Ираны нийслэл Тегеран хот ундны усны хомсдолоос болж, өргөжин хөгжих ямар ч боломжгүй болжээ. Хотын ундны усны хэрэгцээг хангадаг далангууд хоосорч, хэрэглээний хязгаарлалтыг байнга хийх болсон байна.
Хотын ундны усны дөрөвний нэгийг хангадаг Каражийн далангийн дүүргэлт ердөө 8%-тай, зарим газарт усны хязгаарлалт эхэлсэн ч цоргоноос гарах урсгал буурч, шөнөдөө бүтэн тасардаг болжээ.
Ерөнхийлөгч Масуд Пезешкиан нь нэгэн цагт Венесуэлийн Ерөнхийлөгч Уго Чавес иргэдэдээ уриалдаг байсан шиг усыг арвич хямгатай хэрэглэхийг иргэдэдээ уриалж, эс тэгвээс хотыг бүхэлд нь, эсвэл хэсэгчлэн нүүлгэн шилжүүлэх шаардлагатай болох талаар сануулж байна. Угаас ундны усгүй болбол хүмүүс өөрсдөө хотыг орхиж явах нь тов тодорхой юм. Товчхондоо Ираны нийслэл "тэг өдөр" буюу ус дуусч, цорго ширгэх өдрийг хүлээсэн байдалд байна.
Өдгөөгөөс найман жилийн өмнө ӨАБНУ-ын нийслэл Кейптаун хот мөн яг ийм байдалд орж, дэлхий нийтийг цочирдуулж байв. Орон нутгийн захиргаа хотын иргэддээ энэ талаар хангалттай ухуулга сурталчилгаа хийдэг учир кейптаунчууд хэмнэлтийн горимдоо ль хэдийнэ дассан байна. Харин гаднаас ирж байгаа жуулчид хайран усыг нь хамаагүй хэрэглэчих гээд байдаг учир усаа ариг гамтай хэрэглэхийг сануулсан анхааруулгыг хаа сайгүй хаджээ. Кейптаун хот ундны усны хомсдолд орсон учраас цаашдаа өргөжих ямар ч боломжгүй гэдгийг мэргэжилтнүүд хүлээн зөвшөөрчээ.
ӨАБНУ-ын нийслэлийн ундны усыг хангадаг далангийн усны түвшинг мэдээлэх нь тогтмол болж, ихдээ 80 хувийн дүүргэлттэй байгаа гэсэн мэдээ гарч буй бол Ираны нийслэл Тегеран бүр ч хүнд байдалтайгаар анхаарлын төвд орж ирж байна.
НҮБ-аас 2010 гаргасан илтгэлд ундны усны хомсдолыг “2025 оноос эхлэнэ” гэж тооцсон байсан билээ. Гэвч ердөө нэг жилийн дараа Номхон далайд орших арлын улсууд ундны усны нөөцгүй болсноо зарлаж эхэлсэн байдаг. Шинэ Зеландын ойролцоо орших Тувалу, Токелау хэмээх хоёр улс 2011 оны аравдугаар сард, Токелау улс ундны усны хомсдлоос үүдэн онцгой байдал зарласан юм. ийнхнүү арал улсаар эхэлсэн ундны усны хямрал цаашдаа томоохон хотуудаар үргэлжилж, хотууд эзгүйдэх төлөв ажиглагдаж байна.
Манай дэлхийн гадаргуугийн 70 хувийг ус эзэлдэг ч ууж болохуйц цэнгэг ус нь дөнгөж 2,5 хувийг эзэлдэг. Гэвч үүний ихэнх нь мөс, цас хэлбэрээр оршиж 0,25 хувь нь л шууд ашиглах боломжтой байдалд байдаг юм. 2016 онд НҮБ-аас гаргасан илтгэлд одоо дэлхийн нийт хүн амын 40 хувь нь ундны усаар гачигдан амь зууж байгаа гэсэн тоо баримт дурдагдсан байсан бол 2025 онд 2/3 хувь нь ийм байдалд орно гэсэн судалгаа гаргасныг өгүүллийн эхэнд дурдсан билээ.

Тегераны ундны усны хэрэгцээг хангадаг Амир Кабирын далангийн байдал, 2025 оны зургадугаар сар.
Усны хомсдол, түүнээс үүдэн гарах хүндрэл бэрхшээлүүдийг аль хэдийнэ амсаад эхэлсэн Бразил, Энэтхэг, Хятад, ӨАБНУ гэсэн дөрвөн оронд явуулсан судалгаагаар, зохих арга хэмжээ авсан нөхцөлд эдгээр орон 2030 он хүртэл усны хэрэгцээгээ хангахад жилд нийтдээ тус бүр 19 тэрбум ам. доллар, өөрөөр хэлбэл тэдгээрийн хүлээгдэж буй дотоодын нийт бүтээгдэхүүний тус бүр 0,06 хувийг зарцуулах тооцоо гарч байгаа юм.
Хэрвээ ундны усны хэрэглээг дорвитой бууруулахгүй, харин "Нийлүүлэлтийн салбарын уламжлалт арга хэмжээгээр" л хязгаарлах юм бол, дөрөв дахин их зардал буюу жилд 200 тэрбум хүртэл ам. доллар шаардагдана гэдгийг илтгэл зохиогчид анхааруулж байна.
Төв Азийн хуурай, сэрүүн бүс нутагт оршдог манай улсын хувьд ч энэ гамшиг нөлөөгөө үзүүлээд эхэлчихсэн билээ. Тодорхой давтамжийн дагуу гардаг гэдэсний хижиг, булчин задрах тахал зэрэг өвчний дэгдэлт үүний нотолгоо юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна