Дундговь аймгийн Засаг даргын Тамгын газар, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төв, Монголын хараагүйчүүдийн Үндэсний холбоо, Ариун бичээс нийгэмлэг, Монгол кемпус крусэйд фор крайст төрийн бус байгууллага, Монголын хараагүйчүүдийн үндэсний холбооны Дундговь аймаг дахь салбар зөвлөл хамтран “Брайл цонх” төслийг хэрэгжүүллээ.

Өнөөдөр төслийн хаалтын үйл ажиллагаанд аймгийн Засаг дарга С.Мөнхчулуун, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвийн дарга Ц.Сувдантуяа, Ариун бичээс нийгэмлэгийн захирал Б.Баярмагнай, Монгол кемпус крусэйд фор крайст төрийн бус байгууллагын дарга Б.Батчулуун нар оролцов.

Брайл цонх төслийн хүрээнд харааны бэрхшээлтэй 12 иргэн, Дундговь аймгийн 33 хэлтэс, агентлагийн 52 төрийн албан хаагчийг брайл үсгийн анхан шатны сургалтад хамруулж, сургагч багшийн эрх авч гэрчилгээ гардан авлаа. Энэхүү сургалтыг орон нутагт зохион байгуулснаар харааны бэрхшээлтэй иргэд төрийн байгууллагаар үйлчлүүлэхэд хүртээмжийг нэмэгдүүлэх, тэгш боломжийг бүрдүүлэхэд чухал ач холбогдолтой юм. Цаашид брайл цонх төслийн хүрээнд дараагийн 2, 3-р шатны сургалт зохион байгуулна.

Мөн энэ үеэр “Стрессээ хэрхэн удирдах вэ?” сургалтыг Анагаах ухааны магистр, лектор Б.Санчир, “Би хэн бэ?” сэдэвт сургалтыг Монгол кемпус крусэйд фор крайст төрийн бус байгууллагын дарга Б.Батчулуун нар 70 гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон төрийн албан хаагчдад хийлээ.

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна