Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бүрэн эрхийнхээ хүрээнд 2025 оны төсөвт бүхэлд хориг тавилаа. Ерөнхийлөгчийн тамгын газраас яг одоо энэ талаар мэдээлэл хийж байна.
УИХ 2025 оны Төсвийн тухай хуулийг Үндэсний баялгийн сангийн 2025 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн тухай 2025 оны төсвийн тухай хуулиудын хамт хугацаанд нь баталсан ч нэр бүхий гишүүдээс гаргасан “ДНБ-д эзлэх хувь 37.7 хувь буюу хэт их”, “Сайд нарын багц дээр тавигдсан төсөв дотор үргүй байж болзошгүй зардал их байна”, “Бүсүүд дээр тодорхой хэмжээтэй задаргаагүй төсөв тавигдсан байна” гэсэн шаардлагыг хүлээн авч, энэ ондоо багтааж тодотгол хийх тогтоолыг мөн хамт баталсан.
Дээрх хуулиудын эцсийн найруулгыг УИХ дээр уншиж, өнгөрсөн Даваа гаригт Ерөнхийлөгчийн Тамгын газарт төсвөө хүргүүлсэн бөгөөд Ерөнхийлөгч ажлын таван өдөрт багтаан хориг тавих эсэх шийдвэрээ гаргах байсан юм.
Төсөв энэ сарын 8-ны өдөр батлагдсан. Улмаар 11 хоногийн дараа буюу 19-нд Ерөнхийлөгчид өргөн баригдаж, Ерөнхийлөгч өнөөдөр Төсвийн тухай хууль болон хамт батлагдсан бусад хуулиудад бүхэлд нь хориг тавив.
Ерөнхийлөгч төсөвт хэсэгчлэн болон бүхэлд нь хориг тавьсан тохиолдолд парламент ажлын 14 хоногийн дотор хоригийг хэлэлцэнэ. Ингэхдээ УИХ олонхоороо буюу гуравны хоёр /66,6 хувь/ Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авахгүй гэж үзвэл төсөв хэрэгжинэ. Харин хүлээж авах нь зүйтэй гэж үзвэл өөрчлөлт оруулах хуулийн зохицуулалттай юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна