Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Ч.Ундрам нар ПРОГРЕССИВ АЛЬЯНС ОУБ-ын удирдах зөвлөлийн гишүүнээр сонгогджээ

С.Гандэлгэр
2024/10/07

Чилийн Бүгд Найрамдах Улсын Сантьяго хотод зохион байгуулагдаж буй Олон Улсын Прогрессив Альянс байгууллагын Дэлхийн конвенц зохион байгуулагдаж байна. 

Энэ удаагийн Дэлхийн конвенцоор Прогрессив Альянс байгууллагын Удирдах Зөвлөлд нийт 40 улсын төлөөлөл сонгогдсон бөгөөд 2024-2027 онд тус байгууллагыг төлөөлж Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Ч.Ундрам нар ажиллахаар болжээ.

Прогрессив Альянс Олон Улсын байгууллага нь 2013 онд байгуулагдсан бөгөөд ардчиллыг хамгаалах, эдийн засаг, нийгмийн хөгжлийг дэмжих, уур амьсгалын өөрчлөлтөөс сэргийлэх, энх тайван аюулгүй байдлыг хангах, жендерийн тэгш байдлыг хангах зэрэг орчин цагт тулгарч буй хамгийн чухал асуудлуудын талаар санал бодлоо илэрхийлэн хэлэлцүүлэг өрнүүлж, нэгдмэл шийдэлд хүрэх арга зам, хөтөлбөрийг хамтдаа боловсруулж, хэрэгжүүлэх зорилго бүхий олон улсын эрх баригч намуудын холбоо юм.

Америкийн дэвшилтэт холбоо, Европын социалистуудын нам (PES), Европын парламент дахь социалистууд ба ардчилагчдын бүлэг, Ази дахь Нийгмийн ардчиллын сүлжээ (SocDem Asia), Төв Африкийн Прогрессив Холбоо (CAPA) болон Арабын Социал Демократ Форум (ASDF) зэрэг бүс нутгийн намын сүлжээнүүдтэй нягт хамтран ажилладаг тус холбоонд өдгөө олон улсын 140 гаруй нам, сайн дурын байгууллага нэгдсэн байна.




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна