Монголын хөлбөмбөгийн холбооны Их хурал энэ сарын 28-нд ээлжит бусаар хуралдаж, ерөнхийлөгчөө сонгох билээ. Энэ удаагийн ерөнхийлөгчийн сонгуульд:
1. Б.Гарьдмагнай
Монголын хөлбөмбөгийн бүх цаг үеийн шилдэг тамирчин бөгөөд МХБХ-ны Техникийн хэлтсийн захирал
2. Г.Дашням
G-Mobile компанийн ТУЗ-ийн дарга, “Jet sharing Mongolia”-г үүсгэн байгуулагч
3. Ө.Алтай
“Ховдын хүлэгүүд” клубийг үүсгэн байгуулагч, клубийн менежер
4. Н.Болор-Эрдэнэ
Нийслэлийн газрын албаны мэргэжилтэн
5. С.Жаргал
Монголын Спортын Корпорацын спорт хариуцсан захирал, МХБХ-нд тоглолт зохион байгуулагчаар ажиллаж байсан
6. Ц.Анандбазар
“Сод Монгол Групп”-ийн ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн асан нар нэр дэвшсэн ч Г.Дашнямыг хассан байдаг. Тэгвэл үлдсэн таван нэр дэвшигч дунд мөн асуудал үүсч, Тоглогчдын холбоо нь нэр дэвшигч Ц.Анандбазарыг нэр дэвшигчдийн жагсаалтаас хасахыг шаардаад байна.
Мэдэгдэлд "Монголын нийт хөлбөмбөгийн тамирчдыг албан ёсоор төлөөлдөг Монголын Тоглогчдын Холбооны зүгээс удахгүй болох Монголын Хөлбөмбөгийн Холбооны ерөнхийлөгчийн сонгуулийг эрс эсэргүүцэж байна.
Бид нэр дэвшигч Ц.Анандбазарыг хууль бусаар бүртгэсэн, шударга бус сонгуулийн хорооны үйл ажиллагааг эрс буруушааж тухайн нэр дэвшигчийн нэр дэвших эрхийг түтгэлзүүлэхийг шаардаж байна.
Бид спортын ёс зүй, шударга байдал, ил тод байдлыг нэн тэргүүнд эрхэмлэдэг. Иймд Монголын Хөлбөмбөгийн Холбооны үндсэн дүрэм, сонгуулийн дүрэм болон холбогдох журмыг Олон Улсын Хөлбөмбөгийн Холбооны (FIFA) зарчмын дагуу шинэчлэн найруулж, тухайн шинэчилсэн дүрэм, журмын хүрээнд шинээр сонгууль зохион байгуулахыг шаардаж байна.
Монголын хөлбөмбөгийг улс төрөөс ангид, шударга, ил тод зарчмаар хөгжүүлж тамирчид, тоглогчдын эрх ашгийг хамгаалах нь бидний зорилго юм. Иймд бид Монголын Хөлбөмбөгийн холбооноос зохион байгуулж буй бүх тэмцээн уралдаан /Үйл ажиллагаа/-нд оролцохгүй болохыг мэдэгдэж байна" гэжээ.
Хэрвээ Тоглогчдын холбоо мэдэгдэлдээ дурдсан, "Ц.Анандбазарыг дүрмийн бусаар бүртгэсэн" нь тогтоогдвол тэрбээр өрсөлдөх эрхгүй болно. Харин дүрмийн дагуу бүртгэсэн нь тогтоогдоод сонгуульд өрсөлдөхөөр болбол тоглогчид бүгд тэмцээн уралдаанд оролцохгүй болж, Монголын хөлбөмбөгт маш ноцтой асуудал үүсэх нь ийнхүү тодорхой болоод байна.
Хөлбөмбөгийн холбоо бол бусад спортын холбоо шиг ААН-ийн үүд сахиж хандив тусламж гуйхааргүй санхүүгийн хувьд бэхэжсэн байгууллага гэдгийг монголчууд мэдэж байгаа байх. Гэвч үеийн үед ерөнхийлөгч нар нь амин хувиа хичээсэн үйлдэл гаргаж байсан гэдгээрээ алдартай. Мөнгөтэй хүн нэр дэвшиж, саналын эрхтэй төлөөлөгчдийг лоббидож сонгогдоод Олон улсын хөлбөмбөгийн холбооноос ирдэг санхүүжилтэд эзэн суудаг дүр зураг л харагддаг. Их хурлын төлөөлөгчид "Маргаашийн өөхнөөс өнөөдрийн уушиг" гэж санал хураалт хүртэл лоббинд автсаар өөрсдийнхөө эрх ашгийг хохироож ирсэн. Харин энэ удаагийн сонгуулийг харвал, үнэхээр тоглогчид эрх ашгийнхаа төлөө нэгдэж байгаа юм уу гэсэн байдал харагдаж байна. Гэсэн ч Ц.Анандбазарыг нэр дэвшихийг эсэргүүцэж байгааг харвал төлөөлөгчдийг лоббид автана гэсэн айдас тоглогчдод хангалттай байгааг харуулж байна.
Үеийн үед мөнгө биш, сэтгэл дутаж ирсэн энэ холбооны хувь заяа хэрхэх нь одоо Сонгуулийн хорооны шийдвэрээс шалтгаалах болоод байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.161.114
Монголын хөл бөмбөг дэлхийн түвшнээс 60 жилээр хоцорч яваа юун холбоо гошгирцон гарууд юмаа.Анандбазарыг сонгооч хөл бөмбөгчдийг толгой дараалан бавчих юм уу?
Хариулах43.228.130.188
заа нийх гавьяа байгуулдаг юм шиг сүртэй тоглогчийн холбоо ч гэх шиг арван баг тоглохд аравт л ордог байж нэг л их холбоо болимоор юм хэн сонгогдох нь хэнд хамаатай ч юм сонгууль бол сонгууль хэн ч нэр дэвшүүлэх эрхтэй юм бишүү
Хариулах