ТАНИЛЦ: Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн ялыг хэвээр үлдээсэн Давж заалдах шатны шүүхийн шийдвэр

С.Гандэлгэр
2024/11/07

Н.Өнөрцэцэгт холбогдох эрүүгийн хэргийн талаар 

Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх 2024 оны арваннэгдүгээр сарын 7-ны өдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны долдугаар сарын 19-ний өдрийн 2024/ШЦТ/707 дугаар шийтгэх тогтоолтой Н.Өнөрцэцэгт холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцлээ.  

Тус шүүх хуралдаанд прокурор Н.Улсболд, Б.Энх-Эрдэнэ, нэр бүхий гурван хохирогч, хохирогчдын өмгөөлөгчөөр Ч.Эрдэнэбат, С.Соёлмаа, С.Эрдэнэсувд, шүүгдэгч Н.Өнөрцэцэг, шүүгдэгчийн өмгөөлөгчөөр Д.Батболд, З.Хүрэлсүх, Б.Баатарсайхан, О.Батсүх, Д.Оросоо, П.Эрхэмбаяр, Ц.Хишигжаргал, Р.Булгамаа, Б.Мөнхбаяр нар биечлэн оролцов.  

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдсан гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянахад, анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Анхан шатны журмаар хэрэг хянан хэлэлцэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэсний дагуу тухайн хэргийг анхан шатны журмаар эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болсон байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.  

Тодруулбал, анхан шатны шүүх шүүгдэгч Н.Өнөрцэцэгийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.11 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заас-ан “Хувь хүний хуулиар хамгаалагдсан нууцыг олж мэдсэн хүн өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр цахим сүлжээ ашиглаж задруулсан”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний нэр төр, алдар хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан”, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хуулийн этгээдийн удирдах албан тушаалтан татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор их хэмжээний татвар ногдох орлогыг зориуд нуусан”, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Гэмт хэргийн улмаас олсон орлого гэдгийг мэдсээр байж түүнийг ашиглаж мөнгө угаасан”, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Төрийн нууцад хамаарах мэдээ, баримтыг хадгалсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, түүнд оногдуулсан эрүүгийн хариуцлага нь үйлдсэн гэмт хэргүүдийнх нь нийгмийн аюулын шинж чанар, бусдад учруулсан хор хохирол болон шүүгдэгчийн хувийн байдалд нь тохирсон байна.  

Түүнчлэн мөрдөн шалгах ажиллагаа болон прокурорын хяналтын шат, анхан шатны шүүхийн шатанд шүүх шийдвэр гаргахад нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, давж заалдсан гомдлуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.  

Давж заалдах шатны шүүхийн шийдвэр /магадлал/-ийг хэргийн оролцогчдын хэн аль нь эс зөвшөөрвөл хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрх нээлттэй. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна