Чингэлтэйчүүдийг яагаад Ц.Түмэнбаяр төлөөлөх ёстой вэ

Х.Батсайхан
2024/10/07

Иргэдийн төлөөлөгч гэдэг бол тухайн орон нутгийнхаа иргэдийн итгэлийг хүлээсэн, хамт ажиллаж амьдардаг, зовлон жаргалыг нь хамт мэдэрсэн, тэр ч утгаараа шийдэл хайж явдаг, жинхэнэ иргэдээ төлөөлж ажиллах хүн байх учиртай. Харамсалтай нь, иргэдийг төлөөлөх хүнийг эхлээд нам сонгодог, сонгогчид тэр хүрээнд л сонголт хийдэг болохоор "60 чавганц уралдахад нэг нь түрүүлнэ" гэдэг шиг юм болчихоод байгаа юм. Гэхдээ Орон нутгийнхаа төлөө ажиллая гэж сэтгэл шулуудсан 17,000 нэр дэвшигч дотор жинхэнэ иргэдийн төлөөлөл болж чадах, хүсэл эрмэлзэл, зорилго зорилтоо ажлаараа батлаад харуулчихсан хүмүүс байна аа. Тэдний нэг бол олноо "Хашаандаа сайхан амьдаръя" хөдөлгөөний тэргүүн гэдгээрээ танигдсан Цэнгэний Түмэнбаяр юм. 

Ц.Түмэнбаяр бол хөдөө байгалийн сайханд, цэцэг навчин дунд өссөн, хотыг ч тийм л сайхан байх ёстой, хотын гэр хорооллын иргэд ч эрүүл орчинд амьдрах ёстой гэсэн үзэл бодлоор ажил мэргэжлээ сонгосон, энэ ажилдаа мэдлэг чадвараа бүрэн зориулж яваа хүн. 
Өнөөдөр нийслэлийн гэр хороололд 220 орчим айл өрх амьдардаг гэсэн судалгаа бий. Тэдний газрыг орон сууцаар сольж авах хөдөлгөөн өдгөө Чингэлтэй дүүрэгт их хүчээр өрнөх гэж байна. Гэтэл тэр хүмүүсийн дотор орон сууцанд амьдрах хүсэлгүй иргэд олон бий. Халуун, хүйтэн ус, бохирын асуудлыг шийдчихвэл хашгаа байшин нь орон сууцнаас хавьгүй илүү тохь тухтай гэдгийг хэн ч мэднэ. Чухам тийм учраас Ц.Түмэнбаяр гэр хорооллыг орон сууцжуулахын хажуугаар хувийн орон сууцны хороолол болгон хөгжүүлэх асуудлыг Нийслэлийн Ардчилсан намынхаа мөрийн хөтөлбөрт суулгуулсан бөгөөд орон сууцнаас ч илүү ая тухай амьдрах сонголтыг өгүүлэхээр НИТХ-д нэр дэвшиж байгаа хүн юм. 

Улс даяар 421,000 айл өрхийг нэгтгэсэн хөдөлгөөнийхөө нэрээр "Хашаандаа сайхан амьдаръя" гэж нэрлэсэн хөтөлбөртөө тэрээр,    
⦁ Янданг буулгая: Гэр хорооллын гэр, байшинг дулаалан, дулааны алдагдлыг бууруулж, эрчим хүч хэмнэнэ. Гэр хорооллыг хэсэгчилсэн болон бие даасан инженерийн дулаан хангамжийн шугам сүлжээгээр хангах бодлогыг санаачилж хэрэгжүүлнэ.


⦁ Нүхэн жорлонг устгая: Өмхий үнэртэй нүхэн жорлонд бие засах сонирхолтой хүн нэгч байхгүй. Гар утсыг зээлээр авахад маш амархан байгаатай адил нүхэн жорлонгоо халах сонирхолтой айл өрхөд урт хугацаатай, хүү багатай, уян хатан нөхцөлтэй санхүүгийн шийдлийг бий болгоно.
⦁ Өглөө босоод усанд ордог болоё: Судалгаагаар гэр хороололд нэг хүн нэг өдөрт 7 л ус хэрэглэдэг нь хоол цай хийх, аяга тавгаа угаахаас өөрөөр усанд орох, угаалга хийх, мод-зүлэг, ногоогоо услах зэрэгт хүрэлцээгүй байна. Гэр хорооллын 20-50 айл өрх (өндөрлөг хэсэгт) дундаа нэг усан сантай болох, усан хангамжийг айл өрхүүдэд ил болон далд шугамаар түгээх зэргээр гэр хорооллын усны хүртээмжийг нэмэгдүүлнэ.
⦁ Хөршийн холбоо: Гэр хорооллын айл өрхүүд Хөршийн холбоонд нэгдэж нийтлэг тулгардаг асуудлуудаа (дэд бүтэц, усан сан, харуул хамгаалалт, гудамжны тохижилт, тоглоомын болон спорт талбай) дундаа шийдэж зардлаа бууруулах, гэмт хэрэг, хүчирхийллийг хамтдаа багасгахад чиглэсэн эрх зүйн орчин бүрдүүлнэ.
⦁ Ногоон хот: Гэр хорооллын айл өрх бүр 5 мод тарьж, агаар хөрс, орчны бохирдлыг бууруулсан айл өрхийг урамшуулдаг, үнэлдэг бодлогыг хэрэгжүүлнэ хэмээн ойлгомжтой тодорхойлжээ. 
Түүнчлэн, орон сууцны айл өрхийн тухайд, 
⦁ Хүүхдэд аюулгүй орчин: Орон сууцны хорооллын дундах орчны өнөөгийн байдалд үнэлгээ хийж, дэлхийн томоохон хотуудын стандартыг Улаанбаатар хотод нэвтрүүлэх замаар орчны зам талбай, гарц орц, тоглох талбай, ногоон байгууламж, автомашины зогсоолын хүртээмжийг нэмэгдүүлнэ.
⦁ Сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэе: Сургууль, цэцэрлэгийн тоог нэмэгдүүлэх ажлыг нэн тэргүүний бодлого болгож, хүүхэд хичээлээс гадуур спортын секц, урлаг соёлын дугуйлан, оюуны спортын сургалтанд хамрагдах боломжийг бүрдүүлнэ.
⦁ Байраа шинэчилье: Хуучин орон сууцнуудын дулаалга, дээвэр засварлах, сантехникийг сайжруулах,барилгын насжилтыг уртасгах чиглэлээр СӨХ болон иргэдтэй хамтран ажиллана гэсэн зорилт дэвшүүлсэн байна. 

Орон сууцжилт чухлаар тавигдаж, иргэдийг газраас нь хүчээр нүүлгэх /Одоо үйлчилж буй хууль эрхзүйн орчноор тухайн бүсийн айл өрхийн 70 хувь нь зөвшөөрсөн тохиолдолдолд бүхэлд нь чөлөөлж байгаа/ эрсдэл бодитоор нүүрлээд байгаа энэ үед эрх ашгаа ард түмэнд ч, төр засагт ч таниулсан хүнээр хамгаалуулах нь илүү давуу талтай гэдгийг сануулж, Цэнгэний Түмэнбаярыг "Туг" болгон дэмжиж сонгохыг сонгинохайрханчууддаа уриалья. Тэртэй тэргүй ажил хийгээд төлөхөөс л хойш мөнгө, санхүүгийн эх үүсвэр нь шийдэгдээд, Амины орон сууцанд ипотекийн зээл олгох тогтолцоо нь бэхэжчихвэл бүгд л хашаандаа сайхан амьдарна шүү дээ. Энэ бол боломжгүй зүйл огт биш ээ. Ц.Түмэнбаяр үүний төлөө л зүтгэхээр зориглож байхад боломжийг нь олгоё. Тэгээд ард нь бүгд атгасан гар шиг дэмжье. Тэгвэл зөвхөн чингэлтэйчүүдийн ч биш, хашаандаа сайхан амьдрахыг хүсэж байгаа нийт монголчуудын хүсэл биелнэ.  



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна