Ж.Баясгалан: Хүний эрх, тэгш боломжийг хангахад парламент үлгэрлэж буйд талархаж байна

С.Гандэлгэр
6 цаг 18 минутын өмнө

Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдааны танхимд тэргэнцэртэй иргэнд зориулсан тусгай индэр засаад байна. Энэ нь хүний эрх, эрх тэгш байдлыг Монголын парламент үлгэрлэн манлайлж байгаа өндөр ач холбогдолтой явдал болохыг Улсын Их Хурлын гишүүн Ж.Баясгалан талархан тэмдэглэв.

Тэрбээр, 126 гишүүн бүхий Улсын Их Хуралд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг төлөөлсөн хоёр гишүүн сонгогдсон нь Монгол Улсын хүний эрхийг дээдэлдэг, ардчилсан улс болохыг тунхаглан зарлаад зогсохгүй хууль тогтоох байгууллагын төлөөллийн чадавх зохих ёсоор нэмэгдсэнийг илтгэн харуулж буйг онцлоод, нийгэмд хүний эрхийг дээдлэх, тэгш боломжийг бүрдүүлэх, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог дэмжихэд парламентын үлгэрлэл чухал үүрэгтэйг дурдсан юм.

Тусгай индэр чуулганы танхимд засагдаагүй үед тэрбээр босоо индрийн өмнө гарч үгээ хэлдэг байсан бол одоо албан ёсоор, индрийн араас үгээ хэлэх боломж бүрдэж буйд баяртай байгаагаа илэрхийлээд, олон мянган хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг төлөөлөн ажиллаж буй учир энэ индэр зөвхөн өөрт нь бус тэр бүх хүмүүст зориулагдаж байгаа гэдгийг онцлов гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна