АЛТ ОЛБОРЛОЛТОО НЭМЖ БОЛОХ Ч АЛДАХГҮЙ БАЙХ НЬ ЧУХАЛ: "Азийн алтны хамгийн том хар зах зээл" хажууд байна...

Х.Батсайхан
7 цаг 45 минутын өмнө

Яг одоо, алтны үнэ ханш өсөж, ач холбогдол нь нэмэгдэж байгаа энэ үед бас нэг анхаарах ёстой асуудал нь алтны хууль бус худалдаа юм. Практикаас харахад, манай улс Төв банкинд тушаах алтны хэмжээг нэмэгдүүлэх хоёр л аргыг хэрэгжүүлж ирсэн бөгөөд нэг нь АМНАТ-ийг багасгах, нөгөө нь ашиглалтын лиценз олголтыг идэвхжүүлж, олборлолтын хэмжээг өсгөх. 

Энэ хоёр аргын сүүлийнх нь мэдээж, хамгийн үр дүнтэй. "Алт III" хөтөлбөрийн гол зорилго чухам ийш чиглэж буй. Гэвч АМНАТ-ыг бууруулах аргын үзүүлдэг нөлөө буюу хууль бус худалдааг хязгаарлах тал дээр онцгой анхаарахгүй бол алтаа гадагш урсгаж алдах эрсдэл бий. 

Монголын алт үйлдвэрлэгчдийн холбооны Ерөнхийлөгч Т.Ганболд 2018 онд, алтны АМНАТ-ыг 2.5 хувь болгож бууруулсан хуулийн үйлчлэл дуусах үед "АМНАТ-ыг  2.5 хувь болгон бууруулснаар Төв банкны алт тушаалт жилд 2 тонн байсан бол одоо 20 тоннд хүрлээ" гэж мэдэгдэж байжээ. Энэ юу гэсэн үг вэ гэвэл, шууд хэлэхэд Монгол Улс алтны хар зах зээлтэй нягт холбоотой л гэсэн үг.

Олборлолт хэвийн явж байгаа хэр нь АМНАТ бууруулахаар тушаалт нэмэгдээд, хэвийн хэмжээнд байлгахад буугаад байдгийн учир ингэж л тайлбарлагдана. Тэгэхээр нэг талдаа төсслүүд хөдөлгөж олборлолтоо өсгөсөн ч нөгөө талдаа гадагш алдахгүй байх тал дээр онцгой анхаарах хэрэгтэй болж байгаа юм. Тэгэхгүй бол дэлхийн хар алтны хамгийн том зах зээл хажууд байна. 

Алтаа Төв банкиндаа тушаах нь эх оронч үйлдэл, улс орныхоо тусгаар тогтнол тэсэх чадлыг нэмэгдүүлж буй ухамсартай үйлдэл гэдгийг олборлогчид бүгд мэддэг ч "мөнгө цагаан, нүд улаан" шүү дээ. Эс бөгөөс бүх хүчин чармайлт бүтэлгүй баахан статистик болоод дуусаж болзошгүй. 

Улс орнуудын туршлагаас харахад АМНАТ бууруулахаас гадна эрүүгийн хууль чангалах замаар бас тэмцдэг бололтой юм. Манайх олон талаас нь бодож, бүх зохицуулалтаа хийсний дараа "Алт III"-аа хөдөлгөх нь зөв гэж бодно. Эс бөгөөс олон уурхай нээгдсэн ч тушаалт нэмэгдэхгүй байх эрсдэл бий. Олборлосон алтыг Төв банкиндаа тушаалгах нь бидний гол зорилго шүү дээ. 

Zuv.mn энэ удаад Азийн алтны хар зах зээл, улс орнуудын оролцоо, нөхцөл байдлын талаар мэдээлэл бэлтгэн хүргэж байна.  

Төв банкууд алт худалдахаа больж, худалдан авах болжээ   

Алтны статистик хамгийн барьцгүй. “Дэлхийн хамгийн их алтны нөөцтэй улс бол АНУ. Төв банк нь 8000 тонн алтны нөөцтэй” гэх мэт мэдээлэл байдаг ч үнэн хэрэгтээ ямар ч нөөцгүй ч байж мэднэ гэх. Үнэхээр ч алт гэдэг металлтай холбоотой мэдээлэл нууцын нууц зэрэглэлд багтдаг, албан ёсны статистик мэдээлэл нь “Мөсөн уулын орой” ч байж мэдэх, далд зах зээл гүнтэй байдаг аж.

Одоогоос 10 гаруй жилийн өмнө дэлхийн улсуудын Төв банкууд бүгд алт зардаг байв. 2010 оноос энэ байдал өөрчлөгдөж, бараг бүгд цэвэр худалдан авагч болж хувирчээ.

 Төв банкууд хуримтлалаа улам нэмэгдүүлэхийг л хичээж, өр ширэнд баригдсан, ядуу буурай улсын Төв банкууд л алтаа худалдаж байна. Үүнтэй холбоотойгоор алтны үнэ өсөж, хууль бус олборлолт, худалдаа эрчээ авчээ. Дэлхийн улс орнууд энэ байдалтай тэмцэхээр АМНАТ, татвараа багасгаж байгаа ч олигтой үр дүнд хүрэхгүй байна.

Алтны хууль бус зах зээл дээр хамгийн амжилттай тоглож байгаа улс нь БНХАУ гэсэн мэдээлэл барууны хэвлэл мэдээллээр нэг бус удаа гарч байв.

БНХАУ-ын санд орж байгаа алтны багагүй хэсэг нь Зүүн өмнөд Азийн орнуудад хууль бусаар олборлогдсон байх өндөр магадлалтай аж. БНХАУ 14 улстай хиллэдэг. Тэдгээр улсад бараг бүгдэд нь алтны хууль бус олборлогчид байдаг, татвар төлөхөөс зайлсхийдэг, бас алтаа БНХАУ руу гаргадгаараа ижилхэн байгаа юм.

Филиппин

Филиппинд гар аргаар олборлогдсон алтны 90 хүртэлх хувь нь алт худалдан авагчдын гараар дамжин буруу замаар ордог гэсэн судалгаа байдаг юм байна. Алт худалдан авагчдын ихэнх нь БНХАУ-ын иргэд байдаг ажээ. Энэ байдлаас болж Филиппин улс үлэмж алдагдал хүлээдэг байна. 

Дэлхийн хамгийн их алт олборлогч 18 орны нэг энэ улс жилд нэг сая шахам унци алт экспортолж, 1.5 тэрбум ам.доллар олдог. Энэ их алтны 56 хувь нь гар аргаар алт олборлодог, жижиг уурхайнуудаас орж ирсэн гэхээр жил бүр хэчнээн их алт хууль бусаар гадагшаа гарч байгааг тооцоолох аргагүй юм. 


Филиппиний Төв банк, Засгийн газар хамтран 2012 оноос алтны худалдаанд ногдуулах татварыг багасгасан нь энэ төрлийн хар зах зээлтэй тэмцэх зорилготой байжээ. Гэвч долоон хувийн татвар нь хилийн чанад руу хууль бусаар гарах алтны урсгалыг тогтоож хүчрээгүй байна.

Жижиг уурхайнуудын хамтын ажиллагааны байгууллагын бичиг хэргийн ажилтан Рекс Банггаван гэгч “Ройтерс” агентлагийн сурвалжлагчид өгсөн мэдээлэлдээ “Жижиг уурхайд олборлогдсон бараг бүх алт хар зах дээр гардаг. Учир нь тэнд татвар гэж юм байдаггүй юм” хэмээн ярьж байжээ.

Алт худалдан авах, худалдах үйл ажиллагааны ихэнх нь нутгийн хойд хэсэгт орших Багио хотод явагддаг. Үүний дараа худалдаа “автоматаар” хууль ёсны болдог ажээ. Компостела мужийн захирагч Артур Уй хууль бус наймаачдын ихэнх нь Хонконгоос ирдгийг дурдаад, гар аргаар олборлосон алтны бараг 90 хувь нь хууль бус наймаачдын гараар ордог гэдэг мэдээллийг өгсөн юм. Рекс Банггаван, Артур Уй нар хоёулаа 90 хувь гэдэгт санал нэгдэж байгаа нь сонирхол татна. 

Бичил уурхайчдын гол бүс нутаг болох Дивата ууланд байх уурхайнуудын дөрөвний нэг нь хятад буюу хятад гаралтэй эздийн мэдэлд байдаг гэнэ. Үр дүнд нь Филиппиний жижиг уурхай, гар аргаар алт олборлогчдоос Төв банкинд тушаасан алтны хэмжээ жилээс жилд уруудсаар байна.

 Филиппин улсыг заримдаа “1000 арлын улс” гэж нэрлэдэг. Үнэхээр ч тус улс 7100 арлаас бүрддэг бөгөөд тус бүрдээ ямар ашигт малтмал байдгийг бүрэн тогтоогоогүй учир хянахад тун бэрх гэнэ. 

Пакистан

Алтны хар зах зээлийн хамгийн том нь Энэтхэг, Пакистан, Перуд байдаг гэсэн мэдээлэл бий. Пакистаны хувьд алт цуглуулах том амбийцтай боловч хууль бус олборлолт, худалдаанаас болоод газар нутаг дээрээсээ их хэмжээний алтаа гадагш алдаж байгаа улс. Ерөнхийлөгч Ариф Алви нь өнгөрсөн долоо хоногт хууль, хяналтын байгууллагууддаа хандаж, Алтны хууль бус олборлолт, худалдаатай тэмцэхэд онцгой хүчин чармайлт гаргахыг уриалахад хүрчээ. Тэрхүү уриалгад “Алт, үнэт чулууны хууль бус худалдаанаас болоод улсад тэрбум ам.доллараар хэмжигдэх хохирол учирч байгаа” талаар дурдсан нь эндээс гардаг алт ямар их болохыг харуулж байгаа юм.

ОХУ

Оросууд өөрсдөө алтны хамгийн том худалдан авагч. Өнгөрсөн 10 гаруй жилд нөөцөө хамгийн ихээр нэмсэн. Гэсэн ч алтаа гадагш алдсаар. Тус улсын Алс Дорнодод гар аргаар олборлогдсон алт бараг 100 хувь БНХАУ руу гардаг байна. БНХАУ-ын иргэд Благовещенскийн боомтоор алт гаргах гэж байгаад баригдсан тохиолдол байнга гардаг. Ийм аргаар маш их хэмжээний баялгаа алдаж байгаа тул алтны хууль бус хайгуул, олборлолт, худалдаа хийсэн этгээдүүдэд ногдуулах шийтгэлээ чангалж, маш бага хэмжээтэй байлаа ч хувь хүнийг 750 000-1 сая рублиар торгох хууль баталжээ. 

Мьянмар 

Хамгийн том хоёр худалдан авагч Энэтхэг, Хятадын аль, алинтай нь хиллэдэг тул хууль бус олборлолт, худалдаа хэрээс хэтэрсэн. Хууль бусаар олборлогдсон алтны ихэнхийг Энэтхэг рүү гаргадаг гэсэн мэдээлэл бий. Харин БНХАУ-ын хувьд зөвхөн худалдаж авах биш, нутагт нь орж ирээд хууль бус олборлолт хийдэг байна. Төрөөс тодорхой давтамжтайгаар шалгалт хийж, хүнд механизмуудыг нь хураадаг ч зогсоож чаддаггүй ажээ. 

Казахстан 

Казахстаны хувьд алт, үнэт эдлэлийг Узбекстан руу алддаг бол БНХАУ руу баяжмал хэлбэрээр гаргадаг байна. Тус улсын Хууль зүйн яамнаас гаргасан мэдээлэлд жилд 500 кг алт гадагш алддаг гэнэ. Хууль бус наймаачид өндөр хувийн алтны агууламжтай (Нэг тонн шороонд нэг кг алт) шороог кварцит, пирит гэх мэт өөр ашигт малтмалын баяжмал гэж хуурамч бичиг баримт бүрдүүлдэг байна.

Алтны хууль бус наймаатай тэмцэх арга зөөлнөөс хатуу болж өөрчлөгдөж байна

Алтны хууль бус наймаа хөгжиж буй орнуудад жинхэнэ утгаараа “цэцэглэдэг” юм байна. Төр засгийн зүгээс худалдааны татвар, нөөц ашигласны төлбөрийг бууруулах зэрэг зөөлөн арга хэрэглэж үзсэн ч аль ч улсад төдийлөн үр дүнд хүрээгүй аж. Тиймээс сүүлийн үед хариуцлага, шийтгэлийг чангатгах тал дээр илүү анхаарал хандуулах болсон байна. 

Канад, Сьерра Леон улс энэ хууль бус үзэгдлийг багасгахын тулд алтны худалдааны татварыг бараг хоёр дахин багасгах шийдвэр гаргаад хэрэгжүүлж буй бол Буркина Фасод гар аргаар олборлогдсон алтны бараг 60 хувь нь хууль бусаар гадагш гардаг гэдгийг албаны хүмүүс нь зөвшөөрдөг аж.

Монгол

Монголын “Ногоон түмпэн үүрсэн нинжа” нар ч Хятадын өсөн нэмэгдэж буй алтны хэрэгцээг хангалцдаг. Монголын алт олборлогчид Филиппиний адилаар олсон бүх алтаа Төв банкиндаа тушаах ёстой байдаг ч роялти болон бусад татвар төлдөг нь тэднийг хууль бус наймаачид руу зүглэхэд хүргэдэг байна. 

БНХАУ руу алт оруулахад Монголбанкны албан ёсны ханшаас өндөр үнээр худалдаж авдаг нь ийнхүү алт хууль бусаар гарах сэдлийг төрүүлдэг байна. Мөн Ашигт малтмалын газраас жижиг уурхайнуудын нөөцийг нэмэгдүүлэн батлахдаа хойрго ханддаг нь алтны олборлолтоо нуух, дарж мэдээлэх шалтгаан болдог гэх. 

Дэлхий дээр хууль бусаар олборлогдсон алтны ихэнхийг Швейцарьт “угаадаг” гэсэн мэдээлэл бий. Тэгвэл сүүлийн үед энэ байдал өөрчлөгдөж, Швейцариас илүү БНХАУ жин дарж эхэлсэн байх магадлал өндөр байна. 

Учир нь, Швейцарь улс чухамхүү БНХАУ-ын энэ жин нөлөөг багасгахын тулд алтны хууль бус олборлолт, худалдааг багасгаж, бичил уурхайг нээлттэй болгох чиглэлээр олон улсад төсөл хэрэгжүүлж буй. Манай улсад ч хэрэгжүүлсэн. Энэ нь Монголд олборлогдсон алтны ихэнх нь БНХАУ руу гардгийн бас нэг шинж тэмдэг юм.

Алтны нөөц багасч байна


Сүүлийн үед алтны нөөц багасч байгаа ч үүний хэрээр үнэ нь нэмэгдсэн учир уурхайчдын хувьд онцын нөлөө үзүүлдэггүй байна. “1980 онд нэг шуудай шорооноос 5-10 грамм алт гардаг байлаа. Гэсэн ч граммын үнэ нь ердөө 160 песо (3.82 ам.доллар) байсан учраас орлого гээд байх юм тун бага байсан.

Одоо бол шорооноос гарах алт багассан, гэхдээ үнэ нь тун өндөр болсон шүү” гэж Филиппиний 51 настай уурхайчин ярьсан нь “Ройтерс” агентлагийн мэдээлэлд үлдсэн байна. Газрын гүн рүү шурган орсон хонгилд динамит тэсэлж алттай шороо гаргаж авна гэдэг маш хүнд хүчир ажил. 

Гэвч уурхайчид ажлаа хийсээр, тэндээс гарсан алт БНХАУ руу урссаар л байгаа юм. БНХАУ-ын иргэд сүүлийн үед Африк болон бусад оронд хууль бусаар алт худалдаж авах, олборлох нь эрс нэмэгдэж байна. Гана улсад энэ байдал сүүлийн үед тод мэдрэгдэх болжээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна