Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Казахстаны Ерөнхийлөгч К.Токаевыг угтаж авна

Zuv.mn
2024/10/29

Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирсэн Бүгд найрамдах Казахстан улсын Ерөнхийлөгч Касым-Жомарт Кемелевич Токаевыг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр 10.00 цагаас албан ёсоор угтаж авна.  

Дараа нь хоёр Ерөнхийлөгч албан ёсны хэлэлцээ хийнэ.

Талууд өнгөрсөн 30 гаруй жилийн харилцааны ололт, амжилтыг дүгнэн хэлэлцэж, уламжлалт найрсаг харилцааг шинэ шатанд гаргах, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулах болон олон улс, бүс нутгийн тавцан дахь хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх талаар санал солилцох юм.

Хэлэлцээр дууссаны дараа хэлэлцээрийн үр дүнгийн талаар хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөлд мэдээлэл өгөхөөр төлөвлөж байна.

Айлчлалын үеэр хоёр улсын харилцааны эрх зүйн үндсийг бэхжүүлж, тээвэр, логистик, хөдөө аж ахуй, мал эмнэлэг, мэдээллийн технологи, соёл, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд чиглэсэн Засгийн газар болон байгууллага хоорондын баримт бичгүүдэд холбогдох албан тушаалтнууд гарын үсэг зурна.

Ерөнхийлөгч К.Токаев Монголд хоёр дахь удаагаа айлчилж байгаа нь энэ бөгөөд Ерөнхийлөгчийн хувиар анх удаа айлчилж байна. Харин Казахстаны улсын тухайд, 2008 оноос хойш анх удаа төрийн тэргүүний түвшинд айлчилж байгаа нь энэ юм.

Монгол Улс, Бүгд найрамдах Казахстан улс 1992 оны нэгдүгээр сарын 22-нд дипломат харилцаа тогтоожээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна