Хотын удирдлагууд Баянзүрх дүүргийн иргэдийг ялгаварлан гадуурхаж байна

Х.Есү
2024/10/09

Ардчилсан Монгол Улсын хууль журам, бодлого шийдвэр хүн бүрт эрх тэгш үйлчлэх ёстой. Гэтэл одоогийн Улаанбаатар хотын удирдлагууд иргэдээ амьдарч байгаа дүүрэг, хороогоор нь ялгаварлан гадуурхсан, тэгш бус бодлого шийдвэр гаргаж байгаа тул НИТХ-ын сонгуулийн 4-р тойрогт АН-аас нэр дэвшигч Б.Жаргалсайхан миний бие Баянзүрх дүүргийнхээ иргэдийн хамт НИТХ-ын дарга Ж.Батбаясгаланд хандан гомдол гаргаж байна


Тодруулбал, НИТХ-ын 2024 оны 09 дүгээр сарын 19-ны өдөр баталсан “Гэр хорооллыг орон сууцжуулах, байршил тогтоох тухай” тогтоол нь Баянзүрх дүүргийн Шархад, Амгалан орчмын иргэдийн эрүүл аюулгүй орчин амьдрах, орчны нөхцлөө сайжруулах эрхийг зөрчиж байна.

Учир нь Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2013 оны 01 дүгээр сарын 31-ны өдрийн 7/29 тоот Гэр хорооллын дахин төлөвлөлтийг эхлүүлэх зарим байршлыг тогтоох тухай тогтоолын 1.6-д “БЗД-ийн 8, 16-р хорооны нутаг дэвсгэр дэх Батлан хамгаалах их сургуулийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө 93.8 га”, 1.7-д “БЗД-ийн 12-р хорооны нутаг дэвсгэр Амгалан орчмын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө 15.2 га”-г тус тус баталж манай Шархад, Амгалан орчмын хороодын нутаг дэвсгар хамрагдаж, энд амьдарч буй олон мянган иргэд орон сууцанд орно, орчин нөхцлөө сайжруулна гэж олон жил итгэж хүлээсэн. Гэтэл 2024 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн Нийслэлийн засаг дарга Х.Нямбаатарын өргөн барьсан тогтоолоор Баянзүрх дүүрэг гэр хорооллыг орон сууцжуулах санхүүжилтийн байршилд багтаагүй байна.

Энэ тогтоолоор дарга нарын тойрог буюу Сүхбаатар, Чингэлтэй, Сонгинохайрхан дүүргүүдэд ихэнх санхүүжилт хувиарлагдаад байна. 2024 оны 9-р сарын 19-нд батлагдсан Нийслэлийн хөгжлийн 2025 оны төлөвлөгөөгөөр 2,1 их наяд төгрөг гэр хорооллыг орон сууцжуулахад зарцуулахаар төлөвлөж байна. Үүний 81.4% нь Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалтад зарцуулагдах бол дөнгөж 2,5% нь Баянзүрх дүүрэгт хувиарлагджээ. Үндсэндээ нийт санхүүжилтийн 97,3% нь дарга нарын тойрог болох Сүхбаатар, Чингэлтэй, Сонгинохайрхан дүүрэгт зарцуулагдахаар байгаа юм.

Харин Баянзүрх дүүрэгт хувиарлагдсан 52 тэрбум төгрөг нь зөвхөн Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр Цайз захын ард баригдаж буй 152 айлын ногоон орон сууцыг санхүүжүүлэх төсөл. Үүнээс өөр Баянзүрх дүүрэгт гэр хорооллыг инженерийн шугам сүлжээнд холбох, гудамж зам талбайг гэрэлтүүлэх цаашлаад орон сууцжуулах, Шархад дэд төвийн ажлыг үргэлжүүлэн дуусгах зориг хотын удирдлагуудад алга байна. Одооноос л уг ажлыг эхлэхгүй бол дахиад 10 жил бид яг энэ хэвээрээ амьдрах болно.

Баянзүрх дүүрэг нь 436,000 хүнтэй нийслэлийн хамгийн том дүүрэг бөгөөд 40 орчим хувь буюу 166,000 иргэд гэр хорооллын утаатай бүсэд амьдарч, аж төрж байна. Сүүлийн жилүүдэд дахин төлөвлөлтийн төслүүд ихээр хэрэгжиж буй боловч БЗД-ийн 4-р тойрогт гэхэд нийт иргэдийн 70 хувь гэр хорооллын бүсэд амьдарсан хэвээр байна. Тус бүсийн гэр хорооллын иргэдрүү чиглэсэн орон сууцжуулах жишиг төслүүдийг хэрэгжүүлэхгүй байгаа нь иргэдийн цаг хугацаа, ирээдүйн боломжийг хулгайлж буй нь үнэхээр харамсалтай.

Улсын болон нийслэл орон нутгийн төсөв зөвхөн хотын төвийн байршлуудад зориулагдан батлагдаж, иргэдээ амьдарч буй байршлаар ялгаварлан гадуурхаж буй нь та бидний эрүүл аюулгүй орчинд аж төрөх үндсэн хуулиар олгогдсон эрхийг зөрчсөөр байна.

Иймд Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2024 оны 09 дүгээр сарын 19-ны өдрийн “Гэр хорооллыг орон сууцжуулах, байршил тогтоох тухай” тогтоолд:


  • -“Шархад дэд төв”;

    -“Амгалан дэд төв”-ийг нэмж оруулж өгнө үү” хэмээн гомдол гаргаж байна. Энэ гомдлын нэг хувийг нь Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатарт хүргүүлж байгаа юм.





Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна