Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж нэгэнтээ Х.Баттулгын талаар “Х.Баттулгад боловсон хүчний нөөц байхгүй. Хулгайчийн нөөц л байгаа” гэж хэлж байж билээ. Х.Баттулгын хүмүүс хулгайчдаа ч биш, улс төрийн гол өрсөлдөгч рүүгээ дайрч байхдаа төрийн дээд албан тушаалтан, өндөрлөгүүд өөрийн гэсэн багтай, толгойлогч нь өндөр албан тушаалд очиж гэмээ нь эрхшээсэн байгууллагууддаа өөрийнхөө бүрдүүлсэн багаас л хүнээ томилдог гэдгийг илчилсэн нь тэр. Ийм томилгоо томилуулсан улстөрч, улс төрийн бүлэглэлдээ л ашигтай байх нь мэдээж.
Улстөрчид баг бүрдүүлдэг, багаараа тоглодог энэ муухай жишиг эдүгээ олон нийтийн эрх ашгийг хамгаалах, хуулийн хэрэгжилтийг хангах чиг үүрэгтэй байгууллагад тэс өөр мэргэжилтэй хүнийг зүтгүүлэх хэмжээнд ужгирсан байна.
Санхүүгийн зохицуулах хорооны хяналтын зөвлөлийн даргад нэр дэвшин томилогдсон Б.Буяндэлгэрийн томилгоо үүний нэг жишээ.
Манай аль ч салбарт байгууллагын даргаа дотроосоо тавьчих нөөц байж л байгаа. Гэвч заавал өөрийн хүнээ тавьдаг нь сайнаар бодоход өөрийнхөө арыг хамгаалж байгаа, муугаар хардахад хууль бус юм хийх гэж байгаагийн л шинж.
Эрх мэдэлтнүүд төрийн бүтэц, яам, агентлагуудыг хариуцдаг. Хууль баталж, хоорондоо булаацалдан тэмцдэг.
Энэ тэмцэлдээ ард түмний төлөөлөл /үгүйдээ л иргэд ингэж итгэдэг/ УИХ-ыг ч ашиглаж, “зохион байгуулалтыг оновчтой болгох” нэрийдлээр агентлагуудын харъяаллыг ийш, тийш нь шилжүүлдэг болсныг бүгд мэдэж байгаа.
Сүүлдээ ТББ-уудыг хүртэл эзэмшил газраа гэж үздэг, өөрийнхөө хүнийг “шахдаг” байдал ажиглагдах болсон.
Миний л ажигласнаар монголын хамгийн их мөнгөтэй хоёр төрийн бус байгууллага МҮОХ, Монголын хөлбөмбөгийн холбоо үе, үеийн Ерөнхийлөгчийн нөлөөний бүс байж ирлээ. Тэнд нь ёс юм шиг мөнгө төгрөгний асуудал гарч байдаг.
Харамсалтай нь, улстөрчдийн энэ эзэмшил нутагт Санхүүгийн зохицуулах хорооны хяналтын зөвлөл бас орчихжээ. Санхүүгийн зохицуулах хорооны Хяналтын зөвлөл нь санхүүгийн зах зээлд оролцогчдын хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хамгаалж, санхүүгийн зах зээлийн хөгжлийг дэмжиж ажиллах зарчимтай бүтэц.
Үйл ажиллагаа нь журмаар зохицуулагддаг бөгөөд
2.1.1. Хорооны шийдвэртэй холбогдуулан гаргасан гомдлыг хянах;
2.1.2. Хяналтын зөвлөлийн шийдвэр, хөндлөнгийн аудиторын дүгнэлт, зөвлөмжийн хэрэгжилтийн талаар Хорооны мэдээллийг Хяналтын зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэх;
2.1.3. Хорооноос Улсын Их Хурал, олон нийтэд мэдээлсэн үйл ажиллагааны болон санхүүгийн тайлантай танилцах;
2.1.4. Хорооны үйл ажиллагаа, түүний эрх зүйн орчныг боловсронгуй болгох талаар санал боловсруулах;
2.1.5. Хорооны шийдвэр, үйл ажиллагааны талаар гаргасан гомдолтой холбоотой тайлан, мэдээлэл, шаардлагатай бусад бичиг баримтыг Хорооноос гаргуулан авах бүрэн эрхийг эдэлдэг байна.
Жишээ нь, сая СЗХ-ны дарга жолоочийг хариуцлагажуулах нэрээр албан журмын даатгалын хураамжийн хувь хэмжээг нэмэгдүүлэхэд /700,000 төгрөг болж нэмэгдсэн гэсэн цуурхал дэгдсэн/ жолооч нар СХЗ-ны Хяналтын зөвлөлд хандах байсан гэсэн үг. Яг өнөөдрийн байдлаар Монголын санхүүгийн зах зээлд байгууллага дүрмээ зохиож, хохирогч нь хэрэглэгчид буюу иргэд /улс төрчдийн нэрлэх дуртайгаар бол ард түмэн/ болж байгаа. Тэд бүгдээрээ гомдол бичдэггүй биш, бичдэг байж таарна. СЗХ-ны Хяналтын зөвлөлийн хийх ажил их байна л гэсэн үг.
Гэтэл тэр өргөдөл, шийдүүлэхийг хүссэн асуудлууд Хяналтын зөвлөлийн даргыг томилуулсан бүлэглэлийн эрх ашигтай зөрчилдвөл яах вэ гэдэг асуудал гарна.
Бүлэглэл ингэж өөрсдийн хүнээ Хяналтын бүтцүүд дээр байршуулах нь иргэдэд ашигтай эсэх нь үнэхээр эргэлзээтэй. Монголын хэдэн зуу, мянган эдийн засагч, хуульчдаас Санхүүгийн зохицуулах хорооны Хяналтын зөвлөлийг хариуцуулчих хүн байхгүй гэвэл тэрэн шиг худлаа юм байхгүй. Гагцхүү энэ бүтцийг эрхшээдэг, иргэдийн мэдэхгүй нууц тохироог хийсэн улс төрийн бүлэглэлд насаараа газар зохион байгуулагч хийсэн М.Буяндэлгэрээс өөр хүний нөөц байгаагүй юм байна л гэж харагдлаа. Энэ бол завхрал бөгөөд эргэж харах шаардлагатай, энэ УИХ-ын хамгийн харалган томилгоо боллоо
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна