"Боржуур"-ын "мафи"-ийг илрүүлэх чухал уу, гаднын тагнуулыг илчлэх чухал уу

Zuv.mn
2024/09/11

Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар өнөө өглөө "Ерөнхийлөгч асан Х.Баттулга, УИХ-ын дарга асан З.Энхболд нарыг "Гаднын тавиул маягаар ажилладаг" гэсэн ноцтой мэдэгдлийг цахим орчинд хийлээ. 

Түүний мэдэгдлийн гол агуулга нь Нийслэлд явагдаж буй зам засвар, шинэчлэлтийн ажлыг зогсоож, гүйцэтгэгч Аж ахуйн нэгжүүдэд аудитын шалгалт оруулах эсэх асуудлаар нийтийн санал асуулга явуулах асуудал байсан ч Ерөнхийлөгч асан Х.Баттулга, УИХ-ын дарга асан З.Энхболд нартай холбоотой мэдэгдэл нь олон нийтийн анхаарлыг илүүтэй татсан.

Тэрбээр Ерөнхийлөгч асан Х.Баттулгын нарийн царигтай төмөр замын концессыг зогсоон зэрэг үйлдлүүдийг дурдаж, улс орны боломжийг үгүй хийж, хөгжлийг зогсоосон гэж буруутгаад З.Энхболдтой хамтатган, "Эдгээр хүмүүс Монголд гаднын тавиул маягаар ажилладаг" хэмээн тов тодорхой хэлсэн нь шуугиан тарьсан.      

Учир нь тэрбээр тэдэнд хаягласан үгээ иргэн Х.Нямбаатарын хувиар биш, "Хууль зүй дотоод хэргийн сайдаар ажиллаж байсан хүний хувьд" хэмээн тодотгож хэлсэн нь олон нийтийг талцуулж, бордюрын компаниудаас илүүтэйгээр учир начрыг нь олох ёстой асуудал гэсэн байр суурийг илэрхийлж байгаа юм.  

Өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулиар УИХ-ын гишүүн УИХ-ын танхимд хэлсэн үгэндээ хариуцлага хүлээдэггүй. Харин Х.Нямбаатар өдгөө төрийн түшээ байхаа больсон. Тодруулбал, түүний хашиж буй Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн албан тушаал нь нийтийн албан тушаалд тооцогддог бөгөөд хэлсэн үгэндээ хариуцлага хүлээх учиртай. Өөрөөр хэлбэл, хууль хяналтын байгууллага Х.Нямбаатараас дээрх асуудлаар тайлбар авах ёстой гэсэн байр суурийг илүүтэй илэрхийлж байгаа юм.

Орон нутгийн сонгууль хэмээх том эрх ашиг ийнхүү Хотын дарга Х.Нямбаатарыг өөрийнх нь хэлснээр "Женкогийн лайвчин бацаанууд"-ын араас лайвчин болгосон төдийгүй цаашид хууль зүйн үр дагавар авчрах ноцтой мэдэгдлүүдийг хийхэд хүргэлээ.  

Хачирхалтай нь, түүнд гаднын тагнуулаараа дуудуулсан хоёрын нэг болох УИХ-ын дарга асан З.Энхболд Х.Нямбаатарын лайвын дараахан мөн л цахим орчинд хариу мэдэгдэл хийхдээ "Гаднын тавиул" гэдэг агуулгад огт ач холбогдол өгсөнгүй, "бордюр хагалах боломжгүй байсан" гэдгээ л нотлохыг оролдсон нь сонирхолтой. Түүнчлэн тэрбээр Х.Нямбаатар өөрийг нь гүтгэсэн гэдгийг хэлж, "Ийм тэнэг санаа Х.Нямбаатараас л гарна" гэсэн ч Цагдаад өгнө гэсэнгүй, "Цагдаад өгнө шүү" гэж анхааруулаад өнгөрсөн нь олны гайхшралыг төрүүлж, тавиулын тухай яриаг нь хүлээн зөвшөөрсөн мэт сэтгэгдэл төрүүлснийг эцэст нь тэмдэглэе.



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.161.11
    2024/09/11

    hugiin hujaa tagjgar hulgaich uhehnee

    Хариулах
  • 66.181.161.13
    2024/09/11

    Ха ха ха мөн гоёо бродюр тэгээд тагнуул уу? бродюр болгонд камер чаацан аан эрүүл хүн байна уу? Баттулга Энхболд хоёр гадаадын тагнуул уу? Нямбаатараа архи уучихаагүй биз инээдтэй хөсрийнүүд юмаа.Улс төрчдөө хошин шогийн продакшнууд ажилгүй болоод тэд аймаар өлсөж байгаашт та нар больчихооч эд нар ганц нэг тоглолт хийгээд аяга хоолоо олж идэг көөркөс

    Хариулах