ХААН Банк малчид, хоршоод болон малын гаралтай бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийг дэмжиж, кластерийн хөгжлийг шинэ шатанд гаргах зорилгоор Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбоо болон Монголын экспортын кластерийн сүлжээ ГҮТББ-тай хамтран ажиллах санамж бичиг тус тус байгууллаа.
Энэхүү санамж бичгийн хүрээнд кластерийн сүлжээнд оролцогч талууд буюу малчид, хоршоод, мал аж ахуйн чиглэлийн жижиг, дунд, томоохон аж ахуйн нэгжүүдэд зориулсан санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээ санал болгохын зэрэгцээ малын түүхий эд болон эцсийн бүтээгдэхүүн экспортлох боломжийг нэмэгдүүлэх, мэргэжлийн зөвлөгөө, сургалт зохион байгуулах зэрэг ажлыг хийх юм. Мөн эрчимжсэн мал аж ахуйг дэмжих, “Хариуцлагатай нүүдэлчин үндэсний стандарт”-ыг түгээн дэлгэрүүлэхийн тулд малын тооноос илүүтэй чанарт суурилсан бэлчээрийн мал аж ахуйг хөгжүүлэх, малчдад хөнгөлөлттэй нөхцөлтэй зээл олгоход хамтран ажиллах юм.