“Эрдэнэс Оюу Толгой” ХХК болон “Оюу толгой” ХХК нар Хэрлэн-Тооно төслийн Техник эдийн засгийн үндэслэлийг шинэчлэх, тодотгол боловсруулах хамтын ажиллагааныхаа хүрээнд Ажлын даалгавар II баримт бичигт гарын үсэг зурлаа.
Монгол Улс, Улаанбаатар хот - “Эрдэнэс Оюу Толгой” ХХК болон “Оюу толгой” ХХК нарын хооронд 2023 оны 3 дугаар сарын 29-ний өдөр байгуулагдсан “Байгаль орчин, нийгэм, засаглалын Түншлэлийн гэрээ”-ний дагуу “Хэрлэн-Тооно” төслийн Техник эдийн засгийн үндэслэлийг (ТЭЗҮ) шинэчлэх, тодотгол боловсруулах хамтын ажиллагааны хүрээнд “Эрдэнэс Оюу Толгой” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Э.Ганхүү болон “Оюу толгой” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Дэйрдрэ Лингенфэлдер нар 01/2024 дугаар “Ажлын тодорхойлолт”-нд 2024 оны 5 дугаар сарын 31-ний өдөр гарын үсэг зурлаа. Энэхүү “Ажлын тодорхойлолт”-ын дагуу “Эрдэнэс Оюу Толгой” ХХК нь дээр дурдсан ТЭЗҮ-ийг шинэчлэх мэргэжлийн байгууллагыг сонгон шалгаруулах, захиалагчийн хяналтыг хэрэгжүүлэх юм.
Уг арга хэмжээний үеэр “Эрдэнэс Оюу Толгой” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Э.Ганхүү, “Хэрлэн-Тооно төслийн Техник эдийн засгийн үндэслэлийг шинэчлэх, тодотгол боловсруулах” энэхүү хамтын ажиллагаа нь амьд бүхний эх булаг болсон усны нөөцийг нэмэгдүүлэх чиглэлд чухал ач холбогдолтой ажлын эхлэл болж байна” хэмээн талархал илэрхийллээ.
“Оюу толгой” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Дэйрдрэ Лингенфэлдер, “Хоёр байгууллагын энэхүү хамтын ажиллагаа нь “Оюу толгой” ХХК-ийн шинэчилсэн стратегийн Хөрст дэлхий, Хамтын ажиллагаа тэргүүлэх чиглэлүүдийн зорилготой нийцэж байгаа бөгөөд “Хэрлэн-Тооно” төслийг Байгаль орчин, нийгэмд нөлөө багатайгаар хэрэгжүүлэх боломжтой эсэхийг тодорхойлох чухал ач холбогдолтой. ТЭЗҮ-ийг дотоодын болон олон улсын стандартад нийцүүлэн сайтар боловсруулахад талуудын хамтын ажиллагаа чухал” хэмээн онцолсон юм.
Дашрамд дурдахад, уг төслийн ТЭЗҮ-ийг анх 10 жилийн өмнө буюу 2014 онд хийж байжээ. Хөрөнгө оруулалт, барилгын ажлыг эхлүүлэхэд сүүлийн таван жилийн хугацаанд ТЭЗҮ-ийг шинэчилсэн байх шаардлага тавигддаг билээ.
“Оюу толгой” ХХК нь үндэсний хэмжээний усны аюулгүй байдалд дэмжлэг үзүүлэх стратегийн зорилгынхоо хүрээнд гол түншлэгч болох Монгол Улсын Засгийн газрыг төлөөлөх “Эрдэнэс Оюу Толгой” ХХК-тай хамтран “Хэрлэн-Тооно” төслийн ТЭЗҮ-ийг тодотгох төслийн санхүүжилтэд гурван сая ам.долларын дэмжлэг үзүүлэх юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна