Т.Мөнхсайхан: Засгийн газраас санал болгож байгаа нэмэгдлийг хүлээж аваад, цаашдаа яах вэ гэдгээ одооноос ярих хэрэгтэй

Х.Батсайхан
5 цаг 45 минутын өмнө

Эрүүл мэндийн сайд асан, УИХ-ын гишүүн Т.Мөнхсайхантай цаг үеийн асуудлаар ярилцлаа.  

-Эрүүл мэндийн салбарын ажилтан, алба хаагчид цалин нэмэгдүүлэх шаардлага тавьж, шаардлагатай тохиолдолд ажил хаялт эхлүүлнэ гэж мэдэгдээд байна. Салбарын сайд байсан хүзний хувьд энэ асуудалд ямар байр суурьтай байна вэ?

-Эмч нарын цалин хөлс амьдралд хүрэлцэхгүй байгаа нь үнэн. Тиймээс нэмэгдүүлэх зайлшгүй шаардлагатай. Харин цаг, хугацааны хувьд 2026 оны улсын төсөв өргөн баригдчихсан, УИХ-аар хэлэлцэгдэж байгаа энэ үед том хэмжээний өөрчлөлт буюу эмч нарын шаардсан 3.5 сая төгрөгт хүргэж нэмэх боломж хомс.

Харин энэ онд боломжоороо нэмж байгаа нэмэгдлүүдийг нь хүлээж аваад, 2027 онд цалинг 3.5 сая төгрөгт хүргэх асуудлыг одоо ярьж, цогцоор нь шийдэх ёстой. Энэ бол зөвхөн төсөвтэй холбоотой асуудал биш. 

Нэлээд өөрчлөлт хийж байж цалинг 3.5 саяд хүргэх боломж бүрдэнэ. 3.5 саяд хүргэсэн ч хангалттай хэмжээний цалин биш. Бусад улсын жишгийг харвал, эрүүл мэнд, хуулийн салбарын цалин хөлс бусад салбараасаа өндөр байдаг. Гэтэл манай улсад ийм бага, ажил хаях хэмжээнд байгаа нь энэ салбарын цалин хөлсийг нэмэгдүүлэх асуудал олон жилийн турш хаягдаж ирсэнтэй холбоотой.

-Цогц арга хэмжээ гэдэг нь юу вэ?

Манай Улс ДНБ-ийхээ 3 хувийг эрүүл мэндийн салбартаа зориулдаг. Олон улсад бол ДНБ-ийхээ 6 хувийг зориулж байж энэ салбарын санхүү мөнгөний асуудал шийдэгддэг жишиг бий. Бидний зорилго тийшээ чиглэх ёстой.

 Гэхдээ ирэх оны төсөв нэгэнт өргөн баригдчихсан үед салбарын төсвийг ДНБ-ийн 6 хувьд хүргэх боломж бага. Тиймээс одоо Засгийн газраас санал болгож байгаа нэмэгдлийг хүлээж аваад, цаашдаа яах вэ гэдгээ харин одооноос ярих хэрэгтэй. Бид 2026 оны өдийд дахиад л 3.5 сая, ажил хаялт яриад байж баймааргүй байна шүү дээ.

Тийм ч учраас 2027 оныг "Эрүүл мэндийг дэмжих жил" болгож зарлах, энэ хүрээндээ 2027 он гэхэд салбарын санхүү, мөнгөний бодлогод цогц шинэчлэлт хийх санаачилга гаргаад гишүүдээр гарын үсэг зуруулаад явж байгаа.

Эмч, эмнэлгийн ажилтнууд маань өнөөдрийг хүртэл ажил хаяж, ард иргэдийнхээ амьдралыг эрсдэлд оруулалгүйгээр тэсэж ирсэн. Энэ удаад ч ажил хаялгүйгээр, гэхдээ шаардлагатай шийдлүүдийг гаргаж, 2027 онд цалингаа доод тал нь 3.5 сая төгрөгт хүргэх ёстой гэж харж байна.

-ЭМД-ын сангаас эмнэлгүүдэд олгох санхүүжилтийг 20 хувиар хасаж байгаа гэсэн бичиг эмнэлгүүдэд ирж эхэлжээ. Жишээлбэл, Сонгинохайрхан дүүргийн Хүүхдийн эмнэлэгийн хүүхдийн яаралтай тусламжийн санхүүжилтийг хассан талаар эмнэлгийн удирдлагууд нь мэдээлсэн байдаг. Ханиад томууны улирал эхэлж байхад хүүхдэд яаралтай тусламж үзүүлэх санхүүжилт хасагдсан нь түгшүүр төрүүлж байна?

-Би 2024 оны долдугаар сард Эрүүл мэндийн сайдаар томилогдоод 2025 оны зургадугаар сард ажлаа өгсөн. Хүлээлгэж өгөхдөө ЭМДС-д өнгөрсөн гурван жилийн хугацаанд үүссэн өр төлбөрийг барагдуулж, ЭМДС-гаас эмнэлгүүдэд өгөх ёстой санхүүжилтийг бүгдийг нь өгөөд, 2025 оны үлдэж байгаа саруудад хэчнээн төгрөг хуваарилж, яаж санхүүжүүлэх вэ гэдэг бүх тооцооллыг хийгээд ямар нэгэн доголдолгүй санг хүлээлгэж өгсөн. 

Гэтэл өнөөдөр үнэхээр эмнэлгүүдэд “Санхүүжилтийг чинь хасна” гэдэг бичиг очиж байгаа. Энэ сангийн үйл ажиллагаа өнөөдөр эмнэлгүүдийн үйл ажиллагаа доголдох, шаардлагатай зарим үйлчилгээнүүд тасалдах хэмжээнд оччихсон байна.

Эрүүл мэндийн сайд ЭМҮЗ-ийг ахалдаг. Аль эмнэлэгт хэдэн төгрөг хуваарилах вэ гэдэг гол шийдвэрүүд ЭМДҮЗ-өөс гардаг. ЭМДЕГ гүйцэтгэлийг нь хийдэг. Яагаад ийм болсныг одоогийн сайдаас нь асуух хэрэгтэй.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.187.164
    4 цагийн өмнө

    Рашаан сувиллын хоног цөөн байна. Рашаан сувиллыг улс мэдэлдээ ав. Үнэ нь хэт өндөр байна. Шавар рашаан байгалийн баялаг ард түмний өмч Эмчилгээний 6 хоногт бол тус болохгүй 12 хоног байгаад 10 хоног эмчилгээтэй бол үр дүнтэй

    Хариулах