Л.Оюун-Эрдэнэ: Өнөөдөр шинэ 30 жилийн түүх эхэлж байна

С.Гандэлгэр
2024/06/28

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр /2024.06.28/ УИХ-ын ес дэх удаагийн сонгуульд саналаа өглөө.

Тэрбээр "Бид хамтдаа 1992 оны шинэ Үндсэн хуулиас хойш ес дэх удаагийн УИХ-ын сонгуулиа өгч байна. Энэ удаагийн сонгууль хэд хэдэн зүйлээрээ онцлог. Нэгдүгээрт, бид анх удаа 76 УИХ-ын гишүүнтэй, нутаг дэвсгэрийн нэгжид тулгуурласан төлөөлөлтэй УИХ-ыг түүх болгон жаазлан үлдээж байна. Салбар, салбарын дуу хоолой бүхий 126 гишүүнтэй Монгол Улсын түүхэн анхны парламентыг энэ удаагийн сонгуулиараа бүрдүүлж байна. Энэ агуулгаараа сонгуулийн ирц урьд урьдынхаасаа өндөр байна гэж ажиглагдлаа.

Яагаад гэвэл хилийн чанд дахь монголчуудын төлөөлөл жагсаалтаар нэр дэвшиж орж байна. Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл тойргоос сонгогдож чадалгүй 34 жил болсон.

Энэ удаа анхны төлөөлөл УИХ-д сонгогдох боломж бүрдэж байна. Хувийн хэвшил, шинжлэх ухаан, үйлдвэрчний төлөөлөл парламентад жагсаалтаар нэр дэвшиж байна. Нийгэм маш их идэвхжиж байна. Үлдэж байгаа цаг хугацаанд залуус, ахмад настнууд, иргэд сонгогчид саналаа өгөхийг уриалж байна. Ардчилал гэдэг бол ард түмэн төлөөллөө сонгох сонголт. Ирц өндөр байх тусам олон улсын ардчиллын индекс ахиж байдаг. Бүгдээрээ ардчилсан сонгуульдаа идэвхтэй оролцохыг уриалж байна. Би сая 21 аймаг, нийслэлийн дүүргүүдээр 30 гаруй уулзалт хийлээ. Бүгдээрээ өнгөрсөн 30 жилийн нийгмийг дүгнэж байна. 

Энэ удаагийн сонгууль 30 жилийн хугацаанд явсан дүгнэлт байгаасай. Төр, иргэн хоёрын итгэл найдварын хамтын ажиллагааны сэргэлт байгаасай. Хамтдаа хотоо янзалж, бүсчлэн хөгжиж, ногоон байгууламжуудаа сэргээх, шинжлэх ухааныг дээдлэх, инженерүүдээ дээдлэх гээд зөвхөн улстөрчид бүгдийг тодорхойлох бус парламент ардчиллын дуу хоолой байгаасай билээ.

Өнөөдөр цоо шинэ 30 жилийн түүх эхэлж байна. Төлөөлөл бүхий парламент хэрхэн ажиллахыг, улс төрийн намууд хэрхэн бодлогын мэтгэлцээнд тулгуурлахыг хамтдаа харъя" гэлээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна