Гашуунсухайт-Ганцмод хил холболтын төмөр замын гацаа 16 жилийн гацаа арилах уу

Zuv.mn
15 цаг 29 минутын өмнө

Засгийн газрын үйл ажиллагааны төлөвлөгөөнд орсон Хил дамнасан төмөр замын төслүүдийн эхнийх болох Гашуунсухайт-Ганцмод чиглэлийн хил холболтын төмөр замын төслийн асуудал УИХ-ын чуулганаар хэлэлцэгдэх гэж байгаатай холбогдуулан,  ач холбогдлоороо мега төслүүдийн эхэнд эрэмбэлэгдсэн уг төслийн танилцуулгын талаар мэдээлэл бэлтгэн хүргэж байна. 

Хэрвээ "Чайна энержи"-тэй тохиролцоонд хүрч гэмээ нь  “Ханги-Мандал”, "Шивээхүрэн-Сэхээ" хилийн боомтуудын хил дамнасан холболтын төмөр зам, ачаа тээврийн шилжүүлэн ачих терминалыг барих асуудал яригдана. Тиймээс манай зүгээс асуудлыг том зургаар харах шаардлага үүсэж буй.  

                                 Нүүрсний улс төр буюу тоонд нуугдсан далд тооцооллууд

Олон улсад хэрэгжсэн мега төслүүдэд хийсэн судалгаагаар, эрчим хүч, төмөр замын салбарт оруулсан хөрөнгө оруулалт бусад салбарт өсөлт бий болгох чадвар хамгийн өндөр  байдгийг баталжээ. Бүх салбарт ижил хэмжээний хөрөнгө оруулалт хийхэд ажиллах хүчний өөрчлөлт хамгийн их ажиглагддаг салбар нь төмөр зам байна. 

Ашиглалтад орсон даруйдаа өгөөж өгч, бусад төслүүд амжилттай хэрэгжих бололцоог хангана гэдэг утгаараа “Гашуунсухайт-Ганцмод”, “Ханги-Мандал”, “Шивээхүрэн-Сэхээ” хилийн боомтуудын хил дамнасан холболтын төмөр зам, ачаа тээврийн шилжүүлэн ачих терминалын хувьд, ач холбогдол нь бүр ч өндөр юм. 

Илүү тодорхой тооцоолол уншья гэсэн хүмүүст зориулж тоон мэдээлэл хүргэхэд гурван төслийг нийт 957 тэрбум төгрөгөөр барьж, жилдээ 3.5 тэрбум ам.долларын экспортыг шинээр бий болгоно. Экспортын хүчин чадал 40 сая тонноор (Гашуунсухайт-Ганцмод 20 сая.тн, Ханги-Мандал 10 сая.тн, Шивээхүрэн-Сэхээ 10 сая.тн) нэмэгдэж, нэг тн нүүрснээс /бусад ашигт малтмал ч орно/ олох ашиг хоёр дахин өснө. 80 сая тонн нүүрс гаргаж байж олдог ашгаа /Энэ жил 80 сая тонн нүүрс экспортлох төлөвтэй бөгөөд 2025 оны төсөвт мөн энэ хэмжээнд төлөвлөсөн байгаа/ 40 сая тонноос олно, дээр нь биет хэмжээ 40 сая тоноор нэмэгдэнэ гээд бодохоор Гашуунсухайт-Ганцмод, Ханги-Мандал, Шивээхүрэн-Сэхээ боомтуудыг холбосны дараа 120 сая тонн нүүрс гаргаж, автомашинаар 160 сая тонн нүүрс гаргасантай дүйцэх өгөөж хүртэх юм. 

Тээврийн зардлыг буулгаснаас гадна, бид "Нүүрсний хулгай" гэж ерөнхийлж ярьдаг тээврийн зардлыг өсгөх замаар өндөр ашиг хүртдэг зуучлагчдыг шахаж гаргаснаар энэ нөхцөл бүрдэнэ. 

Өөрөөр хэлбэл, төмөр замаар тээвэрлэх нүүрс Тавантолгойгоос шууд БНХАУ-ын хэрэглэгчдэд буюу Бугат руу очиж, тээвэрлэлтээс 30 хувийн ашиг хийдэг чейнж маягийн компаниуд Монгол, Хятад аль, аль талдаа алга болж буй.  

                                       Монгол, БНХАУ-ын хөгжлийн 16 жилийн гацаа арилна 

Гашуунсухайт-Ганцмод боомтыг холбох төмөр замын ажил 14 жил гацаад 2022 онд тохиролцоонд хүрсэн. Өөр, өөр Засгийн газар, өөр, өөр улс төрийн байдалд гацаж байсан үйл Л.Оюун-Эрдэнийн үед гацаанаас гарсан. Ганц Гашуунсухайтыг гацаанаас гаргаад зогсоогүй, боомтуудыг ч холбох тохироо хийсэн. Одоо ч хүчин чармайлт гаргасаар, хэрэгжүүлэхэд бэлэн болоод байна /http://www.zasag.mn/news/view/.../.

Манайхан Гашуунсухайт-Ганцмодны хил дамнасан төмөр замыг ярихдаа манайх л 16 жил хөгжлөө гацаасан мэтээр ойлгох тал бий. Үнэндээ аль хэдийнэ хөрөнгөө гаргаад төмөр замаа Ганцмод руу барьчихсан гэдгээрээ 16 жилд биднээс гадна БНХАУ-ын тал хохирсон. 

Төслийг хэрэгжүүлснээр, хоёр тал алдагдлаа бага, багаар нөхөх боломж бүрдэнэ. Ач холбогдлоосоо шалтгаалаад нүүрс нь улс төрийн асуудал болчихдог манай хоёр улсын хувьд энэ нь ойлголцоо бэхжүүлэх, харилцан ашигтай хамтын ажиллагааг илүү үр дүнтэй хөгжүүлэх чухал боломж. Энэ бол манай улсын хувьд эдийн засгийн аюулгүй байдлын асуудал юм.   

                                                                          Эрсдэл, эрсдэл, эрсдэл...

Ерөнхийдөө, манайхны санаа зовох гол шалтгаан нь БНХАУ Монголоос нүүрс худалдаж авахгүй байх бүрэн чадамжтайд оршиж буй. Нүүрс бол эдийн засгаас гадна улс төр байдаг тул санаа зовох нь аргагүй. Гэхдээ одоо байгаа, биржээр худалдаалах нүүрсний хэмжээ буурсан нөхцөл байдал цэвэр эдийн засгийн шалтгаантай /Манайх биржийн үнээр зардаг болсноор БНХАУ-ын худалдан авагчид манай нүүрсэнд илүү өндөр үнэ төлөх болсон/ бөгөөд үүнийг хэвлэлүүд “Нүүрсийг биржийн үнээр зарах журам” гарснаас хойш л тогтмол бичиж байсныг энд сануулах нь зүйтэй болов уу. 

Бодит эффект нь гэвэл, хууль хэрэгжиж эхэлснээс хойш манайхаас нүүрс худалдаж авах компанийн тоо цөөрсөн. "Амны үнэ"-ээр зардаг байх үед 178 компанитай харьцдаг байсан бол бирж нээгдэхэд 50 компани бүртгүүлж, дөрөв нь л арилжаа хийсэн явдал үүнийг баталдаг. 

Өөрөөр хэлбэл, нүүрсний бизнес газар нутгийн байршлаас илүү хамааралтай болж, манай хилтэй илүү ойрхон компаниуд л худалдан авалт хийх болсон. Бид харин хил дамнасан төмөр замын гурван төслөө хэрэгжүүлснээр биднээс авахад ашигтай байх хязгаарыг тэлж, Биржийн хууль цаашдаа хэрэгжсээр байх боломжийг өсгөж байгаа хэрэг. Учир нь, биржийн үнэ гэдэг нэгэндээ тулган хүлээлгэх байдлаар тогтдоггүй, санал болгож чадах дээд үнээ л хэлдэг зарчим. 

Нөгөө талаар, нүүрсийг ашигт малтмалын гэхээсээ илүүтэй ложистикийн бизнес гэж ярьдаг. Цаашдаа нүүрсний үнэ өндөр байгаа ч үү, үгүй ч үү. Тэр цаг ирэхэд нүүрсээ ядаж ложистикийн бизнес болгож авч үлдэх боломжийг бидэнд хил дамнасан төмөр замын төсөл л олгох юм. 

"Тэгсэн ч нүүрс авахаа больбол яана" гэх хүн цөөн боловч байж мэднэ. Тэдэнд хандаж хэлэхэд, БНХАУ-ын Австралиас авдаг коксжих нүүрс хэтэрхий үнэтэй, авч буй зуучлагч компанидаа ямар ч ашиггүй. Өмнөд хэсгийн хэрэглэгчдэд юу юм гэхээс Монголын хилд ойрхон компаниудад бүр алдагдалтай.  Тийм ч учраас Австралиас нүүрс авч эхэлсэн нь эдийн засгийн гэхээсээ илүү дипломат бодлого гэсэн дүгнэлт ч байдаг. Дипломат бодлого гэдэг нь харилцаагаа хүндэтгэхээс гадна гадаад худалдааны балансыг тэнцвэржүүлэх зорилготой холбоотой.

Манай дээр жишээ нь, Монголоос нүүрс авахаа больбол өөрсдөө бидэнд бараагаа зарж чадахаа болино гэж тайлбарламаар ч юм уу. Өөр нэг өнцөг гэвэл, хэрвээ ийм байдал үүсгэвэл Монголд улс төрийн хямрал нүүрлэнэ, тэр нь Бээжинд ашиггүй.

Том зургаар нь харвал, одоогийн нөхцөлд ОХУ, БНХАУ аль, аль нь хажуу хавирганыхаа улсыг хясан боох нь маш ашиггүй байдлыг үүсгэнэ. Тиймээс хоёул дундын бүс буюу аль алинтай нь хил залгадаг улс орнуудыг улс төрийн хувьд маш тогтвортой нэг цул болгохыг хүсэж, түүнийгээ бат нотолсоор байгаа. Энэ ажлаа хамтын ажиллагаа, харилцан итгэлцэл, хамтарсан төслүүд хэрэгжүүлэх замаар хэрэгжүүлэх бодлого барьж буй. Үүнийгээ зөрчих том шалтгаан бараг байхгүй юм.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна