Үндэсний баялгийн санг удирдах “Эрдэнэс Монгол” нэгдэлд цахим шилжилт хийж, бие даан засаглах хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх замаар төрийн өмчит компаниудад реформ хийнэ гэдгээ Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Н.Учрал Эрдэнэс Монгол нэгдлийн харъяа, охин компаниудын удирдлагуудад мэдэгдлээ.
Үндэсний баялгийн санг удирдах “Эрдэнэс Монгол” нэгдэлд цахим шилжилт хийж, бие даан засаглах хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх замаар төрийн өмчит компаниудад реформ хийнэ гэдгээ Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Н.Учрал Эрдэнэс Монгол нэгдлийн харъяа, охин компаниудын удирдлагуудад мэдэгдлээ.
Тэрбээр өнгөрсөн бямба гарагт (2024.8.24) Багануур ХК-д болсон “Эрдэнэс Монгол нэгдлийн хагас жилийн тайлангийн хурал, өвөлжилтийн бэлтгэл ажил” зөвлөгөөний үеэр “Олон жил ярьсан баялагтаа эзэн Монгол зорилтыг хэрэгжүүлэхийн тулд хамтарсан Засгийн газар 2024-2028 оны үйл ажиллагааны төлөвлөгөөндөө хэд хэдэн зорилтыг тусгасан. Ирэх 4 жил 1 хүнд ногдох ДНБ-ийг 10 мянган ам.долларт хүргэх гол зорилтыг хэрэгжүүлэхэд “Эрдэнэс Монгол”-чууд та бүхэн ачаа үүрнэ. Цаашид улс төрийн тогтворгүй байдал, улс төржилтөөс үүдэх хүндрэлийг даван туулах, үйл ажиллагааныхаа үр ашгийг нэмэгдүүлэх шаардлага тулгарч байгаа” хэмээн нөхцөл байдлыг тодорхойлов. Түүний илтгэлээс харвал уул уурхайн төрийн өмчит компаниудын шинэчлэл доорх хүрээнд явагдах нь.
Previous
Next
Хамтарсан Засгийн газрын үйл ажиллагааны төлөвлөгөөнөөс харвал 14 мега төслийн 10 нь “Эрдэнэс Монгол” ХХК-ийн дунд хугацааны стратегид тусчээ. Тиймээс улс төрийн гол намууд олон жил гацсан эдгээр төслийг явуулахаар хамтарсан Засгийн газар байгуулагдсан нь улс төрийн хамгаалалт болж буй аж. Үүнтэй зэрэгцэн аж үйлдвэржилтийн сэргэлт, эрчим хүчний сэргэлт, боомтын сэргэлт гээд дунд хугацааны хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлж, эдийн засгийн өсөлтийг ирэх 4 жилд 5-6%-д барихын тулд 10 гаруй хууль, журамд өөрчлөлт оруулахаар бэлтгэсэн байна.
Юуны өмнө нэгдлийн харъяанд байдаг ТӨҮГ-уудыг ХХК, ХК болгож, компанийн тухай хуулиар зохицуулж, ТУЗ-ийн бүрэлдэхүүнийг олон улсын жишигт нийцсэн бүтэцтэй болгоно. Тус нэгдлийн ТУЗ-ийн дарга, ЗГХЭГ-ын Салбарын бодлого зохицуулалтын газрын дарга Ш.Мөнхцэрэнгийн хэлснээр 2022 оноос хойш үр ашиггүй ажиллаж байсан 6 компани, 2 төслийн нэгжийг татан буулгаж, ТУЗ-ийн 269 гишүүнийг 66 болгон цөөлж, хараат бус гишүүдийг 51% болгож нэмэгдүүлсэн байна. Гэвч ТУЗ-д төрийн албан хаагчдын тоо компанийн төлөөллөөс олон байна. Тиймээс Компанийн тухай, Үндэсний баялгийн сангийн тухай хуульд засаглалын зөв харьцааг бий болгох, төрийн болон толгой компани, харъяа компаниудын чиг үүргийг тодорхой болгох зохицуулалт хийх аж. Энэхүү шинэчлэл нь алсдаа олон нийтэд нээлттэй компани болоход чиглэж буй.
Хууль эрх зүйн хүрээнд хийх бас нэг шинэчлэл нь, уул уурхайн бүтээгдэхүүний үр ашгийг нэмэгдүүлж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд чиглэсэн хууль журмын өөрчлөлтүүд байна. Н.Учрал “ДНБ 17% өсөж эсвэл -5%-иар буурч байхад ард түмэнд мэдрэгдэхгүй байгаа нь нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж чадахгүй байгаагийн илрэл юм. Тиймээс эдийн засгийн макро өсөлтийг хөргөгчиндөө оруулахын тулд халамж тарааж, цалин тэтгэвэр нэмэхээс илүүг хийх хэрэгтэй болж байна. Аж үйлдвэржилт нь хувийн хэвшлийг дэмжих, ажлын байрыг нэмэгдүүлэх, ядуурлыг бууруулах шийдэл юм. Тиймээс аж үйлдвэрийн эко системийг угсрах эрх зүйн орчныг нь сайжруулна” гэв. Уул уурхайн салбарын суурь хуулиудаас гадна татвар, гааль, эрчим хүч, тендэрийн болон төр, хувийн хэвшлийн түншлэлийн хуулиудад өөрчлөлт оруулж, үйлдвэржилтийн бат бөх, уян хатан гинжин хэлхээг бий болгохоор зорьж буй аж.
Товчхондоо, төрийн өмчит уул уурхайн компаниудад хийх эрх зүйн шинэчлэл нь Үндэсний баялгийн санг үр ашигтай удирдаж, байгалийн баялгийн өгөөжийг иргэн бүрд хүртээхийн тулд хараат бус засаглалыг бүрдүүлэх, Засгийн газрын дунд хугацааны бодлого болох Шинэ сэргэлтийн бодлогыг хэрэгжүүлэхэд чиглэх нь.
Дөнгөж өнгөрсөн долоо хоногт төрийн шийдвэр гаргалтыг оновчтой болгохын тулд 8 төрлийн 54 үзүүлэлтийг нэгтгэсэн их өгөгдлийн дашбоардыг Засгийн газрын гишүүдэд хэрэглүүлж эхэлснээ мэдэгдэж байсан Н.Учрал төрийн өмчит уул уурхайн компаниудын үйл ажиллагааг цахимжуулна гэдгээ мөн зарлалаа. Тэрбээр “Их өгөгдөлд суурилсан шийдвэр гаргалт нь дэлхийн хөгжлийг тодорхойлж байна. Технологийн тусламжтай төлөвлөлтөө зөв хийж, эргээд гүйцэтгэлээ ойлгомжтой үнэлэх боломжтой болно. Ажлын төлөвлөлт, гүйцэтгэлтэйгээ уялдахгүй учраас л бүтээмж муу байгаа юм. Тиймээс үйл ажиллагааг нь ил тод, үр ашигтай болгож, ард түмний хяналтад аваачихын тулд олон улсад хэрэглэдэг цахим удирдлагын системийг нэвтрүүлнэ” гэв.
“Эрдэнэс Монгол”-ын үйл ажиллагаа одоо төсөл бичиж, түүхий эд экспортлох төдийгөөр хязгаарлагдахаа больсон. Нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэл, үйлдвэр технологийн дэд бүтэц, ложистикийг хариуцаж, Үндэсний баялгийн санг удирддаг болсон. BHP, Rio Tinto гээд дэлхийн уул уурхайн аваргууд шиг түүхий эдийн нэмүү өртгийн гинжин хэлхээг хамарсан цогц систем болж буй учир олон улсын жишгийн дагуу ERP систем нэвтрүүлж, үйл ажиллагааны уялдааг хангаж, их өгөгдөлд суурилсан шийдвэр гаргах шинэчлэл хийхийг Монголын алсын хараа, дэлхийн хөгжил шаардаж байна. Нэгдлийн гүйцэтгэх захирал С.Наранцогт “ERP-г нэвтрүүлэх төлөвлөгөө, худалдан авалтыг зохион байгуулах ажлыг энэ онд эхлүүлж, үе шаттай нэвтрүүлснээр 2027 он гэхэд хэрэгжүүлж дуусгах төлөвлөгөөтэй” гэж ярилаа.
Тус компани 2024 оны эхний хагас жилд гэхэд 9 их наяд орчим төгрөгийн борлуулалтын орлоготой ажилласан бөгөөд оны төгсгөлд 17 их наяд давах төлөвтэй байна. Ердөө 2 жилийн өмнө л манай улсын төсвийн орлого ийм дайных байсан гэж үзвэл энэ их баялгийн үр ашгийг ард түмэн хүртэж, алган дээрээ тавьсан мэт харах цонх нь технологи болж байна.
Уул уурхайн компаниудын худалдан авалт эдийн засагт өгөөж өгч, ЖДҮ эрхлэгчдийг дэмжих нэг чухал эх үүсвэр болдог. Шилэн дансны мэдээллээс үзвэл нэгдлийн харъя компаниуд энэ онд 4.8 их наяд төгрөгийн 3200 гаруй бараа, үйлчилгээ худалдан авахаар төлөвлөжээ. Гэтэл манай улсын 2024 оны улсын төсвийн хөрөнгө оруулалт үүний 70-80%-тай л тэнцдэг. Хэрэв худалдан авалт ил тод байвал эдийн засагт өгөөж болж очно, үгүй бол авлига, ашиг сонирхлын зөрчлийг улам гааруулах аюултай гэсэн үг. Тиймээс бэлтгэн нийлүүлэгчдэд тэгш боломж олгох, хүний оролцоог багасгаж, авлига ашиг сонирхлын зөрчлөөс сэргийлж, нэгдлийг чанар стандартын шаардлага хангасан бараа, үйлчилгээгээр хангахад худалдан авалтын нэгдсэн платформтой болгох аж
Шилэн реформ хийх гурав дахь хүрээ нь хиймэл оюунд суурилсан хүний нөөцийн сонгон шалгаруулалтын олон улсын сайн жишгийг нэвтрүүлэх юм байна. Эдийн засгийг бүрдүүлдэг мэргэжлийн салбарын хувьд уул уурхайд улстөрчдийн нөлөөллөөр чадваргүй хүмүүс орохоос сэргийлэхэд хүний нөөцийн нэгдсэн сан чухал үүрэгтэй гэдгийг ЗГХЭГ-ын дарга онцоллоо. Нэгдлийн хэмжээнд ажиллагсдын тоо 2019 оноос хойш 6 дахин нэмэгдэж, 2024 оны байдлаар 18 мянга даваад байна. Энэ нь уул уурхай, олборлох салбарт ажиллагсдын гуравны нэг нь төрийн өмчит уул уурхайн компаниудын дээвэр дор байна гэсэн үг. Стратегийн бүтээн байгуулалтыг хийхэд дахиад 4100 гаруй нарийн мэргэжлийн өндөр ур чадвартай боловсон хүчин хэрэгтэй болно. Тиймээс сонгон шалгаруулалтыг ур чадварт суурилсан, хүний оролцоо багатай хийж, цаашлаад нэгдлийн хэмжээнд хүний нөөцийн ухаалаг засаглалыг бий болгоход энэхүү шинэчлэл чиглэж буй аж.
Энэ бүх шинэчлэлийн үр дүнд Үндэсний баялгийн сангаар дамжуулан айл өрх бүрд байгалийн баялгаас олсон орлогыг хүртээх, Засгийн газар олон жил гацсан хөгжлийн төслүүдээ хөдөлгөх гэсэн 2 л гол хүлээлт байна. Эхнээсээ ажил хэрэг болоод явж байгааг С.Наранцогт захирал мэдээлсэн. Байгалийн баялгийн өгөөжийг иргэдэд шууд хүртээх зам нь Хуримтлалын сан бөгөөд одоогоор 500 тэрбум төгрөгийг хуримтлуулжээ. Цаашид 2040 он гэхэд 30 их наядын орлого төвлөрүүлэх төсөөллийг гаргасан байна. Хуримтлалын сан бол иргэдийн эрүүл мэнд, боловсролын үйлчилгээ, орон сууцны санхүүжилтэд зориулсан зохицуулалттай.
Үндэсний статистикийн хорооны мэдээнээс харвал 1 өрхийн сарын дундаж зарлага 2.6 сая төгрөг байгаа бөгөөд үүний 50-60%-ийг боловсрол, эрүүл мэнд, орон сууцны санхүүжилтдээ зарцуулж байна. Тэгэхээр Хуримтлалын санд төвлөрүүлэх 30 их наяд төгрөг гэдэг 15 жилийн хугацаанд 100 гаруй мянган өрхийн боловсрол, эрүүл мэнд, орон сууцны санхүүжилтэд хүрэлцэх хөрөнгө гэж ойлгож болох нь. Тус санд энэ онд төвлөрүүлсэн 500 тэрбум төгрөгийг орон сууцны санхүүжилтэд зарцуулж эхэлсэн бөгөөд 2025 оноос иргэдийн боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээнд зориулахаа Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Үндэсний баялгийн сангийн нээлтийн үеэр мэдэгдсэн юм.
Шинэчлэлийн бодлого, цар хүрээг харвал байгалийн баялгийн өгөөжийг урьдынх шиг хавтгай халамж болгож, цалин тэтгэвэр нэмэх төдийгөөр хардаг байсан үе ард хоцорсон гэж найдъя. Бэлэн мөнгө хэлбэрээр эдийн засагт оруулж, төгрөгөө үнэгүйдүүлдэг жишгийг халж байгаа гэж итгэе. Харин эдийн засгийн салаа мөчрүүдээрээ дамжуулан нэмүү өртөг шингэсэн, үр шимээ өгсөн шинэчлэлийг уул уурхайн төрийн өмчит компаниудад хийх нь ээ гэж ойлгоё.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна