Ж.Ганбаатар: Төсөв хэлэлцэхэд эхлээд орлогоо ярьдаг байх хэрэгтэй. Бидэнд 34 биш, 38 их наяд төгрөг олох боломж байна

Zuv.mn
3 цаг 43 минутын өмнө

2025 оны Төсвийн тухай хууль, дагалдах хуулийн төслүүдийг өнөөдөр эцэслэн баталсан билээ. Хэлэлцүүлгийн төгсгөлд гишүүд асуулт асуухаасаа илүү үг хэлж, энэ жилийн төсөв батлах үйл явцыг өөр, өөрийнхөөрөө дүгнэсэн.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар “Би ер нь зарлага тал дээр нэг их санаа зовдоггүй. Орлого талдаа анхаарах хэрэгтэй. 34 их наяд төгрөгөө яаж олох вэ. 

Энэ хүмүүс баахан санал гаргаад, хоорондоо маргалдаад, бичиг сачиг болоод байдаг, гэтэл оны дундуур тодотгоно гээд зарлага нь хасагдаад явчихдаг шүү. Тийм болохоор орлогоо яаж биелүүлэх вэ, яаж илүү олох вэ гэдэг дээр Засгийн газар анхаарах хэрэгтэй. 

Уул уурхайн бүтээгдэхүүнээ яаж ашигтай, төлөвлөсөн хэмжээнд нь борлуулах вэ. Татварын бааз суурийг яаж нэмэгдүүлэх вэ. Нийгмийн чанартай асуудлуудыг бид орлого олж байж л шийдвэрлэнэ шүү дээ.

Төсөв хэлэлцэж байх хугацаанд харж байхад орлого тал дээр их сул байлаа. “Аа, 70 сая тонн нүүрс гаргасан, 80 саяыг гаргахгүй яадаг юм” гэх маягтай. Тэгчихээд он гарангуут төсөв тодотгоно гэвэл энэ олон хүний бүтэн сар хагасын ажил үргүй болно шүү.

Төсөв гүйцээх ажилд чинь би тусалья. Зэсээ, нүүрсээ биржээр зар. Өөр мөнгө олох боломжууд их байна шүү дээ. Алтанбулагийн боомтоо хар. Зарим хүмүүс гайхаж байна лээ, “Хэчнээн их архи уудаг юм бэ” гэж. Сангийн яам тэр мөнгөө олж аваач. Энд, тэнд мөнгө их байна, Монгол Улсад. Тэр мөнгөө олж аваад, зөв юманд хөрөнгө оруулаад явбал боломж их байна.

 Орлого талыг нь тодотгоосой гэж би хүсэж байна. 34 их наяд биш, 38 их наяд төгрөг олох боломж бидэнд байна. Тэр мөнгийг олж аваад 2025 оны хоёрдугаар улиралд төсвөө тодотгоод сууж байгаасай. Орлогоо олоод, том төслүүдээ санхүүжүүлээд явах нь хамтарсан Засгийн газрын гол зорилт” хэмээн байр сууриа илэрхийллээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна