Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишүүн орнууд хоорондын худалдааны түр хэлэлцээрийг УИХ өнгөрсөн арванхоёрдугаар сарын 12-ны өдөр соёрхон баталсан билээ.
Одоо уг хэлэлцээрийг Евразийн эдийн засгийн холбооны гишүүн улсууд Парламентаараа соёрхон батлах үйл явц үргэлжилж байгаа бөгөөд өнөөдөр Сенат соёрхон баталснаар Казахстан улсад энэ үйл явц дуусаж байна. Уг хэлэлцээрийг өмнө нь Казахстаны Мажилис баталж, Ерөнхийлөгч К.Токаев өчигдөр гарын үсэг зурж баталгаажуулсан юм.
Монгол Улс Евразийн эдийн засгийн холбоотой Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулснаар малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнээ эдийн засгийн эргэлтэд оруулна гэж найдаж байгаа бөгөөд эргүүлээд өртөг шингэсэн 367 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн, тэр дундаа хүнсний бүтээгдэхүүнийг татваргүй нэвтрүүлэх үүрэг хүлээж буй.
Хэлэлцээрт нэгдсэнээр ДНБ-ий өсөлтөд нөлөөлж шалихгүй боловч /нэмэх 0.02 хувь/ хөрөнгө оруулалт 2.57 хувь, ЕАЭЗХ руу хийх экспорт 24.1 хувь өсөх боломжтой гэдэгт судалгааны дүн гарсан. Хөгжүүлэх шаардлагатай салбараа босгоно гэдэг утгаараа УИХ хүлээн авч, соёрхон баталсан билээ.
Хэлэлцээрийг харилцан зөвшөөрөх үйл явцыг дуусгасан Казахстан улсын хувьд Монгол Улстай 2025 онд 133.5 сая ам.долларын худалдаа хийсэн. Үүний 123 сая ам.долларын бүтээгдэхүүнийг Монголд зарсан үзүүлэлттэй байгаа. Хэлэлцээр хэрэгжсэнээр энэ дүн Монгол талдаа ашигтай болж, 120 сая гаруй ам.доллараар нэмэгдэнэ гэсэн хүлээлттэй байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна