Рио Тинто Улаанбаатар хотын төвд 10.2 га цэцэрлэгт хүрээлэн байгууллаа

Х.Есү
2024/07/05

Рио Тинто Монгол компани 58 жилийн түүхтэй Хүүхдийн паркийн баруун жигүүр дэх олон нийтийн эзэмшлийн 10.2 га газарт ногоон цэцэрлэгт хүрээлэн бүтээн байгууллаа. Уг цэцэрлэгт хүрээлэнгийн зураг төсөлд нийслэлийн иргэдээс ирсэн 10 мянга гаруй саналыг тусгаснаараа онцлогтой. 

Бүтээн байгуулалтын хүрээнд задгай ногоон театр, хүүхдийн тоглоомын талбай, иргэдийн тухлах сандал, сүүдрэвч болон өөрөө өөрийгөө нөхөн сэргээх чадвартай усалгааны бүрэн систем, цөөрөм зэрэг иж бүрэн тохижилт хийж, 40 мянга гаруй мод бутыг үе шаттайгаар тарьж, талбайн 80 хувийг зүлэгжүүлэв. Ингэснээр нийслэл хотод хүн бүрд хүртээмжтэй ногоон орон зай нэмэгдэж байна.