортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаарх Ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй 20 гаруй саналын томьёоллын төслийг зүйл бүрээр хэлэлцэн шийдвэрлэсэн юм. Хэлэлцэж буй хуулийн төсөлтэй холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүн байсангүй. Зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураахад, санал бүрийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжлээ.
Харин Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяагаас дээрх хуулийн төсөлтэй холбогдуулан зарчмын зөрүүтэй гурван саналыг бичгээр ирүүлсэнийг Байнгын хорооны хуралдаан даргалагч Б.Жаргалмаа нэг бүрчлэн уншиж танилцуулан санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнгүй. Тухайлбал шинэчилсэн найруулгын төслийн 4 дүгээр зүйлийн 4.1.9 дэх заалтыг “спортын барилга, байгууламж гэж олон улсын спортын холбооны дүрэм стандартад нийцсэн, олимп, тив дэлхийн тэмцээн зохион байгуулах шаардлага хангасан орчин, хэрэгсэл тоног төхөөрөмж бүхий спортын зориулалтын барилга байгууламж, түүний дэд бүтцийг” гэж өөрчлөн найруулах, мөн зүйлд “Спортын танхим гэж иргэн, тамирчин биеийн тамир, спортоор хичээллэх бэлтгэл хийх, спортын тэмцээн зохион байгуулах зориулалт бүхий байгууламж, түүний дэд бүтцийг” гэж нэмэх саналыг олонх нь дэмжсэнгүй.
Биеийн тамир, спортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг зүйл бүрээр хэлэлцүүлж, Ажлын хэсгээс ирүүлсэн зарчмын зөрүүтэй санал бүр нь хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын дэмжлэг авсан тул хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэнд тооцож, Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов. Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд илтгэх төлөөллөөр Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхцэцэгийг томилсноор хуралдаан өндөрлөв гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна