Сүүлийн дөрвөн сарын хугацаанд 619 иргэн "Телеграм" залиланд 10,3 тэрбум төгрөгөө алджээ

Т.Отгонсувд
Өчигдөр 16 цаг 38 минут

"Телеграм" ашиглан үйлдэгдэж буй залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр холбогдох байгууллагуудаас мэдээлэл хийлээ. 

 Манай улсад сүүлийн дөрвөн сарын байдлаар “Телеграм залилан”-тай холбоотой нийт 619 гэмт хэрэг бүртгэгдэж, иргэдэд 10,3 тэрбум төгрөгийн мөнгөн хохирол учирсан байна. Үүнээс нийслэлд 457 хэрэг 6,8 тэрбум, орон нутагт 162 буюу 3,5 тэрбум төгрөгийн хохирол учраад байна.

Гурван хохирогч тутмын хоёр нь эмэгтэй, 415 хохирогч буюу 67 хувь нь эмэгтэй, насны хувьд 25-34 нас зонхилж байна. Хувийн хэвшилд ажилладаг хохирогч дийлэнх нь юм. Мөн нийт хохирогчоос 387 хохирогч буюу 62,5 хувь нь дээд боловсролтой байжээ.


 Энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр Цагдаагийн Ерөнхий газар нь холбогдох байгууллагуудтай хамтран шат дараалсан ажил, арга хэмжээг зохион байгуулж байна. 

“Телеграм” орчин дахь залилан нь даалгавар биелүүлснээр мөнгөө нэмэгдүүлэх боломжтой хэмээн иргэдийг төөрөгдүүлэн үйлдэгддэг. 

Иймд уг залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр иргэд та бүхэн шаардлагагүй тохиолдолд “Телеграм аппликейшн”-ийг гар утаснаасаа устгах, хамгаалалтын тохиргоо хийх, ямар ч тохиолдолд урьдчилгаа мөнгө шилжүүлэхгүй байх, интернэт банкаа бусдад ашиглуулахгүй байх, Телеграм группт элсэхгүй байхыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.

 Түүнчлэн цахим гэмт хэргийн хохирогч болсон тохиолдолд Цагдаагийн байгууллагын “102” болон “51-265666” тусгай дугаарын утас, “Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс” нүүр номын пейж хуудаст яаралтай мэдэгдэх шаардлагатай аж.

 Эрүүгийн цагдаагийн албаны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх шуурхай ажиллагааны хэлтэс нь 7 хоногийн 24 цаг тасралтгүй иргэдийн дуудлага, мэдээллийг хүлээн авч байна.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.