Бангладеш улсад өнөөдөр Парламентын сонгууль болон Үндсэн хуулийн өөрчлөлтийн талаарх бүх нийтийн санал асуулга нэгэн зэрэг болж байна. Ерөнхий сайд Шейх Хасинагийн Авами лиг ээлжит ялалтаа байгуулж Засгийн эрхийг авснаас хойш 15 жил, Z үеийнхэн буюу залуус бослого гаргаж Шейх Хасинаг Энэтхэг рүү зугтаалгаснаас хойш жил хагасын дараа болж буй анхны сонгуульд 50 гаруй нам эвслийн 2000 гаруй нэр дэвшигч парламентын 350 суудлын төлөө өрсөлдөж байна. Сонгогчдын нэрсийн жагсаалтад бичигдсэн 127,711,899 сонгогч 42,000 хэсгийн хороонд саналаа өгнө.
Сонгуультай нэгэн зэрэг Үндсэн хуулийг өөрчлөх эсэх бүх нийтийн санал асуулга болно. Санал асуулгаар Шейх Хасинаг түлхэн унагасны дараа сөрөг хүчний намуудын боловсруулж гарын үсэг зурсан “Долдугаар сарын дүрэм” /Шейх Хасинагийн засаглал унасан 2024 оны долдугаар сард баталсан тул ингэж нэршжээ/-д заасан улс төрийн системийн эрс шинэчлэлийг хүлээн зөвшөөрөх эсэх асуудал багтаж буй.
Тодруулбал, нийт дөрвөн асуулттай ч хамнгийн чухал нь пропорциональ системээр сонгогдсон тус бүр 100 гишүүнтэй хоёр танхимтай Парламент байгуулах эсэх асуудал. Санал асуулгын дүн хэрхэн гарахаас үл хамаараад, сонгуульд ялсан улс төрийн намууд мөнхүү Долдугаар сарын дүрэм”-д заасан 30 зүйл бүхий улс төрийн зөвшилцлийг хэрэгжүүлэх үүрэг хүлээх ба үүнд Парламент дахь эмэгтэй гишүүдийн тоог нэмэгдүүлэх, Дэд ерөнхийлөгч болон Парламент дахь Байнгын хороодын дарга нарыг сөрөг хүчнээс томилох, Ерөнхий сайдын эрх мэдлийг хязгаарлаж, Ерөнхийлөгчийнхийг нэмэгдүүлэх, шүүхийн бие даасан, хараат байдлыг баталгаажуулах, орон нутагт эрх мэдэл олгох зэрэг асуудлууд багтаж байгаа юм.
Энэтхэг рүү зугтан гарсан Ерөнхий сайд асан Шейх Хасина сонгууль болж буйтай холбоотойгоор “Шархаа эдгээж, эвлэрэлд хүрэхийн тулд Бангладешд чөлөөт, шударга, хүртээмжтэй сонгууль хэрэгтэй” гэж мэдэгдсэн байна.
Шейх Хасина нь 1971 онд аав Шейх Мужибур Рахманы хамт хөдөлгөөн байгуулж тэмцэн улсаа Пакистанаас тусгаар тогтнуулсан бөгөөд Авами лиг намаараа төрийн эрхийг халаагүй барьж байгаад 2024 оны долдугаар сард залуусын бослогоор түлхэгдэн унасан юм. Бослогын дараа Авами намыг татан буулгаагүй боловч үйл ажиллагаа явуулахыг нь хуулиар хориглосон тул энэ удаагийн сонгуульд оролцоогүй юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна