Шинэ үе инновацлаг, гүйцэтгэл сайтай, хариуцлагатай менежерийг сонгож байна

Х.Есү
2024/10/05

Баянгол дүүргийн ИТХ-д нэр дэвшиж буй Дашнямын Ихбаярыг нийслэлчүүд сайн таньдаг болсон. Түүний намтар тэр чигээрээ Баянгол дүүрэгтэйгээ холбоотой. Баянгол дүүрэгтээ төрсөн, сурсан, төгссөн, ажилласан гэхчлэн. Сонирхолтой нь түүний амьдралд тохиолдсон үйл явдлууд цаг хугацааны машинд суусан мэт цагаасаа эрт өрнөчихөөд байдаг нь хувь тавилангийн  товчлол мэт санагдана. Жишээ нь хоёр удаа анги дэвшсэн учраас 15 настай дунд сургуулиа төгссөн. Төгсөнгүүтээ МУИС-д шалгалт өгөөд шинээр нээгдсэн монгол япон хэл орон судлалын ангид шалгалт өгөөд тэнцэж оюутан болж 19 настайдаа төгссөн. 2007 онд Лондонд суралцаж байсан боловч анкетдаа огт бичдэггүй юм билээ. Ингээд 21 настайдаа Лондонгоос ирээд Их засаг олон улсын их сургуульд гадаад харилцааны мэргэжилтнээр ажилд орсон. Хэдэн сарын дараа Их засаг лицей ерөнхий боловсролын сургуулийн захирлаар томилогдож таван жил ажилласан байдаг. Энэ хугацаандаа Их засаг олон улсын их сургуулийнхаа эрх зүйн эчнээ ангид бакалавраар, Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн  хэл шинжлэлийн магистраар тус тус төгссөн. Гэхчлэн нилдээ товчлолоор туучсан байгаа биз. 

No description available.

  Төрд ирсэн Ихбаяр буюу баянголчуудад үйлдсэн буян

Сургуулиудаа төгсөөд 2013 онд төрийн албанд шилжихдээ мөн л төрөлх Баянгол дүүргээсээ ажлын гараагаа эхэлжээ. Тус дүүргийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн төвийн анхны даргаар томилогдож ажилласан. Одоо тэр төв нь дүүргийн нэгэн хэлтэс болсон. Тухайн үед Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн төвийн ажлыг ёстой л цоо шинээрээ, зөвхөн цаасан дээр байхад нь үйл ажиллагааг нь жигдрүүлээд дараагийн  “цаасан дээрх” төрийн байгууллагын ажлаа хүлээж авсан нь Баянгол дүүргийн жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төв байлаа. Энд тэрбээр ямар сайн менежер болохоо харуулсан төдийгүй баянголчуудтай жинхэнэ биечлэн танилцаж, заримынх нь хувьд насаараа марташгүй мөр үлдээсэн байдаг. Өөрөөр хэлбэл тус дүүргийн бичил үйлдвэрлэл эрхэлдэг ААН, өрхийг, иргэдийг дэмжих зорилготой төвийг анх байгуулаад олон зүйлийг хийснээрээ бизнесийнх нь гарааг эхлүүлчихээд яваад өгснөө өөрөө ч анзаараагүй юм билээ. Юу гэвэл, тэр үед одоогийн гуравдугаар хорооллын “Минж плаза”-гийн гадаа “Баянгол дүүргийн жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төв” гэсэн хаягтай хөх цэнхэр асаруудыг зарим нь санах л байх. Анхны гадаах асарт түрээс авахгүйгээр үзэсгэлэн худалдааг дулааны улиралд сэрүүн ортол ажиллуулахаар зохион байгуулж байв.  Үйлдвэрлэгчдээ сурталчлах зорилгоор “Баянголд үйлдвэрлэв” нэвтрүүлгүүд, сэтгүүл гаргадаг байж. Түүний байгуулсан төвийн үйл ажиллагаан дээр суурилж бизнес минь цэцэглэн хөгжсөн шүү гэдэг үгийг одоо тэднээсээ сонсох нь олонтаа. Ингээд зундаа гадаа худалдаагаа хийгээд, өвөлдөө түрээсийн хөнгөлөлттэй том танхимд цагаан сар, шинэ жилийн үзэсгэлэн худалдаа тогтмол гаргана. Мөн Эрээн, Хөх хотод болж байгаа үзэсгэлэн худалдаанд үйлдвэрлэл эрхлэгчдээ тогтмол оролцуулах зэргээр үйлдвэрлэгчдийнхээ бараа бүтээгдэхүүний нэр төрөл, тоо хэмжээг нэмэгдүүлэхэд ихээхэн анхаарч ажилладаг. Гар үйлдвэрлэл эрхлэгчдээ оёдлын машин болон хэрэгцээтэй тоног төхөөрөмжөөр нь хангадаг байсан зэрэг олон бодитой туслалцааг үзүүлсэн буянтай үйлээр энд мөрөө үлдээжээ.

Карьер өсөхийн жаргалыг үзэх сөгөөгүй Ковидтой “тулалдсан” нь

Тэрбээр 2016 онд буюу дүүргийн Засаг дарга Ж.Сандагсүрэн, Нийслэлийн Засаг дарга С.Батболд нарын үед Сонгинохайрхан дүүргийн Хүнс, худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээний хэлтсийн даргаар томилогдож ажилласан байдаг. Ингээд 2018 онд Нийслэлийн МАН-ын хороонд Сургалт судалгаа, олон нийттэй харилцах хэлтсийн даргаар томилогдож хоёр жил намын ажил хийж байгаад 2020 онд НИТХ-д нэр дэвших эрхээ авч Баянгол дүүргийнхээ унаган төрж өссөн, сурч боловсорсон, ажиллаж амьдарсан дүүргээсээ иргэдийнхээ итгэлийг хүлээж орон нутгийн сонгуульд ялалт байгуулж НИТХ-ын төлөөлөгч болжээ. Олонхоо бүрдүүлсэн МАН-аас Нийслэлийн инновац технологийн асуудал хариуцсан Засаг даргын орлогчоор томилогдоод арваадхан хоногийн дараа дэлхий нийтийг хамарсан ковид цар тахлын хатуу хөл хорионы дэглэмтэй нүүр тулж “гардан тулаан”-д орсон. “Иннофвацилаг” Ихбаяр буюу QR-аар овоглосон нь Өдөрт дунджаар 40 мянган автомашин замын хөдөлгөөнд оролцдог нөхцөлд  цар тахлын цоо шинэ бөгөөд хүнд нөхцөлд халдвар хамгааллыг чандлан хянаж хэрхэн зохион байгуулах вэ гэдэг шинэ тутам асуудал нийслэлийнхний ч, тээврийн цагдаагийнхны хувьд ч хүнд асуудал болов. Ингээд нийтийн тээврийг оруулахгүйгээр хувь иргэн болон ААН-үүдэд зориулан QR кодыг анх санаачилж гаргасан. Ингэснээр автомашины зорчих хөдөлгөөнийг саадгүй нэвтрүүлэх боломж нээгдэж хүндрэлийг даван тууллаа. Үүндээ тулгуурлаад иргэн хоорондын хавьтал халдвартай хүнтэй харилцах зорчих хөдөлгөөнийг хязгаарлаж хянахын тулд иргэний үнэмлэхний QR кодыг, ААН-үүдийн QR кодыг санаачилж ашиглаж үзсэн гэхчлэн ковидоос иргэдээ хамгаалахын зэрэгцээ чөлөөтэй нэвтрүүлэхийн тулд бодож сэтгэж хийж эхлэв. Өөр улс орноос хуулъя ч гэсэн бүгд цоо шинэ нөхцөл байдалтай нэгэн зэрэг нүүр тулсан учраас хурдтай сэтгэж, зөв шийдэх л хамгийн чухал байж. Ингээд хамт олноороо ярилцаж, цахим, инновац, мэдээллийн технологийн урсгал, биг датаг ашиглах орчин маш хурдацтай хөгжиж байгаа учраас хөл нийлж алхахыг хичээсэн. Ер нь бид цахим үнэмлэх л гэж ярьдаг байснаас цахим үнэмлэх дээрх QR кодыг ашиглаж үзээгүй, юугаараа цахим юм бэ гэдгийг нь мэддэггүй л байсан шүү дээ. Энэ үе Д.Ихбаярыг их өөрөөр харагдуулж, таниулж эхэлсэн. Улс орон даяараа хэрэглэж QR кодыг хүн бүр хэрэглэж хэвшсэн. Тиймээс энэ байдлыг нь түшиглээд 70 гаруй тусгай зөвшөөрлийг цахимд шилжүүлсэн. Цаашлаад саарал усны хэрэглээг чухалчилж, ялангуяа авто угаалгын төвүүдийг цэвэр усаар биш саарал усаар машин угаадаг болгох санаачилга дэвшүүлээд энэ санаа нь хэрэгжиж эхэллээ. Болоогүй ээ, яахаараа одоо хүртэл хаалга тогшоод усны, дулааны цахилгааны тоолуурыг бичиж авдаг, коридорын шит онгойлгож явдаг юм бэ гэдэг үүднээс цахимжуулах ажлыг эхлэх гэж байсан ч тухайн үед нийслэлийн бүтцэд өөрчлөлт ороод Д.Ихбаярын маань Инновац технологийн асуудал хариуцсан орлогч даргын орон тоо байхгүй болж Ногоон хөгжил, агаар орчны бохирдлыг бууруулах төслийн удирдагч, Засаг даргын орлогч болж өөрчлөгдсөн юм.

No description available.

Утаагүй өвлийг Улаанбаатарт үзүүлсэн ч үгийн алдаанаас болж огцров 

 Шинэ ажлаа авангуут агаарын бохирдлын шалтгаануудын судалгаанууд, дата мэдээллүүдээс харахад 2019 онд У.Хүрэлсүхийн Засгийн газар 62 дугаар тогтоол батлаад сайжруулсан шахмал түлшийг айл өрхүүдэд хэрэглүүлэх болсон. Тэр 2019 оны өвөл 200 мянган тонн сайжруулсан шахмал түлшийг түлсэн байдаг бол 2020 онд 500 мянган тонн, 2021 онд 700 мянган тонн болж өссөн. Энэ өсөлт нь ковидын үед орон сууцны иргэдийн дулаан, цахилгааны үнийг тэглэсэн, үүний адил сайжруулсан шахмал түлшний үнийг 90 хувь хүртэл хямдруулсантай холбоотой. Үүний дараа уг түлшний үнэ буцаад өссөн болохоор дээрх хэрэглээний тоо багассан ч байж магадгүй. Ямар ч байсан нүдэн дээр утаа нэмэгдэж угаар эргэн ирсэн нь үнэн. Тухайн үед нэг айл долоо хоногт 6 шуудай нүүрс түлэх лимиттэй. Гэхдээ айлын насанд хүрсэн иргэн бүрт сайжруулсан шахмал түлш авах карт олгосон байв. Таван хүүтэй ээж тэр үед тусдаа гарсан хүүхдүүддээ “Та нар ээждээ долоо хоногийн нүүрсний картаа л өгчих, өөр хэрэгтэй юм алга” гэсэн бодит жишээ ч байдаг. Ингээд мань Д.Ихбаяр телевизээр ярилцлага өгөхдөө “Сайжруулсан шахмал түлшний үнэ нь хямд байгаа учраас иргэд их түлж байна” гэж хэлээд үгийн алдаа хийгээд зогсохгүй огцорсон байдаг юм. Үнэндээ буруу зүйл хэлээгүй л дээ. Яах аргагүй л сайжруулсан шахмал түлшний хэрэглээ нэмэгдсэн, үүний зэрэгцээ хатаалтын горимд нь  өөрчлөлт орсон. Жилд 200 мянган тонн сайжруулсан шахмал түлш бол бүрэн хатааж байгаад түгээж болдог байсан бол 500 мянга бага зэрэг хатаагаад түгээсэн, 700 мянган тонн болоод ирэхээр хатааж амжилгүйгээр түгээгдэх явдал их болсон. Энэ бол утаа, угаарын гол шалтгаан. “Өмхий” Улаанбаатар ингэж эргэн ирсэн. Гэхдээ нийслэл үүнийг хариуцдаггүй, зөвхөн түгээлт, хадгалалт, борлуулалт л хариуцдаг шүү дээ. Ногоон хөгжил, агаар орчны бохирдлыг бууруулах төслийнхөн уг нь меддлинг түлж байсан уурын зуухнуудыг газрын дулааныг гаргах, цахилгаан хэрэглэх, сэргээгдэх эрчим хүчээр солих шийдлүүдийн алинаар нь сонгох вэ гэдэгт анхаарах байсан бол ковидоос болоод хугацааг хоёр жилээр сунгасан. Ингээд сайжруулсан шахмал түлшийг цагт нь хүргэх, цагтаа нөөцлөх, цагтаа борлуултын цэг дээр бэлэн байлгах гэсэн гурван асуудлыг л хариуцах үүрэгтэй байсан, менежерийн л ажил байсан. Үүнийгээ л Д.Ихбаярын багийнхан сайн хийсэн.

No description available.

Хотхондоо түгжирдэг байдлыг арилгаж хоёр сургууль бариуллаа

Баянгол дүүргийн хэмжээнд одоогийн байдлаар тулгамдсан хамгийн том асуудлууд нь бусад дүүргийн л адил сургууль, цэцэрлэг, эрүүл мэндийн байгууллагуудын хүртээмжийн асуудал. Үнэндээ төв зам дээр машин түгжрэх, хотхоноосоо гарч чадахгүй сургууль, цэцэрлэг, эмнэлэгт ч хүрэх боломжгүйгээр хотхондоо түгжрэх хоёр ч том ялгаатай зовлон. Ингээд Баянгол дүүргийнхээ хамгийн хүндрэлтэй гурван хотхонд сургуулийн асуудлыг шийдэхээр ажлаа эхэлсэн. Үүний үр дүнд 24-р хороо, “Алтай” хотхоны газрыг чөлөөлүүлэх гэж өнгөрсөн гурван жилийг зарцуулжээ. Газраа чөлөөлүүлж аваад төсвийг нь батлуулаад тун удахгүй 960 хүүхдийн суудалтай сургуулийг барьж эхлүүллээ. Түүнчлэн “Голден парк”, “Цоглог” хотхон гээд 10-р хорооллын ойролцоох хотхонуудын сургуулийн асуудлыг шийдлээ. Мөн л 960 хүүхдийн суудалтай сургуулийг “Материал импекс”-ийн дэргэд тун удахгүй барилгын ажлаа эхлэх гэж байна. Энэ гурван хотхоны хүүхдүүдийн хамрагдах хоёр сургуулийг ирэх онд ашиглалтад оруулах гэж байна. Цаана нь Хархорин зах орчим “Эрин”, “Өнөр” хорооллууд бий. “Эрин” хороолол доторх хувийн өмчит сургуулийг нийслэлийн өмчит сургууль болгон худалдаж авахаар УИХ-ын гишүүн Х.Ганхуяг, НИТХ-ын төлөөлөгчид, дүүргийн удирдлагуудтай хамтран Ажлын хэсэг байгуулж Засгийн газарт өргөн бариад шийдвэрээ хүлээж байна. Наркологийн төв эмнэлэг, одоогийнхоор Аддиктологийн төв эмнэлэг гэж Баянгол дүүргийн 20 дугаар хороо буюу Таван шард байрладаг. Энд Архи, тамхи, хар тамхи, дэлгэцийн хамаарал, тоглоом гэхчлэн бүх төрлийн донтолтыг эмчилдэг бөгөөд эмнэлгийн барилгын насжилт дуусч эхнээсээ нурж хүнд байдалд орсон байсныг нийслэлийн төсөвт тусган эмнэлгийн барилгын ажлыг эхлүүлсэн. Улсын хэмжээний энэ ганц том эмнэлгийг шинэчлэн барьж байна. Олон эцэг эх, хүүхдүүдэд амьдрал хайрладаг энэ эмнэлэг түрээсийн байраар дамжаад явдаг байсан, яг тэр суурин дээр нь 32.7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар цоо шинэ таван давхар барилга баригдаж байна. Шинээр дөрвөн өрхийн эмнэлэг, үүний хоёр нь хороо, өрхийн эмнэлгийн жишиг цогцолбор байртай болсон. Энд 25, 28 дугаар хорооны өрхийн эмнэлгүүд байрлаж иргэдэд эрүүл мэндийн  үйлчлүүлгээ үзүүлж байна. Мөн өнгөрсөн хугацаанд иргэдийн ая тухтай, таатай орчныг бүрдүүлэхийн тулд олон ажлыг хийсэн. “Гарааж” арга хэмжээ л гэхэд Баянгол дүүрэг нийслэлийн хэмжээнд хамгийн олон гарааж буулгасан дүүрэг болох нь тоон мэдээллээс харагддаг. Үүний үр дүнд хүүхдийн тоглоомын талбай, ногоон байгууламж, авто зогсоол гэхчлэн гараажийн эзэлж байсан газруудыг дүүргийнхний тав тухыг хангах хэрэгцээнд зориулах болсон. “Хашаа” арга хэмжээний тухайд алхам тутамд хашаа хоригт тулж байсан бол мөн л иргэдийн тав тухтай явган зорчих хөдөлгөөнийг нэмэгдүүлэх, түгжрэлд эергээр нөлөөлөх ач холбогдолтой ажил болсон. Ийнхүү цоо шинэ болон тулгамдсан асуудал ихтэй газруудад очиж гүйцэтгэл сайтай менежер хийсээр ирсэн хат суусан шинэ үеийн төлөөлөл баянголчуудын төлөө өөрийгөө үргэлжлүүлэн зориулах итгэл дүүрэн нэр дэвшиж байна. Түүнийг өмнө нь тус дүүргийн найман хорооны иргэд сонгогчид сонгож байсан бол одоо 34 хорооны иргэдээс итгэлийг нь, сонголтыг нь хүлээхээр ажлаа дүгнүүлж амлалтаа өргөн барьж байна. Итгэлийг зүтгэлээр хариулж чаддаг, хариуцлага хүлээж чаддаг шинэ залуу үеийнхэн төрд ирж байна, хүлээн авна уу.


Нийтлэлч Оргилмаа




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна