Айсуй утаа нэг их наяд төгрөгийн үнэтэй

Х.Есү
2024/10/03

Шөнөдөө хасах хэм рүү орж хүйтрэх өдрүүд урд хүлээж байна. Даарахгүйн тулд гал түлнэ. Утаагүй түлшээ түлж, дахиад л угаартана даа гэхээс хот даяараа далдхан айдас хүйдэстэй.

Биеийн өндрөөрөө утааны хамгийн гүн бохирдолтой хэсгээр амьсгалж байгаа хүүхдүүддээ санаа зовниж түгших юм. Шинэ жилийн баяр хурдан болоосой гэж улс улсын хүүхдүүд хүсдэг бол Монголд “өвөл битгий болоосой” гэж хүснэ.

2008-2016 онд утааг бууруулах нэрдийлээр 550 тэрбум төсөвлөж агаарт хийсгэсэн. Харин 2017-2020 онд 456 тэрбум төсөвлөж, үүний 287 тэрбум нь шууд иргэдийн халааснаас гарч утааны эсрэг ажил өрнүүлсэн нь өнөөдөр аль хэдийнэ ээ утаа болж хувираад бид жил жилийн өвөл түүгээр нь амьсгалж байна. Үндсэндээ эрх баригчид биднийг утаанаас салгана хэмээн 1 их наяд төгрөгийг төсөвт суулгасан нь айсуй утааны үнэ аж.

Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагаас Монголд утаанаас үүдэлтэй хатгалгаар өвчилсөн хүүхэд нийт өвчлөлийн 50 хувийг бүрдүүлж байна гэдгийг онцолсон байдаг.

Гэтэл Засгийн газрынх нь олж шийдсэн ганц арга нь 80 мянган яндан нэмэх. Амьжиргааны түвшнээс доогуур, зуух нь асуудалтай 70-80 мянган айл өрхөд нэн яаралтай давхар шатлалтай, шүүлтүүртэй зуухыг ашиглуулах төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлдэг ийм төртэй.

2022 онд угаарын хийд хордсон 457 дуудлага бүртгэгдэж, 26 хүн угаартаж нас барж, 2024 онд энэ тоо нь тав дахин өссөн. Хоцрогдмол бодлого гэж энэ. “Утаагүй Улаанбаатар” гэсэн гоё нэртэй муухай хөтөлбөрөөр удаа дараа төсвийн мөнгөнөөс 9.6 тэрбумыг хумсалсан. 2023 онд энэ дүнгээ НИТХ батлаагүй байхад 38 тэрбум болгож 3.5 дахин нэмээд оруулчихсан байх жишээтэй.

Энэ мөнгөөр овоо олон айлыг орон сууцанд хамруулах боломжтой байлаа. Гэр хорооллын айл өрхүүдийг орон сууцжуулна гэж яриад л байдаг. Гол нь ипотекийн зээл гэж гацаа түгжээ, хүнд суртал н дийлдэхгүй, олдохгүй. Зээлийн хүү болон урьдчилгаа дүнг бууруулна гэж сайхан амладаг ч ачир дээрээ яг бодитой хэрэгжээд, гэр хорооллын айлууд шингэрээд байсан нь үгүй.

Нөгөө талаар гэр хорооллын айл өрхүүд яндангаа цөөлье гээд цахилгааны аргаар дулаанаа шийдэх арга руу шилжэхээр зэрэг цахилгааны үнэ нь өсөөд салахгүй. Ирэх 11-р сараас цахилгааны үнэ өсч, шөнийн тарифыг цуцлана гэх юм яригдаад эхэлсэн.

Үндсэн хуульд заасан “Эрүүл аюулгүй орчинд амьдрах” суурь эрхээ ч эдэлж чадахгүй, нийслэлчүүд жил ирэх бүр үнэ өртөг нь хэтийдсэн, хоосон амлалт бүхий утаа шиг шийдвэрээр нь амьсгалсаар л байх бололтой. Өвөл айсуй үеэр “Угаарын хийд хордсон хүнд үзүүлэх анхан шатны тусламж” нэртэй хэдэн суртал танилцуулга сонсоод суух хувь тавилантай Улаанбаатарчуудад утаанаасаа салах шийдэл олдох нь уу.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна