Яагаад М.Тулгатыг багаар нь дэмжих ёстой гэж...!?

Х.Есү
2024/10/02

1990 оны Ардчилсан хувьсгалын гол зорилго юу байсан бэ? Хулганы хамраас цус гаргахгүйгээр хийсэн хэмээн түүхэнд үлдсэн цагаан морин жилээс бидэнд юу үлдэв? Нэгэн жарны турш нэг намын үзэл сурталд бөхөлзөж, бөгтийж, бүдрэх ч эрхгүй явсан цөөхөн монголчуудад ардчилал яг юу авчрав? Үг хэлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөөгөө олж авсан гэж олонхи нь хариулах байх. Тэр нь ч үнэн. Гэхдээ хариултыг холоос хайх хэрэггүй. Амьсгалах агаар, алхаж яваа хөрсний бохирдол нь аюулын харанга дэлдэж эхэлсэн нь ардчиллын он жилүүдэд бүтээсэн бидний ололт. Хүн нь байтугай автомашин нь зам дээрээ багшралдаж, бас түгжрэхийн хэрээр тэг зогсолт хийх нь энүүхэнд, энгийн үзэгдэл болсон нь мөн л ардчиллын ололт. Хүүхдүүд тоглох, хөгшид нарлах хэсэгхэн газрыг тал, талаас нь таллаж хумсалж, хашаалсаар хүн биш барилга, байшин бүхий бетонон ширэнгэн хотыг бий болгосон нь ардчиллаас олж авсан гашуун бөгөөд хамгийн бодит ололт.

Амьсгалахдаа ч, алхахдаа ч, замын хөдөлгөөнд оролцохдоо ч, ер нь Улаанбаатарт амьдардаг нь үнэн л юм бол Та хэдийнэ “туршилтын туулай” болсон гэсэн үг.  Гэх мэтээр тоочвол үг хэлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхээ тайван замаар олж авсан нь Ардчилсан хувьсгалын хамгийн том ололт, үгүйсгэж болохгүй үнэн ч хагас жарны хугацаанд эсрэгээрээ хөгжлийн капитал хүнийхээ эрхийг баллуурдсан олон зуун шийдвэрийн золиос нь нийслэл, хохирогч нь хотын иргэд өөрсдөө болсонд асуудлын зангилаа оршиж байгаа юм. Нуух аргагүй үнэн нь л энэ. Тэртээ 1990-ээд онд ардчиллын салхи сэвэлзэхэд “Хонх”-ын С.Цогтсайхан агсан зүгээр ч “Албан тасалгааны цонхоор, Амьдрал сайхан харагдана” гэж дуулаагүй юм шүү. Гагцхүү цаг цагаараа байдаггүй ажээ.

2016 оноос нэг нам дангаараа засагласан он жилүүдэд үг хэлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх ардчилсан хувьсгалаас олж авсан амин үзүүлэлт өдрөөс өдөрт хумигдаж, 1990 оноос өмнөх үеийг дээгүүрээ санагалзах болсон энэ цаг үед үзэл баримтлал, үнэт зүйлээрээ нэгдсэн залуучууд нэг баг болж, нийтийн эрх ашгийн төлөө дуу хоолойгоо хүргэхээр бодлого ярьж, шийдлээ танилцуулж эхэллээ. Юуны, хэний тухай бичих гээд байгааг уншигч Та магадгүй гадарласан байж таарна. Мэдээж тэр нь Баянзүрх дүүргийн ИТХ-д Ардчилсан Намаас нэр дэвшигчид. Баянзүрх дүүргийн АН-ын зүгээс сонгуульд олонхийн суудлыг авч ялалт байгуулсан тохиолдолд НИТХ-ын төлөөлөгч Майнбаярын Тулгатыг Баянзүрх дүүргийн Засаг даргаар ажиллуулахаа зарласнаараа онцлог.