- Дорноговь аймагт ирэх дөрвөн жилд 10 мянган айлын орон сууц барихаар төлөвлөж байгаа нь өнгөрсөн дөрвөн жилд баригдсан орон сууцнаас 10 дахин том тоо. Орон нутгийн барилгын компаниуд зах зээл хайх биш зах зээл нь дахиад олуулаа болохыг шаардаж байна гэсэн үг-
Дорноговь аймгийн Сайншанд сумын ИТХ-ын 2-р тойрогт нэр дэвшиж буй Энхээгийн Болдхангай барилгын инженер мэргэжилтэй. Тэрбээр 2019 оноос Дорноговь аймгийн Барилгачдын холбооны тэргүүнээр сонгогдон ажиллаж байгаа бөгөөд барилгын салбарын ойрын ирээдүй, чиг хандлагыг орон нутгийн хөгжилтэй хэрхэн уялдуулах талаар өөрийн санаа бодлоо уг ярилцлагаар дамжуулан уншигч, сонгогч тантай хуваалцаж байна.
-Сүүлийн жилүүдэд Дорноговь аймгийн төв эрчимтэй барилгажиж байна. Үүнийг дагаад орон нутгийн барилгын компаниуд ажил, захиалга ихтэй байгаа байх. Харин энэ хүртэл орон нутагт үйл ажиллагаа явуулдаг компаниуд хэрхэн оршин тогтнож ирсэн бэ?
-Барилгын салбар орон нутагт ер нь 2000 оноос хойш л өндийсөн. Би 2001 онд ШУТИС-д барилгын инженерээр суралцахаар оюутан болоод хот руу явж байх тэр үед Дорноговь аймгийн Засаг даргаар Я.Батсуурь томилогдон ирснээр улсын төсвийн санжүүжилттэй цэцэрлэг, сургуулийн барилгын засварын ажлууд олдоцтой болж, үүнийг дагаад орон нутагт барилгын компаниуд бий болж эхэлсэн. Я.Батсуурь дарга өөрөө барилгын инженер, эдийн засагч хүн л дээ. Тэр үед барилгын мэргэжилтэй, инженер хүмүүс аймагт тун цөөн байсан. Орон нутгийн хэмжээнд дээр үеэс нэгдэл дундын үйлдвэрийн барилга гэж байсан нь хөдөөгөөр явж барилга барьдаг, барилга угсралтын контор гэж улсын томоохон үйлдвэрийн газар байсан нь төвүүдийн эмнэлэг, орон сууцыг барьдаг байв. Зах зээлийн нийгэмд шилжсэний дараа энэхүү хоёр байгууллага татан буугдсан. Үүнээс хойш хувийн хэвшлийн компаниуд байгуулагдаж эхэлсний нэг нь аавын маань үүсгэн байгуулсан “ЭОБИЛ” компани юм. Аав маань нэгдэл дундын үйлдвэр гэдэгт инженер, ерөнхий инженерээр ажиллаж байсан. Хөдөөгөөр олон барилга барьсан, өдгөө гавьяаны амралтаа аваад сууж байгаа.
- Та аавынхаа үүсгэн байгуулсан компанийг хэзээнээс удирдаж эхэлсэн бэ. Чухам хэзээнээс компани тань бизнес утгаараа үр ашигтай болсон бэ. Үүгээрээ аймаг, орон нутгийн хөгжил, барилгын салбарын өсөлт хөгжлийг илэрхийлэх гээд байгааг ойлгоорой.
-Би 2007 онд сургуулиа төгсөж ирээд аавынхаа компанид инженерээр нэг хэсэг ажиллаж байгаад залуу хүний хувиар туршлага хуримтлуулахаар Улаанбаатар хот руу буцаж, үндсэндээ тэнд 6-7 жил карказан болон бүрэн цутгамал барилга дээр ажилласан. Намайг 2019 онд нутагтаа ажиллахаар ирэхэд орон нутгийн барилгын компаниуд том ажил авдаггүй, нөгөө л миний мэдэхийн аль 2003-2005 оны үеийнхээ засварын ажлыг л хийдэг, жилдээ ердөө 200-300 сая төгрөгийн борлуулалтаас хэтэрдэггүй хэвэндээ байж байсан. Тэдэнд боломж бололцоо нь байгаагүй юм уу, эсвэл цаанаас нь дэмждэггүй байсан юм уу, ерөөсөө л хотын компаниуд ирээд томоохон ажлуудыг нь аваад сургууль, цэцэрлэгийн барилгыг бариад байдаг. Тэр үед өнөөдрийнх шиг жилд нэг сургууль, нэг цэцэрлэг баригдана гэж байхгүй, дөрвөн жилдээ нэг, нэгийг л барьдаг байв. Тендер нь орон нутагт зарлагдах бололцоогүй. Засгийн газрын бүх яам дэргэдээ барилга захиалагчийн албатай байсан. Ялангуяа Боловсролын яам маш том барилга захиалагчийн албатай, одоо ч гэсэн байгаа. Тэгээд яаман дээрээ тендер зарладаг, хотын компаниуд оролцдог, орон нутгийн компаниуд тийшээ очиж оролцох боломжгүй, оролцсон ч өрсөлдөх чадвар доогуур байсан байх. Миний санахаар тендерийн тухай хууль журмууд 2008 оны үеэс хэрэгжиж эхэлсэн ч арав гаруй жил өнгөрөөд байхад орон нутгийн компаниудын өрсөлдөх чадвар бүрэлдээгүй, өнөө л засварын ажлуудаа ярилцаж тохироод хуваагаад хийдэг хэмжээндээ л байсан. Тийм учраас би 2019 онд нутагтаа ажиллахаар шийдэж, барилгын ажил хийдэг үеийн залуусынхаа санал санаачилгаар энэ бүхнийг цэгцлээд залруулаад явах хүн хэрэгтэй байна гэдэг хүсэл эрмэлзлийг нэгтгэн Дорноговь аймгийн Барилгачдын холбооны тэргүүнээр сонгогдсон.
-Залуус хүчээ нэгтгээд хөгжлөө өөд нь татья гэж шийдсэн юм байна?
-Тийм. Яг тийм байдлаас үүдэж Барилгачдын холбооны хурлыг зохион байгуулж Энхтайван дарга “ажлаа одоо залуучуудад шилжүүлж өгье” гэдэг санал гарган сонгууль явуулсан. Би компанийн үйл ажиллагаанаас гадна Дорноговь аймгийн Барилгачдын холбооны тэргүүн гэдэг албыг давхар хашиж байна. Одоо орон нутгийн компаниуд нэг үеэ бодвол маш чадавхжлаа. Сайн дэмжлэг үзүүлж байна. Орон нутгийн компани 2019 оны сүүлээр хамгийн анхны тэрбум төгрөгийн тендер авч байсан. Одоо тэр залуус мундаг болчихсон, томоохон орон сууцны төслийг гүйцэтгээд ажиллаж байна.
-Дорноговь аймагт өнөөдөр барилгын хэчнээн компани үйл ажиллагаа явуулж байна вэ?
-Намайг ирж байхад арав орчим компани байсан. Одоо тусгай зөвшөөрөлтэй 35, 36 компани байна.
-Санаснаас олон сонсогдож байна. Тэд бүгд ажилтай, зах зээлтэй байж чадаж байна уу?
-Байна. Зах зээл хайх биш одоо дахиад олон компанитай болох хэрэгтэй байна.
-Зах зээлээ компаниуд хайх биш харин зах зээл нь ханган нийлүүлэлт хийх барилгын компаниудаа хайх хэрэгтэй болж байгаа хэрэг үү?
-Тийм. Би ажил аваад 2021-2023 онд хийж хэрэгжүүлсэн зүйл гэвэл компани аваад явах чадвартай хүмүүст “барилгын компани байгуулаач” гэдэг санал тавиад инженер техникийн ажилчид, тусгай зөвшөөрөл дээр шаардлагатай зүйлсийг бүрдүүлж дэмжиж өгье гэдэг санаачилга байсан. Манай холбооны гишүүд болон аймгийн шийдвэр гаргах түвшний удирдлага, дарга нарын дэмжлэгээр өнөөдөр долоо, найман компани тусгай зөвшөөрөлтэй болсон байна. Өнөөдөр орон нутагт ид ажил хийгээд явж байгаа идэр насны залуучууд байна. Би саяхан судалгаа гаргахад одоогийн байдлаар тендерт 17-18 компани оролцон тогтмол үйл ажиллагаа явуулж байна. Бүх тендерт нээлттэй оролцож байна. Үлдсэн нь орон сууц барьж байна. Зарим нэг нь барилгын материалын үйлдвэрлэл рүү ороод үйл ажиллагаагаа эхлүүлээд явж байгаа нь ч бий.
-Дорноговь аймагт барилгын салбар эрчимтэй хөгжиж эхэлж байгаа юм байна?
-Сүүлийн жилүүдэд барилгын салбар Дорноговь аймагт эрчимтэй хөгжихөөс гадна гүйцэтгэлийн ажил нь маш чанаржиж, чадваржиж байна. Сүүлийн үед баригдаж байгаа орон сууцууд бүгд бүрэн цутгамал байна.
-Гүйцэтгэгчид нь бүгд орон нутгийн компаниуд уу?
-Тийм, одоо хотоос ирж барилга барьж байгаа компани байхгүй. Орон нутгийн “Гантулга трейд” компани гэхэд “Мандах наран” хорооллыг барьж байна. “Энержи резиденс” хорооллыг барьж байгаа компани гэхэд мөн л Дорноговийн унаган залуус. “Хос өргөө” гээд есөн давхар хоёр барилга барьж байгаа компани мөн орон нутгийнхан.
Дорноговь аймгийн өнөөгийн удирдлагын баг ирэх 2024-2028 онд 10 мянган айлын орон сууц барихаар төлөвлөсөн. Энэ бүтээн байгуулалтад орон нутгийн компаниудаа холбох гүүр болох юм сан гэдэг үүднээс би Сайншанд сумын ИТХ-д нэр дэвших саналыг хүлээн авч шийдвэрээ гаргаад байна. Би ганцаараа шийдэхгүй. Миний ард найз нөхөд, барилгын салбарын олон хүн бий. Чамд санал ирж байгаа бол чи дэвших нь зөв шүү гэсэн учраас Сайншанд сумын ИТХ-д нэр дэвшиж байна.
-Аймгийн барилгын компаниуд орон сууцны төслүүд рүү орж байна. Мөн Дорноговь аймагт баригдаж буй аж үйлдвэрийн парк, үйлдвэрүүдийн бүтээн байгуулалтад оролцож байна уу?
-Оролцсон. Газрын тосны үйлдвэрийн ажилд дөрвөн компани оролцоод өөрсдийн авсан ажлуудаа хийгээд дуусгасан. Олон улсын стандартын дагуу хийгдэж байгаа барилгын ажлын хяналт өөр түвшинд учраас энэ явцад маш их зүйлийг суралцсан. Тэр хэрээр барилгын компаниуд суралцаад дараагийн ажилд бэлтгэгдэх туршлага хуримтлуулж байна.
-Орон нутагт, ялангуяа Дорноговьд барилгын компани эрхлэхэд давуу болон сул тал юу байна. Барилгын материал, ханган нийлүүлэлтээ Хятадаас авахад байршил ойр, төмөр зам, дэд бүтэц сайтай зэрэг нь зардал бууруулах, улмаар барилгын үнэд нөлөөлөх хүчин зүйл болох байх. Эсвэл материал түүхий эдээ заавал хотоор дамжуулж авч байна уу?
-Дорноговь аймаг Хятадтай хиллэж буй хамгийн том боомт болох Эрээн-Замын-Үүдийн боомттой учраас бүх л зүйлс хажууханд байгаа. Тэр ч утгаараа барилга хямд төсөр босох боломжтой. Хүндрэлтэй зүйл нь одоо бүх л салбарт ажиллах хүчин маш дутагдалтай болсон.
Дахиад нэг хүндрэлтэй зүйл нь төсвийн хөрөнгө оруулалтаар тендерийн шалгаруулалтаар гүйцэтгэж буй сургууль, цэцэрлэгийн барилгын ажлын төсөв, орон сууцны барилгын төсвийн хооронд маш их ялгаа үүсэж байна. Улсын ажил маш хямд төсөвтэй байдаг. Ер нь улсын захиалгаар төсвийн хөрөнгө оруулалтаар барьж гүйцэтгэж буй ажил дээр 15 хувийн ашиг гардаг нь зах зээлийн жишгээс бага ч гэлээ чамлах зүйл биш ээ. Тэгэхдээ зах зээлийн өрсөлдөөний зарчим илүү өндөр үр ашгийн төлөө ажилладаг учраас компаниуд улсын ажил гүйцэтгэх сонирхол нь багасах болов уу. Хамгийн гол нь үүний ард ажиллах хүчний асуудал улам бүр хүндэрч байгаа юм. Улс, аймаг, орон нутгийн төсвөөр гүйцэтгэж байгаа ажлын үнэлгээ, цалинг нэмэгдүүлэхгүй бол ажиллах хүчингүй болох аюултай. Адилхан ажил хийгээд адилхан л ядрах юм чинь аль илүү цалинтайг нь хүн сонгоно. Бид Улаанбаатар хотын тэр том компаниудад орон сууц барьж байгаа чадвартай хүмүүсийг авчирч ажиллуулья гэвэл тэдэнтэй адилхан л цалин амлах хэрэгтэй. Тэгж байж ажил урагшилна. Улс, аймаг, орон нутгийн төсвөөр гүйцэтгэж байгаа ажлын үнэлгээ, цалин хөлсийг зах зээлийн жишигт дөхүүлэн нэмэгдүүлье гэдэг саналыг манай барилгын салбарын мэргэжлийн байгууллага холбоод Засгийн газрын түвшинд холбогдох яамд, сайд нарт уламжилж байгаа.
-Дорноговь аймгийн ирэх дөрвөн жилийн төлөвлөгөөнд 10 мянган айлын орон сууц барихаар тусгасан байна. Үүнд орон нутгийн компаниуд бэлэн үү?
-Би түрүүн сэтгүүл хараад байж байлаа. Манай аймгийн төвд баригдсан “Мандах наран” хорооллын төсөлд 2020-2024 онд орон нутгийн хоёр, гурван компани нийлээд 1068 айлын орон сууц барьсан байна. Энэ бол нэг аймгийн хэмжээнд өндөр тоо. Тэгэхээр 10 мянган айлын орон сууц гэдэг арав дахин том тоо. Манай орон нутгийн компаниуд дангаараа хүч хүрэлцэхгүй. Тиймээс боломж чадавхи бүхий том компаниуд хотоос ирж энэ төсөлд оролцохоос аргагүй болов уу.
-Та барилгын салбарын хүний нөөц, ажиллах хүчний асуудлыг хөндлөө. Орон нутгийн компаниуд ажиллах хүчээ аймгаасаа татаж чадаж байна уу?
-Орон нутгаас болон Улаанбаатар хотоос авна. Ажлаа чанартай хурдан явуулья гэвэл чадварлаг ажилчид авчрах хэрэгтэй.
Хятадаас ажилчид авч байна уу?
-Үгүй. Хятад улс өөрөө ажиллах хүчний хомсдолд орж байна. Энэ бол зөвхөн Монголд нүүрлээд байгаа асуудал биш дэлхий нийтийг хамарч буй асуудал. Хятад улс өөрийн ажиллах хүчний хомсдолоос болоод эсрэгээрээ Монголоос ажиллах хүч татаж байна. Маш гоё заслын ажил хийдэг монгол залуус Хятад руу очиж ажил хийж байгаа.
Хятадын компаниудтай Монголын ажил олгогчид өрсөлдөхөд хэцүү болж байгаа байх нь ээ. Тэд илүү өндөр үнэлгээ, цалин хөлсөөр өрсөлдөх нь ээ?
-Тийм. Эрээнд барилгын ажил хийдэг монгол залуустай таарч ярилцаж байсан. Тэнд ресторан баарны засал хийгээд Монголд авдаг цалингаа нугалж олж байна.
Дараагийн нэг өрсөлдөгч бол уул уурхайн салбар. Уул уурхайн ажилчид уртын ээлжээр ажиллах болсноос хойш хүмүүс тийшээ их явсан. Уул уурхай, барилга хоёр Монголын хоёр том салбар. Барилгын ажил хийдэг дөртэй хүмүүс уул уурхай руу арай өндөр цалинтай, тогтмол ажилтай, улирлаас үл хамаарсан ажлын байр руу олноороо шилжиж байна. Барилгын салбар их эмзэг, өвөлдөө ажил нь зогсоно, эдийн засаг жаахан савлахад хамгийн түрүүнд барилгын салбар бүдчиж эхэлнэ. Ковидийн үед их хэцүү байсан. Олон ажиллах хүчээ уул уурхайд алдсан.
-Хүний нөөцөө яаж бүрдүүлье гэж бодож байна. Ирээдүйгээ яаж харж байна.
-Орон нутгаас хүүхдүүд сургаж байгаа. Аймгийнхаа МСҮТ дээр барилгын өргөн мэргэжлийн ангиудтай, тэдгээрт хүүхдүүдийг сургаж байна. Хүүхэд л болохоор ажлууд нь арай л хүнддээд байгаа. Ялангуяа одоогийн хүүхдүүдийн гар сул болсон. МСҮТ-өөс барилгын ажил дээр дадлагын хүүхдүүд авдаг. Нэг анги гээд 15-16 хүүхэд ирж байгаа юм. Тэндээс хараад байхад “за энэ хүүхэд цаашаа барилгын ажил хийгээд инженер болох хүүхэд байна даа” гэсэн нь хоёр, гурав л байна. МСҮТ маань Политехникийн коллеж болж өргөжлөө. Одоо бас нэг буруу ойлголт яваад байна. Биднийг хүүхэд байхад ТМС гэдэг байсан шүү дээ, сурлага тааруу, хөдөөнөөс ирсэн нь л тийшээ ордог гэсэн энэ зүйлийг бүр эрс шинэчилж хүүхдүүдийн толгойг ажил хийж байж сайхан амьдарна шүү гэж цэнэглэх хэрэгтэй байна. Заавал их дээд сургуульд диплом аваад болдог бол өнөөдөр тэр олон хуульч нар одоо юу хийж байна? Дэлгүүрт худалдагч хийгээд л байж байгаа шүү. Политекникийн сургуулийнхантайгаа их ойр, зовлон жаргалаа ярилцана. Ажиллах хүч хэцүү байна. Сурах хүүхэд хэцүү байна. Ажлын байран дээр үргэлжлүүлэн ажиллах хүүхэд ховор байна гээд л ярилцана. Одоо ажиллах хүчийг голдуу хотоос авч байна. Нэг ажилласан хүнтэйгээ найдвартай эерэг харилцаатай байж түүгээрээ л ажиллах хүчээ татаж байна.
-Нэг хэсэг тухайн ажилтан эерэг харилцаатай сайн байж ажил олдог байсан бол одоо ажил олгогч өөрөө эерэг сайн харилцаатай байхыг шаардах болжээ дээ?
-Зарим үед чанга ч дуугарч чадахгүй шүү. Чанга дуугарвал жаахан залуус гомдоод явна шүү. Барилгын салбар одоо манай орон нутгийн хэмжээнд үсрэнгүй хөгжил рүүгээ явж байна. Энэ үед л суурийг зөв, маш чамбай тавихыг зорьж байна.
Зарим компаниуд барилгын материалын үйлдвэрлэл рүү орж байна гэж та ярилаа. Сүүлийн жилүүдэд ямар үйлдвэрүүд бий болов?
-Орон нутгийн компаниуд эхнээсээ бетон узельтэй болж байна. Явган замын хавтан үйлдвэрлэж байна. Евро хашаа, дүүргэлтийн блок хийж эхэлж байна. Аймгийн Барилгачдын холбооны ажлыг авснаас хойш хэрэгжүүлсэн ажлууд бий. “Нэг компани нэг үйлдвэр” гэдэг санал дэвшүүлсэн. Олон компанид хүрч чадаагүй байгаа ч гэсэн Дорноговь аймаг эхнээсээ өөрсдийн хэрэгцээг хангах хэмжээнд хашааны блок, барилгын дүүргэлтийн блок, явган замын хавтанг хийж байна. Гэхдээ энд үйлдвэрлэж байгаа компаниуд ханган нийлүүлэлтээ дийлэхгүй байна шүү. Маш их зам талбайн ажил хийгдэж байна. Манайд тээвэр ложистик аль аль талдаа их аятайхан байдаг юм. Замын-Үүдээс ачаа ачаад хот явсан машин буцахдаа Сайншандаар дайрч гардаг. Тэдгээрийг ашиглаад хотоос бид арай хямд өртгөөр барилгын материалаа татах боломжтой байдаг.
-Барилгын салбарын хөгжлөөс гадна орон нутгийнхаа хувьд юу бодож, юунд эмзэглэж явдаг вэ?
-Утаа. Утааны асуудал манай аймагт ч гэсэн байгаа. Дээр үед дулаанаа бодож төлөвлөдөг байсан байх, бүх л аймгууд хонхорт, нөмөрт байгуулагдсан. Одоо суурьшлын бүс болоод олон хүн амьдраад нягтаршил ихсээд эхлэхээр бүх л аймгуудад утааны асуудал яригдаж байгаа.
-Тэгэхээр шийдэл нь барилгуудаа нэмэх ёстой, барилгаа нэмэхийн тулд дулаан үйлдвэрлэх эх үүсвэрээ нэмэх ёстой, дулаан түгээх шугамуудыг өргөжүүлэх ёстой гэсэн үг үү?
-Тийм ээ, шийдэл нь ерөөсөө тэр. Дорноговь аймгийн Сайншанд хот магадгүй Монголын хамгийн анхны гэр хороололгүй хот болж болно. Манай аймагт дулааны зуухны өргөтгөлүүд хийгдээд явж байна. Манай аймгийн дулааны станц 1980-аад онд 5-6 аймагт нэг ижил баригдсан станц. Өнөөдөр тэдгээр нь бүгд ажиллахгүй болсон, татан буугдах нь татан буугдсан. Ганц манай аймгийнх өнөөдөөр өөрөөрөө ажиллаад өргөтгөл засвар хийгдээд аймгийг дулаанаар хангаж байгаа ганц станц юм билээ. Энэ бол “Чандмань илч” орон нутгийн өмчит үйлдвэрийн газрынхан, инженер техникч, хамт олных нь гавьяа. Одоо хүссэн хүсээгүй дулааны станцыг өргөтгөж байж аймаг хөгжинө. Барилгын салбар ч гэсэн дулааны шугамаа л дагана. Дулааны шугам хаана дуусна, тэндээс утаа эхэлнэ. Би бусад аймгуудаар зөндөө явсан. Дархан, Эрдэнэт гоё хөгжиж байна. Тэд чинь маш том дулааны станцтай болохоор л урагш хөгжиж өргөжин тэлж байгаа.
-Аймгийн хот төлөвлөлтийн ерөнхий төлөвлөгөө бол та бүхний хамгийн гол замын зураг байх?
-Дорноговь аймгийн болон Сайншанд сумын Ерөнхий төлөвлөгөөний дагуу газар олголтоос эхлээд бүх ажлууд, сургууль, цэцэрлэг, суурьшлын бүс үүсээд явж байгаа.
Тэр төлөвлөгөөн дээр нэмж хасаж, засаж залруулмаар санаа байгаа юу?
Байгаа, байлгүй яахав. Дорноговь аймгийг сансрын зураг дээр харвал жижигхэн хонхор газарт байгаа. Дорноговь аймаг хөгжих боломж нь ерөөсөө баруун тийшээгээ. Тийшээ төлөвлөлт хийгдээгүй, өмчлөлөөр иргэдэд газар олгогдсон байгаа. Тэгэхээр маш харамсалтай. Зам, дэд бүтэц, төлөвлөлт хийгдээд явбал тэнд өндөр үнээр газар авч барилга барих болно гэсэн үг. Хэрэв дулааны шугам очвол шүү дээ. Гэтэл барилгын үнэ хямд төсөр байх тусам иргэдэд сайн. Тэр хэсэг рүү одоо суурьшлын бүс бий болоогүй ч цоохорлоод эхэлж байгаа.
Түүний наана эртхэн цэгцлэх шаардлагатай байх нь ээ?
Тийм. Манай аймгийг харах юм бол Улаанбаатараас орж ирж байгаа төмөр зам аймгйн төвийн хойно ирээд зогсдог. Зүүнбаянгийн зам дөнгөж орж ирээд 800-900 метрт тулж ирээд тойроод гарч байгаа. Дорноговийн хөгжих газар ерөөсөө баруун тийшээ.
Дулааны зуухаа аймаг ойр, ойрхон өргөтгөж байгаа ч барилгажилтын хурд хүчин чадлаа гүйцэхгүй байна. Одоо 10 мянган айлын орон сууц хөтөлбөр эхлэх юм бол хүссэн хүсээгүй дулааны эх үүсвэр, шугамаа нэмэхээс өөр аргагүй.
-Хотхон бүрийн хажууд уурын зуух бариад байх хэцүү... Энэ бол өмнөх зууны технологи шүү дээ. Өөрөөр дулаан гаргах ямар арга байдаг вэ?
Баруун аймгууд бүгд л тийм юм байна лээ. Монгол орон мэргэжлийн хүний нүдээр харах юм бол байгаль, цаг уурын хувьд барилгын салбарт тун ээлгүй. Зундаа маш халуун, манай говь руу хөрсөндөө 50 градус хүрч хална. Говийг хүмүүс дулаахан гэдэг ч говь өвөлдөө хүйтэн. Агаарын хэм -30 хүрээд дээрээс нь салхилахаар -40 хэм хүрнэ. Уур амьсгалын өөрчлөлтөөр өвөл гэдэг улирал үгүй болчихдоггүй л юм бол өөр арга хэцүү. Барилгын зардал өсөөд байгаа чинь ерөөсөө дулаалгын шийдэл шүү дээ.
-Барилгын инженерүүдийн гэр бүлд өсч, аав ээжийнхээ мэргэжлийг өвлөсөн залуу мэргэжилтэн энэ салбарт аймагтаа ихийг хийж бүтээх хүсэл мөрөөдөл дүүрэн байгаа юм байна?
Төлөөллийн хувиар төр, хувийн хэвшлийн түншлэлийг сайжруулах, болж байгаа нэгнийг нь болохгүй байгаатай нь холбоод ажлыг нь дэмжиж өгөх зүйлс зөндөө гардаг. Гол нь олон нутгийн компаниуд маань өөрсдөө чадвартай болж, бүгд хажуудаа нэг нэг үйлдвэртэй болоод хотоос юм авдаггүй хэмжээнд хүрчихвэл орон нутаг маань илүү хөгжинө. Таны хэлдгээр би барилгын орчинд өссөн. Аав маань барилгын инженер, ээж маань энэ нутагт 1980-аад оноос хойш салбар хувийн хэвшилд шилжсэнээс хойш 2010 он хүртэлх бараг бүх барилгыг мэднэ дээ. Насаараа барилгын төсөв гаргах ажил хийсэн барилгын инженер-эдийн засагч. Монгол Улсын тэргүүлэх төсөвчин. Одоо хүртэл мэргэжлээрээ хувийн хэвшилд ажиллаж байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна