Эрх баригч МАН улс төрийн түвшинд эв нэгдлийг хангах том эрх ашгийн дор том зориг гарган Сонгуулийн тухай хуульд хувь тэнцүүлэх буюу пропорциональ хэлбэрийг оруулж, Парламентыг солонгоруулж чадсан билээ. Өдгөө МАН, АН, ХҮН нам, Үндэсний эвсэл, ИЗНН гэсэн таван намын төлөөлөл УИХ-ыг бүрдүүлж буй.
Гэвч ач холбогдлоороо Парламентын сонгуулийн дараа орох Орон нутгийн сонгуульд хувь тэнцүүлэх хэлбэр тусаагүй бөгөөд энэ нь УИХ-ын сонгуульд тойргоос нэг ч суудал авч чадаагүй улс төрийн хүчний даалгаврыг ихэд хүндрүүлж буй. Тодруулбал, МАН, АН, ХҮН намаас бусад улс төрийн хүчин нэг аймаг, Нийслэлд олонх болж засаглах битгий хэл, төлөөллөө оруулахад хэцүү нөхцөл байдалд байна.
Орон нутгийн сонгуулийг намрын ид ажлын үеэр товлодгоос болоод ирц бүрддэггүй, тэрийг нь ч бодолцоод босго тавьдаггүй тул "хөл сайтай" МАН, АН хэмжээгүй ноёрхсоор өдийг хүрсэн. Өнгөрсөн 2020 оны сонгуулиар Нийслэл, аймгуудад МАН, АН гэсэн хоёр нам л Нийслэл, аймаг, сум, дүүргийн ИТХ-д олонх болсон бол Төв, Завхан, Дундговь, Дорнод гэсэн дөрвөн аймаг, Нийслэлийн Сүхбаатар, Хан-Уул, Баянгол дүүргийн ИТХ л дөрвөн өөр субъектээс бүрсэн нь маш хангалтгүй үзүүлэлт байсан.
2020 оны орон нутгийн сонгуулийн дүн
Гэтэл Парламентын түвшинд тогтсон олон намын оролцоо бүхий, олон ургальч үзэл уралдуулсан ИТХ бүрдүүлэх зайлшгүй шаардлага үүсээд байдаг.
Сонгуулийн сурталчилгаа бодлогын мэтгэлцээн гэхээсээ илүү замын хөвөө буюу бродюр гэх мэт төсвийн хулгай байж болзошгүй кейсүүдийг тойрч өрнөж байгаа нь ИТХ-г "солонгоруулах" нь бүр нийгмийн захиалга гэдгийг харуулаад байдаг.
Солонгоруулах, солонгоруулахдаа нэг аймгийн ИТХ-д олон намын төлөөлөл суудал авахаас илүүтэй яг нэг аймаг, эс бөгөөс дүүрэг дээр ялалт байгуулж, засаглах эрх авсан намын тоо олон байх хэрэгтэй байгаад байна.
Нийслэл, аймаг, сум, дүүрэг бүгд төсвийн эрх мэдэлтэй, өөр, өөрсдийн онцлогтоо тохируулсан бодлого хэрэгжүүлэх эрхтэй болсон учраас сонгогчдын хувьд ядаж л аль намын засагласан дүүрэг, аймаг илүү зөв явав гэдгийг олж харах, улмаар 2028 оны Парламентын сонгуульд хэнийг сонгохоо багцаалах хэрэгцээ шаардлага байна.
Гэтэл яг бодит байдал дээр ирц багатай тул төрийн албан хаагчид л хэн, хаанаас гарахыг шийдэх болчихоод байгаа бодит байдалтай бид нүүр тулна.
Тэгэхээр, энэ боломжийг бодит болгоё гэвэл эхлээд иргэд сонгуульдаа идэвхтэй оролцохоос эхлэх нь байна.
Хоёрдугаарт, хэдий одоо оройтсон ч гэсэн, 2028 оны орон нутгийн сонгуульд улс төрийн намууд ядаж нэг дүүрэг, аймаг дээр ялж, яаж ажиллахаа харуулъя гэдэг байдлаа нэр дэвшүүлэлтээ бүтэн хийдэг баймаар байна.
Хэдий бүх тойрогт бүрэн нэр дэвшүүлэлт хийдэг ч гэсэн АН-ын М.Тулгат тэргүүтэй баг Баянзүрх дүүрэгт яг ийм жишгийг эхлүүлчихэв үү гэж санагдана. Учир нь М.Тулгат бол МАН байтугай Ардчилсан нам дотроо барууны үзэл санаа тээгч, содон улстөрч шүү дээ. Хувийн хэвшилдээ, иргэддээ боломж олгож, дүүргээ тэднийхээ идэвх санаачилгад тулгуурлаж хөгжүүлэх нь тодорхой.
М.Тулгатын баг сонгуульд ялж, Баянзүрх дүүрэгт засаглаж гэмээ нь өөрөсдийнхөө зөвийг батлахаар шаргуу ажиллах нь ойлгомжтой, бусад дүүрэг ч дутахгүйн тулд хичээх нь бүр ч ойлгомжтой шүү дээ. Үр дүнд нь иргэд л хожно.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна