Газрын гүний дулааныг ашиглаж дэвшилтэт технологийг нэвтрүүлэн халаалтаа шийдсэн жишиг төслийг Чингэлтэй дүүргийн 15 дугаар хорооны 83 дугаар цэцэрлэгт хэрэгжүүлсээр гурав дахь намартайгаа золгож буй нь энэ.
Тодруулбал, Хайлааст орчимд байрладаг, төвийн дулаанд холбогдох боломжгүй, алслагдсан, 24 цагийн үйл ажиллагаатай 83 дугаар цэцэрлэгийг газрын гүнээс халаах болсноор түүхий нүүрс хэрэглэдэг уурын зуухыг халж, цахилгаан халаалтаас 3 дахин хэмнэлт үүсгэж, сард төсвөөс 4 сая төгрөгийг хэмнэх болжээ.
Тооцоолбол, өнгөрсөн гурван жилд төсвөөс 96 сая төгрөг хэмнэсэн байна.
Уг төслийг “Улаанбаатар хотын Цэвэр агаар нэмэлт санхүүжилтийн төсөл”-ийн хүрээнд НИТХ-ын төлөөлөгч З.Төмөртөмөө тухайн үед Нийслэлийн засаг даргын орлогчоор ажиллаж байхдаа санаачлан хэрэгжүүлж цэцэрлэгийн халаалт болон хэрэглээний халуун усыг газрын гүний дулааны системээр шийдсэн юм.
83 дугаар цэцэрлэгийн суралцагчдын 60 хувь нь зорилтот бүлгийн хүүхдүүд. Галлагаатай гэр, байшинд амьдарч модон жорлон хэрэглэдэг жаалууд тав хоног цэцэрлэгтээ ая тухтай амьдрах тул аав, ээж, асран хамгаалагчид нь ч цэцэрлэгт нь тун дуртай. Энэ технологи нь мөн агаарын бохирдол, орчны тоосжилтыг бууруулжээ.
Намрын энэ хүйтэн өдрүүдэд 83 дугаар цэцэрлэг нийтээр халаах хугацааг хүлээж жихүүцэж суухгүй, өөрсдийн эх үүсвэрээсээ хүссэн цагтаа шаардлагатай хэмжээгээр халаалтаа тохируулаад авчихна.
Сургууль, цэцэрлэгийн хичээлийн байрны хүртээмж, засвар үйлчилгээ, стандарт төд удалгүй дулаалга ая тухын асуудал ар араасаа хөврөх энэ цагт 83 дугаар цэцэрлэгийн эл шийдэл бол хаана хаанаа анхаарч анзаарч өлгөж авмаар сайн жишиг болж байна.
Иргэдийн бодит амьдралын болох, болохгүйг сайтар мэдэрч асуудлыг нь төрийн бодлого шийдвэртэй чадамгай холбож чаддаг туршлагатай сайн менежер залуус энэ мэтээр бодит үр дүнтэй, иргэдэд өгөөжтэй олон ажлыг хийсээр байгаа нь сайшаалтай.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна