Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын дарга Ч.Өнөрбаяр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Ч.Өнөрбаяр: "Бид 10 дугаар сард ажлын хэсэг гаргаад боловсролын зээлийн сангийн асуудал дээр хяналт шалгалтын ажил хийсэн. Дээрээс нь мөн иргэд, аж ахуйн нэгжийн өргөдөл гомдлоор НЗДТГ-ын газрын албатай холбоотой асуудлаар шалгалт хийсэн.
Бидний хийсэн хяналт шалгалтын дүгнэлт гараад албан шаардлагуудыг боловсролын сайд болоод Нийслэлийн газрын албанд хүргүүлсэн.
Нийслэлийн газрын албан дээр газрын маргааны асуудал үүссэн. 2020 онд Нийслэлийн засаг дарга давхардуулж газар олгосноос үүдэн энэхүү асуудал үүссэн байна. Энэ маргаан шүүхийн байгууллагаар яваад таван удаагийн шүүхийн шийдвэр гараад, гомдол гаргасан аж ахуйн нэгжид олгох нь зөв гэсэн шийдвэр гарсан байна.
Харамсалтай нь өнөөдрийг хүртэл нийслэлийн газрын алба асуудлыг нь шийдэж өгөөгүй байна. Манайд ирсэн гомдлын дагуу шалгалтын ажиллагаа явуулсан чинь "Зөвлөл" нь гацаагаад байсан байна. Шүүхийн гаргасан шийдвэрийг зөв буруу тухай зүгээр л нэг Засаг даргын тамгийн газар дээрх Зөвлөл шийдээд, хойшлуулаад байж байдаг. Зөвлөлд хуулиар олгогдсон ямар ч эрх мэдэл байхгүй. Шүүхээс гаргасан шийдвэрийг нийтээрээ дагаж мөрдөх ёстой. Гэвч бодит байдал дээр зүгээр л ямар ч эрх мэдэлгүй "Зөвлөл" гэдэг зүйлээс болоод аливаа ажил гацаж байна.
Зөвлөл гэдэг байгууллага ямар учраас эрх мэдэл эдлээд байгаа юм гээд тодруулахаар бид өөрсдийн гэсэн журамтай гэж хариулдаг. Даргын баталсан журмаар эрх мэдлийг олж авдаггүй юм. Энэ асуудал бид УИХ-тай хамтран ажиллаж цэгцлэнэ.
Хоёрдугаарт боловсролын зээлийн сангийн асуудал байна. Өнөөдрийн байдлаар боловсролын зээлийн сангийн 147 зээлдэгч 3.4 сая ам.долларын зээлээ эргэн төлөөгүй байна.
Ер нь төрийн дэргэдэх тусгай сангуудыг эргэж харахгүй бол эдгээр сангууд л шударга бус байдлыг бий болгож, алагчилдаг, төрийг бүтээмжгүй болгож байна. Энэ асуудлыг шийдүүлэх зорилгоор холбогдох албан байгууллага руу бичиг хүргүүлсэн" гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна