Дээд боловсролын тухай хуульд төрийн өмчийн дээд боловсролын сургалтын байгууллагын Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүн, дүрмийг Засгийн газар батлах, бүрэлдэхүүнд үүсгэн байгуулагчийн төлөөлөл байх тухай заасан. Энэ дагуу Боловсролын сайд П.Наранбаяр АШУҮИС, МУБИС, МУИС, ШУТИС, ХААИС-ийн Удирдах зөвлөлд үүсгэн байгуулагч буюу төрийг төлөөлөн ажиллах бүрэлдэхүүнийг батлав.
Боловсролын сайдын зүгээс их сургуулийн дотоод хэрэгт оролцохгүй, зөвхөн академик эрх чөлөөг хангах, сургалтын чанарыг сайжруулж, төгсөгчдийг чанаржуулах бодлого баримталж буй тул төрөөс боловсролын салбарт баримталж буй бодлого шийдвэрийг тухайн их сургуулийн онцлог, хөтөлбөр, сургалттай уялдуулан хэрэгжүүлэхэд анхааран, бүтээлч ажиллахыг онцлов. Тухайлбал, их сургуулиудын хичээлийн 20 хүртэлх хувийг англи хэлээр заадаг болох, багш нарыг гадаадад суралцуулж, чадавхжуулах, их сургуулиуд хоорондоо кредит солилцох боломжийг бүрдүүлэх, судалгааны их сургуулийг хөгжүүлэхийн тулд их сургуулийн дэргэдэх хүрээлэнгийн үйл ажиллагааг дэмжих, элсэлтийн босгыг үе шаттайгаар дээшлүүлэхэд бэлтгэх, гадаадаас багш, профессоруудыг урьж ажиллуулах гэх мэт чиглэлээр тодорхой ажлуудыг хийх шаардлагатай хэмээлээ.
Дээд боловсролын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т “Төрийн өмчийн дээд боловсролын сургалтын байгууллагын Удирдах зөвлөлд үүсгэн байгуулагчийн төлөөлөл найм, багшийн төлөөлөл гурав, төгсөгч, ажил олгогчийн төлөөлөл гурав, суралцагчийн төлөөлөл нэг байна” хэмээн заасан байдаг.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна