Орон нутгийн ээлжит сонгуулийн санал хураалт орон даяар үргэлжилж байна. 18.00 цагийн байдлаар сонгогчдын ирц улсын хэмжээнд 45 хувьтай байна. Энэ нь 2020 оны Орон нутгийн сонгуультай харьцуулахад тааруу үзүүлэлт болохыг албаны эх сурвалж хэлж байна.
Сонггчдыг насны бүлгээр ангилбал, 18-19 насны залуучуудын 32 хувь, 20-24 насны залуусын ирц 25.5 хувь, 25-29 насны залуусын ирц 32 хувьтай байгаа юм. Өөрөөр хэлбэл, 2024 оны орон нутгийн сонгуулийн үр дүнг 30-аас дээш насныхан тодорхойлох төлөвтэй байна.
Сонгуулийн санал авах байрууд 20.00 цагаас хаана.
Өнгөрсөн 4 удаагийн аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуульд сонгогчдын ирц дунджаар 57 хувьтай байжээ.
Сонгуулийн ирцэд хамгийн их нөлөөлдөг зүйл бол байнга оршин суудаг хаягаасаа өөр газар сурч, ажиллаж амьдардаг иргэд байдаг.
Энэ жилийн тухайд, улсын хэмжээнд хөдөө орон нутгийн хаягтай улаанбаатар хотод сурч буй 120 мянга гаруй оюутан, улирлын чанартай ажил эрхэлж буй 1100 гаруй аж ахуйн нэгжид үндсэн хаягаасаа өөр газар ажиллаж буй 60.000 гаруй иргэн байна. ИТХ-ын сонгуулийн ирцийг хангах үүднээс улирлын чанартай ажил эрхэлж буй хүмүүс, хөдөө орон нутгийн хаягтай Улаанбаатар хотод сурч байгаа оюутнуудыг санал өгөх боломжоор нь хангуулах ажлуудыг СЕХ-ноос үе шаттай зохион байгуулсан. Тодруулбал, хотод сурч буй оюутнуудын хувьд санал хураалтын өдөр Баасан гараг тул 3,4 дахь өдрүүдэд их дээд сургуулиудаас оюутнуудаа үндсэн хаяг дээрээ очиж саналаа өгөх боломжоор нь хангуулах үүднээс тухайн өдрийнх нь хичээлийг дараа нь нөхөх байдлаар зохицуулах шийдэл гаргажээ. Харин уул уурхайн болон тээвэр ложистикийн компаниудын хувьд хуульд заасан үүргээ биелүүлж ажилчдаа чөлөө олгох мөн орон нутаг руугаа зорчиход нь зардал, унаа зэргээр дэмжлэг үзүүлж ажиллах шаардлагыг тавьж байгаа гэдгийг Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлж байв.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна