-Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-ын ялах, бусдынх нь “шантаажлах” тактик байж болзошгүй "Эмэгтэй нэр дэвшигч"-
Монгол Улсад Ерөнхийлөгчийг сонгох ээлжит ес дэхь удаагийн сонгууль ирэх жил болно. Сонгууль болтол хэдий жил хүрэхгүйн зай байгаа ч намууд дотор сонгуульд хэнийг сойх тухай яригдаад эхэлчихсэн төдийгүй, МАН, АН-ын дотоод зодооны том шалтгааны нэг байсан нь тодорхой болсон.
Эрх баригч МАН-ын хувьд ерөнхийлөгчийн сонгуульд ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаярыг сойх магадлал хамгийн өндөр гэсэн яриатай байгаа ч эцсийн мөчид эмэгтэй нэр дэвшигч тодруулж гэнэтийн бэлэг барих магадлал байгаа гэдэг “бор шувуу” ордон хавиас ниссээр бас ч гэж багагүй хугацаа өнгөрч буй. Өөрөөр хэлбэл, Г.Занданшатар, Ж.Энхбаярыг хаяж өгч байгаад Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийг түлхэнэ гэж буй.
Монгол Улс өмнө нь найман удаа Ерөнхийлөгчийн сонгууль зохион байгуулахад нэг л эмэгтэй нэр дэвшиж байсан түүхтэй. 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуульд МАХН-аас Эрүүл мэндийн сайд асан Н.Удвал нэр дэвшиж, 6.5 хувийн санал авч байв. Хэдий бага санал авсан ч тэрбээр МАХН-аас дэвшсэн гэдэг утгаараа МАН-аас нэр дэвшсэн Б.Бат-Эрдэнийн саналаас илүү зулгааж, Ц.Элбэгдорж 50.23 хувийн саналаар чүү ай гэж улиран сонгогдож байлаа. Н.Энхбаярын МАХН МАН-д үнэтэй болсны нэг шалтгаан энэ байсан.
Тэгвэл МАН эмэгтэй дэвшигч тодруулж магадгүй сургаар Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэх эрхтэй буюу Парламентад суудалтай намууд эхнээсээ эмэгтэй хүн нэр дэвшүүлэх талаар ил ярьж эхэллээ.
Тухайлбал, ИЗНН-ын дарга асан С.Оюун намаасаа Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх санал хүлээж авчээ. Тэрбээр Иргэний зориг намыг байгуулснаасаа хойш Парламентад гурав дахь хүчний үүрэг гүйцэтгэж ирсэн бөгөөд Парламентын сонгуульд цөөн хүн нэр дэвшүүлээд суудал авч, ганц, хоёрхон суудалтай ч Засгийн газарт ч багтаж дөнгөдөг зангарагтай улстөрч байсныг монголчууд санаж байгаа байх.
Энэ итгэлийг хүлээхэд ах Санжаасүрэнгийн Зоригийн нэр хүнд том түлхэц болсон. Ерөнхийлөгчийн сонгуульд ч түшиг болох нь мэдээж. “Би Ерөнхийлөгч болбол ахынхаа хэргийг илрүүлнэ” гэхэд монголчуудын үзүүлэх хариу үйлдлийг таах аргагүй. Тэр тохиолдолд С.Зоригийн хэрэг Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө илэрчих ч магадлал бий.
Гэхдээ мань Б.Батбаатарын хувьд үнэхээр намаасаа Ерөнхийлөгч төрүүлэх гэхээсээ илүү МАН-д “үнэд орох” зорилгоор С.Оюуныг шидэж байж ч мэднэ. Нам дотроо хавчигдаж, намын нөхөр нь АТГ-д шалгуулах хэмжээнд хүртлээ доройтож яваа тэрбээр ийм мэдэгдлээр ямар нэгэн байдлаар ашигтай байдал үүсгэхийг хүссэн ч байж мэднэ. Ойр шадар хүмүүс худал баримтаар нэгнээ шалгуулна гэж бараг л байхгүй.
Харин, үнэхээр С.Оюуныг нэр дэвшүүлчих юм бол байдал өөр болох нь мэдээж хэрэг.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна