Орон нутгийн сонгуулийн үр дүнг ирэх баасан гарагт багтааж өргөн мэдүүлнэ

Х.Батсайхан
2024/10/14

Орон нутгийн ээлжит сонгууль өнгөрсөн баасан гарагт болж, иргэд орон нутгийн өөрийгөө удирдах байгууллагаа бүрдүүлсэн билээ. Баасан гарагт болсон санал хураалтын дараа 19 аймгийн 78 сумын 87 хэсэгт нэмэлт санал хураалт явуулахаар болсон бөгөөд 74 сумын 81 хэсэгт нь өчигдөр /X.13/ нэмэлт санал хураалт явуулсан. Үлдсэн дөрвөн сумын 6 хэсэгт ирэх ням гарагт /Х.19/ нэмэлт санал хураалт явуулна. 

Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 78 дугаар зүйлд зааснаар хамгийн олон санал авсан нэр дэвшигчдийн тоо тэнцсэн бол адил санал авсан нэр дэвшигчдийн дунд нэмэлт санал хураалт явуулдаг. 

Нэмэлт санал хураалтад эхний санал хураалтад оролцоогүй, сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн сонгогч оролцож, саналаа өгнө. Улмаар нэмэлт санал хураалтад оролцсон сонгогчдын ирц, саналын тоог эхний санал хураалтад оролцсон сонгогчдын ирц, саналын тоон дээр нэмж тооцон тухайн тойргийн санал хураалтын дүнг гаргахаар хуульчилсны дагуу нэмэлт санал хураалтыг зохион байгуулж байгаа юм. 
Нэмэлт санал хураалт явуулах шаардлагагүй тойргуудаас сонгогдсон төлөөлөгчид Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн 73.4-д “Тухайн шатны сонгуулийн хороо сонгуулийн дүн болон Төлөөлөгчөөр сонгогдсонд тооцох тухай шийдвэрийг сонгууль дууссанаас хойш долоо хоногийн дотор тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн мэдүүлнэ” гэж заасны дагуу явна. Тодруулбал, 2024 оны аравдугаар сарын 18-ны дотор дүнгээ өргөн барих ёстой юм.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна