Л.Гантөмөр: Хэрцгийгээр амиа алдсан Б.Баянмөнх агсны ар гэрт хоёр өрөө байр авч өгнө

Zuv.mn
2024/06/29

УИХ-ын ес дэх удаагийн сонгуулийн санал хураалт дууссантай холбогдуулан  Ардчилсан намын дарга Л.Гантөмөр мэдээлэл хийлээ. 

Тэрбээр "Ардчилсан намыг дэмжиж саналаа өгсөн сонгогч нартаа гүн талархал илэрхийлж байна. АН эв нэгдлээ хангаж, сонгуульд орохыг хичээсэн. Харамсалтай нь АН-ын зарим гишүүд намынхаа эсрэг ажиллаж, эрх баригчдад худалдагдах зэрэг үйл явдлууд өрнөлөө. 

Гэсэн ч биднийг сонгосон 440.000 сонгогчийнхоо хүсч, мөрөөдөж буй авлигагүй нийгмийг байгуулахын төлөө бид ажиллана. Монголчуудаа ажлын байртай болгохын төлөө ажиллана. Монголчууд ядуу байгааг энэ сонгууль харуулж, дүгнэж өгсөн гэж хэлмээр байна. Өнөөдрийг хүртэл эрх баригчдын явуулсан бодлого асар их алдаатай байсан шүү гэдэгт ард түмэн дүнгээ тавьсан. Ард түмний сонголтонд бид хүндэтгэлтэй хандана. Эрх баригчид алдаатай бодлогоо засах хэрэгтэй. 

Бид өрнөөс гарах, авлигаас ангижрах бодлогыг хэрэгжүүлэхээ хэлмээр байна. Сонгуулийн явцад асар олон булхай, луйвар явсан. Тойрогт нэр дэвшсэн МАН-ын сайд дарга нар асар их хөрөнгө зарцуулсныг бүгдээрээ мэдэж байгаа. Ардчилсан намаас энэ удаа асар их мөнгө, эрх мэдлийн эсрэг дэвшсэн 78 нэр дэвшигчдээ чин сэтгэлийн талархал илэрхийлж байна. Монгол орны гадаад дотоод бодлогод засах юм их бий. Үүний төлөө бид ажиллана.

Бид сонгуулийн явцад Өвөрхангай аймгийн Сант сумын Ардчилсан намын дарга Б.Баянмөнх хэрцгийгээр амь насаа алдсан үйл явдалтай хүртэл бид тулсан. АН-ын даргын хувьд Б.Баянмөнх агсныгаа намынхаа дээд шагнал Чингис хааны одонгоор нэхэн шагнаж байна. Ар гэрт нь Өвөрхангай аймгийн төв дээр хоёр өрөө байрыг Ардчилсан намаас авч өгнө. Энэ хэрэг үнэн зөвөөр шийдэгдэх ёстой” гэв.




Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.57.93.68
    2024/06/29

    Компаны захирал л ийм юм ярина даа… ингээд ярьчвал гээд..бас нэг горидлого тээгээд бгаа юмуу даа

    Хариулах